sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Саран дээр эсвэл ойролцоох гараг дээр атомын бөмбөг дэлбэлэх боломжийг 1950-аад оны сүүлээр Америкийн цэргийнхэн судалж байжээ.

Сансрын орон зайд стратегийн давуу байдалд хүрэх зорилготой АНУ-ын дээрх болон бусад төлөвлөгөөг Засгийн газрын маш нууц архивт нэвтэрч чадсан Америкийн “Newsweek” сэтгүүлийн сэтгүүлчид олж мэдсэн байна.

Саран дээр атомын бөмбөг дэлбэлэх санааг АНУ-ын Нью-Мексико муж улсад оршдог Агаарын цэргийн хүчний тусгай зэвсэг бүтээх төвийн шинжээчид гаргажээ. Уг ажиллагааны зорилгод шинжлэх ухаан болон улс төрийн шинжийн аль алиныг нь баримталж байв. Америкчууд атомын бөмбөг дэлбэлж “сарны газар хөдлөл” гэж нэрлэдэг манай гарагийн цорын ганц дагуулын гадаргууны хэлбэлзлийг үүсгэхийг хүссэн байна.

“Энэ нь Нарны аймгийн хөгжил болоод сар өөрөө хэрхэн үүссэнийг судлах судалгаанд ихээхэн сонирхол татна” гэж шинжээчдийн танилцуулсан илтгэлд дурджээ.

Өөр зорилго нь ийм зүйлийг АНУ хийх чадалтай гэдгийг дэлхий нийтэд харуулах юм. “Ийм ажиллагаа явуулах нь манай улсын технологийн боломжийг харуулна” гэж баримт бичигт цохон тэмдэглэсэн байна.

Ойролцоогоор мөн энэ үед Саран дээр цэргийн бааз байгуулах санааг Пентагон гаргаж байжээ. Энэ төслийг “Horizon” гэж нэрлэсэн байна. Эхний ээлжинд цэргийн баазыг радарууд болон дэлхий дээрх объектуудыг ажиглах төхөөрөмж байрлуулахад ашиглахаар төлөвлөж байжээ. Ийм томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд 74 пуужин хөөргөх шаардлагатай болсон байна.

12 цэрэг байрлуулж магадгүй байсан баазыг 1966 оны арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөж байжээ. Саран дээр бааз байгуулахад 6 тэрбум доллар шаардлагатай гэж АНУ-ын Батлан хамгаалах яам тооцоолж байсан аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг