sonin.mn

Эрхэм зочид төлөөлөгчид дөө,

Энэхүү чуулга уулзалтыг санаачилсан Гадаад харилцааны сайд Д.Болд, чуулганд оролцох урилгыг хүлээн авч, эх орондоо саатан хуран чуулж буй нийт төлөөлөгч Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн өнцөг булан бүр өөр өөр соёл иргэншлийн дунд “монгол” гэсэн өнгө төрхөө нэмэн ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэд маань эвлэлдэн нэгдэж, өнөөдөр 70 орчим төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэг, монгол хэлний сургалтын төв, сургууль байгуулан, үйл ажиллагаа явуулж монгол соёл, сэтгэлгээгээ эрхэмлэн хөгжүүлж буйд талархаж байна.

Та бүхний эх орноо гэсэн халуун сэтгэлтэй байдгийн нэгэн тод жишээ нь Британи дахь монголчуудын санаачилсан “Монгол орны хөгжилд” нэртэй форум юм. 2005 оноос хойш жил бүр тасралтгүй явуулж буй энэ форум 10 дахь жилийнхээ арга хэмжээг эх орондоо төрийн байгууллагын санаачилсан чуулга уулзалттай хамтатган зохион байгуулж байгаа нь Та бидний зорьж буй бүтээлч хамтын ажиллагааны сайн эхлэл болж байна.

Энэхүү чуулга уулзалт хилийн чанадад амьдарч буй монгол иргэд, тэднийг нэгтгэсэн холбоо нийгэмлэгтэй харилцаа тогтоох, тэдний дуу хоолойг сонсох, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн түгээхэд онцгой ач холбогдолтой юм.

Гадаадад суугаа монголчуудаа интернэт ертөнцөд нэгтгэсэн хамтран ажиллах зорилгоор 1999 онд анх байгуулагдсан “Цахим өртөө” холбоо эдүгээ цахим ертөнц дэх монголчуудын нэгэн том байгууллага болон бэхжиж, энэхүү чуулганыг төрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа нь төр иргэдийн бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр юм.

Монгол Улсын Их Хурлаас гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг баталгаажуулан эрх сүйн үндэсийг тавиж өгсөнөөр 2012 оны Улсын Их Хурлын Сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцож, Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлсэн нь та бидний хамтын ажиллагааны нэгэн том үр дүн байлаа.

Чуулга уулзалтаас  дэвшүүлсэн санал зөвлөмж нь төрийн бодлогод тусгалаа олж, бүтээлчээр хамтран ажиллах үндэс суурийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

Хилийн чанад дахь иргэдийнхээ дуу хоолой, санаа бодлыг сонсох, үйл ажиллагааг нь төрөөс дэмжих ажлыг шинэ түвшинд гаргахаар зорьж буй чуулга уулзалт, салбар хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсч, оролцогч, төлөөлөгч та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                          Зандаахүүгийн ЭНХБОЛД

Улаанбаатар хот

2014 оны есдүгээр сарын 18-ны өдөр