sonin.mn

БШУ-ны сайд Л.Гантөмөр энэ  сарын 22-25-ны өдрүүдэд  Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр сайд Л.Гантөмөр Оросын Боловсрол, шинжлэх ухааны сайд Д.В.Ливановтай уулзан, хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны дараах асуудлуудаар санал солилцсон юм.

Тухайлбал, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэх мөн стипенд, хангамжийг нэмэгдүүлэхэд туслах, багш, оюутны орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

ОХУ-ын талаас хүмүүнлэгийн чиглэлийн сургуулиудаас эхлэн энэхүү хөтөлбөрийн хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ   Шинжлэх ухааны  салбарт Монгол судлалын төвүүдийг Монголын талаас дэмжих, Монгол судлалын сангийн санхүүжилтээр Дорно дахины хүрээлэнд нэг аспирантын зардлыг дааж судалгааны ажил хийлгэх, докторын зэрэг хамгаалах сургалтын зардлыг санхүүжүүлэх зэрэгт анхаарч ажиллахаар ярилцжээ.

Түүнчлэн ОХУ-аас  биотехнолои, нанотехнологи, кванто-физик зэрэг чиглэлүүдээр олон улсын хэмжээнд хамтран ажиллахаар төлөвлөсөн мега-төслүүдэд Монголын эрдэмтэн, судлаачдыг оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг  хүслээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр айлчлалын үеэр Боловсрол, шинжлэх ухаан яам, Оросын Холбооны Улсын Суурь судалгааны сан хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.