sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. Манай гарагийн хүн амын өсөлт 2050 оноос хойш тогтворгүй байх бөгөөд энэ нь XXI зууны турш үргэлжилнэ гэдэгт НҮБ болон Вашингтоны их сургуулийн эрдэмтэд итгэлтэй байна. Дэлхийн хүн амын тоо 2100 он гэхэд 11 тэрбум болох ёстой бөгөөд энэ нь өмнө тооцоолж байснаас хоёр тэрбумаар олон үзүүлэлт ажээ. Эрдэмтдийн тайланг “Science” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтэлжээ.

Энэ оны долдугаар сард НҮБ-ын танилцуулсан хамгийн сүүлийн статистик мэдээг судлаачид боловсруулсан байна. Дэлхийн хүн амын тоо энэ зууны сүүлч гэхэд 7,2 тэрбумаас 9,6-12,3 тэрбум болж өсөх магадлал 80 хувьтай байгаа аж. Манай гарагийн оршин суугчдын тоо тогтворжиж эсвэл бүр цөөрч эхэлнэ гэдэг таамаг үүнээс өмнө бүр 1990-ээд оноос хойш хүн амзүй судлаачдын дунд давамгайлж байжээ.

Хүн амын тоо Африкт илүү өсөх хандлагатай байна. Тус тивийн оршин суугчдын тоо дөрөв дахин буюу нэгээс дөрвөн тэрбум хүртэл өсөх ажээ. Учир нь хүн амзүй судлаачдын урьдчилан таамаглаж буйгаар, тус тивд төрөлт буурахгүй байна.

Бусад тивд хүн амын өсөлт харьцангуй тогтвортой байх ажээ. Одоо 4,4 тэрбум оршин суугчтай Ази тивийн хүн амын өсөлт оргил үедээ 2050 онд хүрч, харин дараа нь буурч эхэлнэ. Оргил үед тус тивийн хүн амын тоо 5 тэрбум орчим болох аж. Харин Хойд Америк, Европ болон Латин Америкийн оршин суугчдын тоо тив тус бүрд тэрбумаар цөөн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг