sonin.mn
Хаа газар л иймэрхүү хүмүүс цөөн биш байдаг. Яагаад гэвэл тэд үймээн самууны сиймхийгээр ашиг хонжоо олдог. Мэргэд үүнийг “чоно борооноор” гэж тун онож хэлсэн байдаг шүү дээ. Тэр жилийн “долоон сарын нэгэн”-ийг санаж байгаа биз. 
 
Уг нь сонгууль шударга биш боллоо гэх улс төрийн шаардлага тавин тайван жагсаж эхэлсэн ч дээр дурдсан шиг хэсэг хүмүүсийн хатгаасаар үймээн болон даамжирч, цэрэг цагдаа оролцохоос аргагүйд хүрсэн . 
 
Харин тэр сиймхийгээр нөгөө хашрууд МАХН /одоогийн МАН/-ын байран дахь дэлгүүр мухлагаас эхлээд соёлын төв өргөөнд халдаж, архи дарс, эд хөрөнгө юу тааралдсанаа өрсөлдөн хамсан байдаг.
 
Эцсийн үр дүндээ таван сайхан залуу алагдаж, хэдэн зуун иргэд шоронгийн хаалга татах хүртлээ хүндэрсэн дээ. Жирийн иргэд ингэж хохирсон гэсэн үг. Гадна талдаа иймэрхүү л ойлгогдож байлаа. Хэсэг хугацааны дараа МАН-ынхан их засвар хийхээс аргагүйд хүртлээ хохирлоо гэсээр байгаад  хэдэн тэрбум төгрөг улсын төсвөөс гаргуулан шинэчлэгдэж Тусгаар тогтнолын гэх сүрлэг ордонтой болсныг хүн бүр мэднэ. 
 
Цаагуураа албан тушаал, ашиг хонжооны цөөнгүй наймаа явагдсан гэх юм билээ. Жирийн иргэдийн хувьд ямар ашиг гарч юу наалдаж үлдсэнийг мэдэхгүй юм. Хэд гурван хүн УИХ-ын гишүүн болж, зарим нэг нь албан тушаалд томилогдсон байх. 
 
Чухамдаа бол “долоон сарын нэгэн”-ний үймээн 1990 оны жагсаал цуглаанаас тэс өөр агуулга, зорилготой байсан тухай учир мэдэх хүмүүс дүгнэдэг нь санамсаргүй ч хэрэг биш болов уу. Энэ тухай эргэн сануулсны учир нь үймээн самуун бүү давтагдаасай л гэсэн болгоомжлол юм даа.
 
Болгоомжлох болсон нь Засаг төрөө бужигнуулах тухай санаанууд хэвлэл мэдээллээр захиалаад байна уу гэлтэй адилавтар агуулгаар бичигдэж, улмаар  бослого тэмцэлд уриалах маягтай өрнөж буйд санаа зовсных. Хэрүүл уруулгүй амар тайван амьдрахыг хүсэхгүй хэн байхав. 
 
Хүн бүр л цалин тэтгэвэр нэмэгдээсэй, юмны үнэ буугаасай, долларын ханш битгий өсөөсэй, сургалтын төлбөр бага боловч хасагдаасай, эмнэлгүүдийн үйлчилгээ сайжраасай, хүнд суртал устаасай, хотын утаа арилаасай, замын түгжрэл багасаасай гэхчлэн залбирч байгаа нь үнэн. 
 
Хаа газрын жирийн иргэдийн мөнхийн хүсэл ийм л байдаг нь жам ёсных. Энэ хүслийг хэрэгжүүлэхийн төлөө улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, сонгуульд ялсан нь УИХ, Засгийн газраа байгуулаад ажилладаг жишиг дэлхий дахинаа хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, илүү сайн хувилбар өнөөдөртөө олдоогүй болохоор тэр.
 
