sonin.mn

XIV Далай ламын Ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ гэх хүн  9 сарын 11-нээс   Монгол улсад айлчилсан.
Үүнтэй зэрэгцэн буюу 9 сарын 14-нд 14-р Далай лам өөрийн Найчүн  Чойжингоор дамжуулж, Монголын сүсэгтнүүдэд тодорхой тайлбар хийсэн юм.


Тэрээр тайлбартаа:
"Далай багш хэдэн жилийн өмнө багш байсан Ёнзон Ринбүчигийн тухай айлдсан байдаг юм. Юу гэвэл Түвдийн ард түмэнд ямархуу сахиус шүтэж, бясалгаж байх талаар Далай багшийн айлдвар бий. Тэрэн дотор Шүгдэн буюу Монголоор бол хүч гэсэн сахиусыг шүтэж болохгүй , яагаад гэвэл энэ сахиусыг шүтэхээр  муу ёрын үр дагавар их гарч байна гэсэн байдаг.  Мөн Ёнзон багшдаа түүний шүтэж байгаа сахиус дотор чөтгөр шүглэсэн байна, болохгүй  гэж анхааруулсан . Гэтэл тэр хүн өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд үгнээс нь зөрж, Шүгдэнгээ шүтээд явсан. Ёнзон бол Энэтхэгт Далай багштай хамт байдаг, ойрынх нь хүн нэгэнт биш болсон. Одоо АНУ-д байдаг хүн.Мөн Далай багшийг АНУ болон Европоор морилох үед түүний үүсгэн байгуулсан төвийнх нь улсууд Далай багшийн эсрэг жагсаал, цуглаан хийж, үг хэлээр доромжилдог. Уг мөн чанартаа  Ёнзонгийн юу шүтэх  эсэх нь өөрийнх нь эрх боловч нэгэнтээ Далай багшаас нүүр буруулсан бол Монгол оронд 14-р Далай ламын багш гэж өөрийгөө зарлаж, сүсэгтэн олныг хуурах нь зохисгүй гэж би бодож байна.  Яагаад гэвэл нэг талдаа Далай багшийн эсрэг бослого гаргадаг хирнээ нөгөө талаараа Монголд  төдий л сайн мэдэхгүй хүмүүст өөрийгөө багш нь гэж ярих нь зүй бус юм." хэмээсэн байв.
Харин энэ залруулгыг Монголын нэр бүхий сүм хийдийнхэн, сүсэгтнүүд тоолгүй Тижан Чогбрүл ринбучэг XIV Далай ламын Ёнзин багш хэмээн зарлаж, өндөр хэмжээнд хүлээн авсан байна.
Тижан Чогбрүл ринбучэ Монголын Үндэсний Аса цирк, Булган аймгийн Вангийн хүрээ, Амарбаясгалант хийд, Чойжин ламын сүм музей зэрэг олон газарт зочилж, сургааль номлол айлдах, шинэ хувилгаанд авшиг хүртээх зэрэг зан үйл хийжээ.



Мөн Тижан ринбуче  14-р Далай ламын хориглосон Шүгдэн сахиусны тухай:
"Монгол орноо IV Богдоос эхлэн Дорж Шүгдэн сахиусны шүтлэг, тахилга их дэлгэрсэн бөгөөд дараа дараагийн Богд нар болон Монголын олон лам дээдэс энэ сахиусыг шүтэж, ном зохиол туурвиж байсан.

Анх Монголын алдарт эрдэмтэн лам Зава Дамдин энэхүү сахиусны Бэүвүм буюу бүх уншлага, номыг эмхэтгэжээ. Монголын олон хийд дацангийн шүтээн байсан юм. Лхалү удмынхан эртнээс Дорж Шүгдэн сахиусыг шүтдэг бөгөөд миний бие болон урд дүрийн Тижан богдын шавь, өглөгийн эзэн тул бид нэгэн сахиустай, багш шавийн холбоотой хүмүүс билээ."
хэмээн өгүүлсэн аж.

Ч.Явуу