sonin.mn

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, “Монгол генерал төв” ТББ, Завхан аймгийн нутгийн зөвлөл, Үндэсний тагнуулын академиас хамтран “Б.Дорж-Төр, нийгэм, цэрэг, дипломат албаны нэрт зүтгэлтэн” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал саяхан боллоо.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ГХЯ-ны Дипломатын академийн захирал, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, доктор Х.Бэхбат, Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор, хошууч генерал Д.Мягмар, “Батын Дорж” сангийн тэргүүн Ц.Мянган нарын судлаач эрдэмтэд, Монгол Улсын батлан хамгаалах салбарын үйлс зорилго нэгтнүүд нь оролцож, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг агуу их ялалтаараа даян дэлхийд дархлан тунхагласан эрэлхэг дайчин ахмад үеийн маань нэгэн төлөөлөгч, эдүгээ мэндэлснийх нь 100 насны сүүдэр тохиож буй Монгол Улсын баатар, армийн генерал Батын Доржийн амьдрал, зан чанар, ажил албандаа эзэн байсан талаарх бүхий л чиглэлээр хийсэн судалгааныажлынхаа үр дүнг хэлэлцэж байгаа билээ.

Тэрбээр Монгол Улсын Батлан хамгаалах буюу Цэргийн яам болон Нийгмийг аюулаас хамгаалах яамдын сайдаар тус бүр хоёр удаа, Хилийн цэргийн дарга буюу командлагчаар мөн хоёр удаа, мөн гадаадын гурван оронд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, БНМАУ-ын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын анхны 11 генералын нэг төдийгүй манай улсын түүхэнд армийн генерал цол бөгөөд цэргийн эрдэм ухаан, авьяас чадлаараа товойн гарч эрин цаг үеэ тэргүүлэгсдийн нэгэн, ХХ зууны Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, дипломатч байлаа.

Бид Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-өөд онд баруун ба баруун өмнөд хил хязгаарын аюулгүй байдлыг хангах, дайны дараах бүтээн байгуулалт зэрэг хүнд он жилүүдэд Монгол Улсын баатар, армийн генерал Б.Доржийн нөр их хөдөлмөр зүтгэлийг бахархан дурсаж, түүний гавьяат зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх учиртай.

Дэлхий дахины болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал хүнд хэцүү болсон үед цэрэг, армийн өмнө тулгамдаж байсан амин чухал асуудлуудыг шийдвэрлэх ажлыг гардан зохион байгуулах онц чухал хариуцлагатай үүргийг генерал Б.Дорж амжилттай гүйцэтгэж байсныг түүхэн баримтууд нотолдог.

Б.Дорж нь байлдагчаас армийн генерал, ажилчнаас Монгол Улсын сайд, нэрт дипломатч болтлоо өсч дэвжих, ажиллаж хөдөлмөрлөхийнөрнүүн түүхтэй ХХ зууны Монголын төр, цэрэг, нийгмийн гарамгай зүтгэлтнүүдийн нэгюм.

Монгол төрийн түшиг болж, эх орон ард түмнийхээ төлөө амь насаа үл хайрлан зүтгэж мөнх дуурсагдах гавьяа байгуулсан ахмад үе, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтнүүдийнхээ алдар гавьяаг зөвхөн дурсах төдий бус, тэдний үйл ажиллагаанд шинжлэх ухааны үүднээс нарийвчилсан судалгаа хийж, сургамж, туршлагаас нь суралцах, тэдний үлгэр дууриалаар залуу үеийг сурган хүмүүжүүлж, эх оронч үзэл төлөвшүүлэх нь өнөөгийн бидэнд ногдож буй түүхэн үүрэг даалгавар гэж болно.