Мэдээж ямар ч сайн Засгийн газар гарлаа гээд иргэдийн хүсэл, мөрөөдлийг зуун хувь биелүүлж чаддаггүй. Тэр нь хүний хүсэл хязгааргүйтэй холбоотой. Тиймээс иргэд маань төр засгаасаа учиргүй ихийг хүсдэггүй юм. Ялангуяа сайд дарга нарын эдэлж байгаа шиг эрх ямба, олон саяаар тоологдох цалин хөлс, тансаг орд харш, том том жиптэй болох тухай бүр ч дуугардаггүй. 
 
Харин 200 мянгаас хэтэрдэггүй тэтгэвэрээ 300 мянга болгож өгөхийг хөгшид, 500 мянгын цалингаа 600 мянгад хүргэхийг ажилчид , дан бүрээсээ давхарлах боломж олгохыг гэр хорооллынхон, тарьсан тариа, ногоог нь, малынх нь мах сүүг борлуулах боломж бүрдүүлж өгөхийг хөдөөгийнхөн, үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд элдэв ар өврийн хаалгагүйгээр оруулах нөхцөл бүрдүүлж өгөхийг нийт эцэг,  эхчүүд хүсдэг, заримдаа шаарддаг. Итгээд сонгосон төр засгаасаа шаардаж, шахах нь иргэн бүрт Үндсэн Хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал.
 
Иргэдийн дээр дурдсан санал, шаардлагыг хэр зэрэг биелүүлж байгаагаар нь засаг төрийн үйл ажиллагааг үнэлэх бөгөөд дөрвөн жилд нэг удаа явагдах сонгуулиар дүнгээ тавьдаг. 
 
Түүнээс биш Засгийн газрыг огцруулаад оронд нь намайг болго, сайдын суудалд нь манай хамаатныг томилоод өг гэж иргэд хэзээ ч шаарддаггүй. Эсрэгээрээ төр засаг тогтвортой байг, төрийн минь сүлд өршөөг л гэж залбирдаг. Тийм атал хэн Засгийн газраа огцруулж, сайдын сэнтийд залрахыг хүсээд байгааг бодоод үз л дээ. 
 
Хэвлэлүүд бараг нэр заагаад тоочоод байгаа биз дээ. Мэдээж бүгдээрээ  биш л дээ. Ганц нэг сэтгүүлчийг эс тооцвол голдуу л улс төрийн хүрээллийнхэн энэ сэдвээр дагнан тоглож суугаа нь түвэггүй анзаарагдана. Гарын таван хуруунд багтана даа. 
 
Сонин, сайтуудад бичсэнээс багцаалбал Х.Баттулга, З.Энхболд, Р.Амаржаргал гэсхийгээд Ерөнхий сайдын өрсөлдөгч нарыг тоочиж. Хэн хэн нь АН-ын урдаа барьдаг сайн улс төрчид гэдэгтэй маргаад яахав. Ингэж бичээд байгаарай гэж тэд лав өөрсдөө захиалах учиргүй.
 
Харин тэдний нэрээр бамбай хийгээд “сайн хүний нэрийг гурав худалдах” сонирхолтой хэсэг бүлэг буйг дурдах нь илүүц биз. За яахав цаана нь АН МАН хоёр нийлээд “МАНАН” байгуулна ч гэх шиг, эсвэл Н.Энхбаяр ерөнхийд нь үймээн самууныг удирдаж байна, “Алтан гадас” фракцийг унагаавал АН шинэчлэгдэнэ, МоАХ нам болох  энэ тэр гээд хүмүүсийг төөрөгдүүлэх, Мэргэжлийн Засгийн газар, Авралын Засгийн газар мэтчилэн биелэх боломж бараг үгүй санал санаачилга дэвшүүлэн хэн юу гэхийг тоншиж үзэх  янз янзын  “бор шувуунууд” нисэлдэж  л байна. 
 
Алтанхуяг гэгч, англи байтугай орос хэлгүй /Монгол Улсын Ерөнхий сайд монгол хэлтэй байхад л болмоор/, хүргэн мүргэнээ өөд нь татдаг, нүүрс дамалдаг, зөвлөхөө шоронд очиж эргэдэг өө сэвтэй муу нэртэй нөхрийг л аваад хаячихвал “нар баруунаас гарах..” мэт ухуулгад үнэний хувь хичнээн байгаа бол. 
 
Нөгөө талдаа дараагийн Засгийн газрын тэргүүн болох нөхдөд  улс орон, тэр дотроо жирийн иргэн таны дээр дурдсан хүсэлт шаардлагыг биелүүлэх чин хүсэл байна уу, эсвэл өөр сонирхол байна уу гээд асуулт гарч л таарна.
 
“Хар хайрцаг”-ндаа маш сайн төлөвлөгөө, бодлого боловсруулаад Ерөнхий сайд болохоороо гаргаж ирнэ гээд хав дарчихсан байж болох л доо. Аль аль нь Ардчилсан Намын л гишүүд. Үнэхээр тийм лут санаа байгаа бол эдийн засаг хүндэрч буй энэ үед л гаргамаар юм.
 
Патентаа баталгаажуулж аваад шагнал, урамшууллыг нь хүртэнэ л биз. Улс орноо аварсан түүнийг ард түмэн талархан дэмжиж 2016 оны сонгуулиар бүрэн дэмжээд зогсохгүй дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг хэн байг гэхэв. Ингээд эргэцүүлээд байвал олон л эргэлзээ байх шиг. 
 
Товчхондоо бол нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг л санаанд буугаад болохгүй. Магад ч үгүй “Хоёрдугаар ээлж хоолондоо орох болсон” гэж зарим хэвлэлүүд шуудхан бичсэн шиг зорилго голлож байгаа ч юм билүү. Тэр улс төр мөртэй хутгалдсан туршлагатай нөхдөд өөрөөр төсөөлөгддөг байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч Засгийн газар иргэн бүрийн санаанд нийцэж ажиллах нь юу л бол. 
 
Эртний Афины хууль тогтоогч, суут сэтгэгч Солон “ Их хэрэг гүйцэлдүүлж байгаа бол, хүн бүхэнд таалагдаж болохгүй” хэмээн сургасан байдаг. Өөрөөр хэлбэл,  Засгийн газар шүүмжилсэн болгоны үгэнд цочирдон хийж буй том ажлаа зогсоож хэрэггүй гэсэн санаа болов уу. 
 
Тэгээд ч “Аливаа асуудлыг зөв тавибал хариулт заавал олддог” гэсэн мэргэн сургаал бий. Монгол Улс эдийн засгийн хямралд үнэхээр орсон нь үнэн бол гарах гарц олдож л таарна. Биесээ муулахын оронд тэр гарцыг хамтраад хайвал яасан юм. Ардчилсан Намд мөн ч их боломж байна санж. 
 
Ерөнхий сайд ард түмэндээ хандаад үгээ хэлчихлээ. Мундаг сайн хэллээ гэж тал засаад ч яахав. Гэхдээ л нөөц боломжоо дайчлан ажиллах болсныг хүлээн зөвшөөрөөд, эдийн засгийн хэмнэлтийг дээрээсээ эхлүүлэхээ зарлачихлаа. Тэр нь олон бүлэг фракцыг хөдөлгөөнд оруулж, наана цааныг хараад эхлэв бололтой. Байгаа оносон гэсэн үг. 
 
Одоо харин яамдууд эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давах тухайгаа иргэддээ танилцуулах байлгүй. Хоёр, гурван яамыг нэгтгэж, тэр тооны сайдыг цомхотгосноор Ерөнхий сайдын мэдээлсэн ажил дуусахгүй байх хэмээн иргэд хүлээж буй нь ойлгомжтой. Намрын чуулган эхэлтэл хоёрхон долоо хоногийн зай үлдэж. Ажил хийх хүнд бол чамлахааргүй л хугацаа.   
 
Олхонууд ШААБАР