sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман, Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа.

Берт Хофман нь Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар саяхан томилогдсон байна. Мөн Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр шинээр томилогдон ирж, ажлаа албан ёсоор аваад удаагүй байна. Энэ талаараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, Монголын хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдав. Мөн эдийн засгаа эрсдлээс хамгаалах дунд хугацааны зохицуулалт хийхээр Монгол Улсын төр, засгаас хүчин чармайлт гарган ажиллаж байна гэлээ.

Эдийн засгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч,  холбогдох хууль, эрх зүйн акт боловсруулан ажиллаж байгааг хэлээд захирал, суурин төлөөлөгч нарын ажилд амжилт хүсэн ерөөв.