sonin.mn

"МУИС өнгөрсөн хичээлийн жилд дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жишигт нийцүүлэн бүтцийн томоохон өөрчлөлтийг хийсэн.

Энэхүү өөрчлөлтийн үр дүнд МУИС-ийн оюутнууд өөрсдийн хүсэл сонирхол, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хичээлээ чөлөөтэй сонгон суралцах орчин нөхцлийг бүрдүүлж чадлаа" хэмээн  МУИС-ийн захирал А.Галтбаяр  2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр онцоллоо.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн  нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож МУИС-ийн гаргасан энэ хөтөлбөр шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг онцлоод үүнийг боловсруулсан  багш судлаачдад амжилт хүссэн юм. Тэрбээр оюутнуудад хандаж "Хөтөлбөр шинэчлэгдснээр хамгийн гол нь оюутан та бүхэн  сонголттой болж байгаа юм. Та бүхэн хичээлээ сонгоно, хөтөлбөрөө сонгоно, багшаа сонгоно.

Дараа нь  мэргэжлээ сонгоно. Сонголттой болж байгаа нь та бүхэн хариуцлагатай болно гэсэн үг.  Сайн сонголт хийгээд, хариуцлагатай сурч чадах юм бол  Хууль зүйн сургуульд суралцагсад  төгсөөд гарахдаа хуулийн фермтэй, бизнесийн сургууль төгсөгчид компани байгуулаад гарна. Инженерийн сургууль төгсөхдөө шинэ технологи бариад, патент өвөртлөөд гарна гэдэгт би итгэлтэй байна.

Ер нь оюутнууд төгсөөд компанид ажиллах бус компани байгуулж удирдана гэсэн бодолтой суралцах хэрэгтэй. Та нарын өмнө маш их хариуцлага, ачаа байна.  Тийм ч учраас Монголын оюутны холбоо  энэ хичээлийн жилийг "Хариуцлагын жил" гэж зарлаж байгаа. Залуу насыг зугаа цэнгэл мэт ойлгож явсан бидний үеийн алдааг та нар битгий давтаарай.

"Залуу нас гэдэг аливаа зүйл хийхдээ хамгийн чухал үе чинь юм шүү" гэдгийг хүмүүс өнгөрсөн хойно нь ойлгодог нь харамсалтай.  Бидний эхлүүлсэн дээд боловсролын шинэчлэл бол  оюутан бүрийн өмнө хариуцлага, сорилт  нэмэгдүүлж байгаа.

Та бүхэн МУИС-д  өндөр  оноогоор тэнцэж орж ирсэн. Дараа жил та нараас өндөр босго оноотой чадвартай элсэгчид орж ирнэ. Тэр хэрээр өрсөлдөгч олон болох учраас оюутны суралцах үүрэг хариуцлагаа ухамсарлаж  хичээгээрээ" хэмээн захилаа.

Энэ хичээлийн жилд МУИС-д нийт 23,435 оюутан, магистрант, докторант суралцаж, шинээр 3,655 оюутан элсэн орж байгаа бөгөөд нийт элсэгчдийн дундаж оноо 648 болсон нь өмнөх жилүүдээс даруй 36 оноогоор илүү байгаа юм.    

МУИС-ийн захирал хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан жил бүр шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд өөрийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай аж.

Энэ жилийн шагналыг ШУС-ийн БУС-ын профессор В.Адъяасүрэн "Харди Гильберт төрлийн тэнцэтгэл биш ба шугаман операторын тоон мужийн судалгаа" сэдэвт цуврал бүтээлүүдээрээ болон Томос Ройтерсд бүртгэлтэй импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлсэн амжилтаараа хүртэж байгаа юм.

Судалгааны их сургууль болох стратеги зорилтоо хэрэгжүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг судлаачаа дэмжих бодлогынхоо хүрээнд МУИС 2 сая төгрөг дагалддаг тус шагналын санг өнөө жил  жилээс эхлэн  3 сая  төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Мөн энэ үеэр МУИС-д шинээр элссэн Улсын олимпиадад эхний байр эзэлсэн оюутнуудад "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг" гардан авсан юм.