sonin.mn

Манай улсад 2008 оноос эхлээд ЭХЭМҮТ-д Монгол, Швейцарийн хамтарсан “Нярайн түнхний үений дутуу хөгжлийг эрт илрүүлэх, мултралаас сэргийлэх эмчилгээ” төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн эхний шатанд үндэсний мэргэжилтэнг бэлтгэж ,ЭХЭМҮТ-ийн эмч нарыг сургалтанд хамруулсан бөгөөд хэт авиан аппарат, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжөөр хангасан байна.

2010-2011 онд ЭХЭМҮТ-д нийт 8544 нярайг төрснөөс хойш 1-2 хоногт түнхний үений хэт авиан шинжилгээнд хамруулсан ба төрөх тасгийн нярайн эмч нар уг шинжилгээг гүйцэтгэж, зургийг Швейцарийн эмч, мэргэжилтэнд онлайнаар илгээж, оношийг давхар баталгаажуулж, оношилгоо, эмчилгээнд зөвлөгөө өгч хамтран ажилласан байна.

Одоогийн байдлаар энэхүү төсөлд Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Баянхонгор аймгуудыг хамруулаад байна. Төслийн хүрээнд 200 эмч, 20 зөвлөх эмчийг бэлджээ. Гарын авлага, өлгий, хэт авиан оношилгооны аппарат, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан ба үүнд нэг тэрбум төгрөг зарцуулсан ажээ. 2013 оны эцэс 2014 оны эхээр дээрх аймгуудад төрсөн хүүхдүүдийн тал нь түнхний үений хэт авиан шинжилгээнд хамрагдсан байна.

Хамтарсан төслийн эхний үр дүнгээр манай оронд шинэ төрсөн нярайн дунд түнхний үений дутуу хөгжил ховор бус тохиолдож буйг харуулсан ба амаржих газарт сургагдсан нярайн эмч нар хэт авиан оношилгооны стандарт аргаар илрүүлэх боломжтой болсон.

2014 оноос “Нярайн тандалт, шинжилгээний үндэсний хөтөлбөр”-ийг ЭМЯ баталж, Улаанбаатар хотын 1,2,3-р амаржих газар, 21 аймагт үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ удаад Швейцарийн холбооны улсаас ирсэн 2 хүүхдийн эмч Баянхонгор аймагт очиж, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт хийж, хэт авиан аппаратыг дагалдах хэрэгслийн хамт суурилуулаад ирсэн байна. Тэд цаашид энэхүү хөтөлбөрийг төсөл хэрэгжээгүй аймгуудад хэрэгжүүлэх, шаардлагатай эмч, мэргэжилтнүүдийг сургах, хөтөлбөрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг механизмыг бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэйг онцоллоо.

 Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, “Та бүхний хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь өргөжин бусад аймаг, дүүргүүдэд үндэсний хөтөлбөр болон хэрэгжиж байгаа. Мөн Монгол улс нь эрт илрүүлгийн шинжилгээний хөтөлбөрийг халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр 2015 оноос эхлэн улсын төсвөөс тодорхой хөрөнгө гарган хэрэгжүүлэх ба нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр нь үүнд хамрагдаж байгаа болно гэлээ.  

Дээрх эмч нарыг манай улсын эрүүл мэнд, түүний дотор нярай хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн “Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэг”-ээр шагнаж, цаашдын ажилд нь амжилт хүсч, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэлээ.