sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гардуулах ёслол өчигдөр Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны “Хаан танхим”-д боллоо.

Зарлиг гардуулах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, БОНХ-ийн сайдын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан З.Батжаргал, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж болон албаны бусад хүмүүс, тус салбарын голлох эрдэмтэн судлаач, салбар шинжлэх ухааны байгууллагын ахлах ажилтан, төлөөлөгчид оролцов.

Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж нарт гардуулан өгч зарлигийн хэрэгжилтийг хангах ажил хэрэгт нь амжилт хүсэв.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүн болсон цагаасаа байгаль орчны асуудалд нухацтайгаар анхаарал хандуулсаар ирснийг дурдаад ард иргэд, эрдэмтэн мэргэдийн саналыг тусгаж Уур амьсгалын өөрчлөлтөд ард иргэдийг бэлэн байлгахад чиглэсэн энэхүү зарлигийг гаргасныг онцлов.

Мөн БОНХ-ийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны Асамблейн даргаар томилогдсон хоёр жилийн хугацаандаа дэлхий нийтийн сайн туршлагыг Монгол орондоо нутагшуулах, өөрийнхөө орны сайн туршлагаар бусад орнуудад дорвитой хувь нэмэр оруулахаар зорьж байгаа гэдгийг хэлж зарлигийг хэрэгжүүлэх болон цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэн юм.

Зарлиг гардуулах ёслол өндөрлөсний дараа Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болох тус салбарын голлох эрдэмтэн судлаач, салбар шинжлэх ухааны байгууллагын ахлах ажилтнуудын Ерөнхийлөгчийн зарлигийн талаарх сэтгэгдэл, санал санаачилгыг сонсон, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Асамблейн ээлжит чуулганы өмнө буюу есдүгээр сарын 23-ны өдөр Нью-Йорк хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Төр, засгийн тэргүүн нарын Өндөр дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, дугуй ширээний уулзалтыг даргалах юм.