sonin.mn

АИТХ дахь МАН-ын бүлэг болон тус намын хорооноос хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, Тус намын бүлгээс АИТХ болон ЗДТГ-ын зарим хэлтэс хэд хэдэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн болон аймгийн Аудитийн газраас гаргсан дүгнэлт, ашиг сонихолын зөрчилтэй холбоотой гэж үзэж байгаа хэд хэдэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэдний мэдэгдэж байгаагаар бол аймгийн Засаг дарга төсвийн тухай болон, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэлээ. Тухайлбал, А.Амарын хөшөөг шилжүүлэх, Сурын талбайг тохижуулах, 1000 хүүхдийн чуулга уулзалт зохион байгуулахад тендер зарлалгүй хөрөнгө зарцуулсан. Мөн АИТХ-аас баталж өгсөн төсвийг хэтрүүлэн зарцуулсан гэж үзэж байгаа хэд хэдэн ажлын жагсаалтаа танилцууллаа.

Уг жагсаалтад дурдсанаар Хотын захирагчийн албанд авто машин худалдан авахад 40 сая төгрөг баталж өгсөн боловч 6.7 сая төгрөг хэтрүүлэн зарцуулсан.
Гэр хорооллын 7 багт хийгдсэн гэрэлтүүлгийн ажил тус бүрт баталж өгсөн төсвөөс 67-133 сая төгрөг илүү зарцуулсан гэлээ.

Тиймээс дээрх асуудлыг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн гэж байна. Мөн тус газарт АИТХ-ын нэр бүхий 10 төлөөлөгч Эрдэнэт үйлдвэр болон Төр захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байгаа асуудлыг шалгах хүсэлт гаргажээ.

Түүнчлэн АИТХ дахь МАН-ын бүлгээс Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг дарга нар тендерийн үнэлгээний хороог ахалж, шалгарсан ААН-тэй өөрөө гэрээ байгуулж байгаа нь хууль бус гэж үзэж, хариуцлага тооцох шаардлагыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн гэлээ. Түүнчлэн тус намын бүлгээс дээрх үндэслэлүүдтэй холбогдсон албан тушаалтануудыг шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаа гэлээ.

Эх сурвалж: erdenetinfo.mn