sonin.mn

“Эрүүл мэндийн байгууллагын хөгжил, соёл, удирдлагын манлайлал” сэдэвт цахим хурлыг Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын удирдлага хөгжлийн хэлтсээс 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Цахим хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Туяа, ТЗУГ-ын дарга Д.Оюунчимэг, ЭМБУХХ-ийн дарга Д.Оюунцэцэг, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэд захирал У.Цэвэгмид, Нийслэлийн эрүүл мэндийн газар, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцож, эрүүл мэндийн байгууллагын хөгжил, соёл, удирдлагын манлайллын чиглэлээр хийж буй ажил, тулгамдсан асуудал, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар товч илтгэл тавилаа.

Энэхүү цахим хурал нь Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, хөгжлийн шилдэг арга барил, санаачлага, үйл ажиллагааг сурталчлах, харилцан туршлага судлах үр дүнтэй арга хэмжээ боллоо. Зарим аймгийн хийсэн онцлог ажлуудаас дурьдвал:

Нийслэлийн эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн үйлчилгээн дэх авилгын нөхцөл байдлын судалгаа хийсэн.

Завхан аймаг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 10 хүртэлх хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар сумдын Засаг даргатай аймгийн Засаг дарга гэрээ байгуулан ажилласан бөгөөд эмч ажилчдын тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг болохуйц олон арга хэмжээг авчээ.

Булган аймаг нь “Эрүүл чийрэг Булганчууд” зорилтын хүрээнд 41 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд байгууллагын ил тод байдал, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах талаар санаачлагатай ажиллаж, Төрийн албаны загвар газар болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Дорнод аймаг нь 2014 онд аймгийн ЭМ-ийн салбарын 11 байгууллагад байгууллагын соёл, удирдлагын манлайллын талаар судалгаа хийж, судалгаанд үндэслэн цаашид хийх ажлаа төлөвлөн ажиллаж байна.

Говьсүмбэр аймаг нь Байгууллагын хөгжил, соёл, удирдлагын манлайллыг төлөвшүүлэхэд хувь хүний, багийн буюу бүлгийн, байгууллагын түвшинд ажиллаж байна.

Архангай аймаг нь Байгууллагын оношилгооны аргачлалд үндэслэн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг бүх эрүүл мэндийн байгууллагууд боловсруулан, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэхэд олон талт арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлсэн байна.