sonin.mn

Хэвлэлүүдэд бичсэнээр Хятад, Филиппиний буланд дахин сөргөлдөөн үүсч хоёр улсын засгийн газрууд тус тусын байр сууриа хатуухан илэрхийлээд байна. Манила, Бээжин хоёр өнгөрсөн оноос эхлэн Өмнөд Хятадын тэнгисийн орчимд хилийн маргаан өрнүүлээд байсан юм.

Тэдний маргаан эцэстээ НҮБ-ын шүүхийн танхимд хүрсэн боловч одоо хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй. Хэрэв асуудал буруу тийш явбал хоёр улс гал нээх дээрээ ч тулж магадгүй болоод байна.

Хятадын гадаад явдлын яамны мэргэжилтэн Хон Лэй “Маргаантай бүс нутагт Филиппин загасчид цөмөрсөн тул Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц хий буудаж анхааруулга өгсөн” гэжээ.

Үүний дараа Филиппиний цэргийн усан онгоцууд богино хугацаанд мөнөөх бүст тулж ирсэн байна. Хоёр улсын тэнгисийн цэргүүд зургаан цагийн турш харилцан гал нээхэд бэлэн байдалтай байжээ.

Харин Хятадын засгийн газар мэдэгдэл хийж, Филиппинийг гал нээхгүй байхыг уриалсан аж. Нэг жилийн турш хоёр улс уг бүс нутаг дахь маргаанаа хамгийн хурц түвшинд хүргэсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн харьцангуй намжих болсон юм. Хятад улс Өмнөд тэнгисийн эрэг дэх Вьетнам, Филиппинтэй таарамжгүй харьцаатай хэвээр л байгаа.

Энэ байдал Си Зиньпинийг төрийн эрх мэдэл авахад ч өөрчлөгдсөнгүй. Хятадууд Өмнөд тэнгисийн буланг олон зуун жилийн турш өөрсдийн уламжлалт газар нутаг байсан гэдэг үндэслэлээр булангийн ихэнх хэсгийг хүчээр шахам эзлэн авсан байдаг.

Харин Филиппин, Вьетнамын загасчид энэхүү булангаас эдийн засгийн гол тэжээл болсон загас агнуурын бизнесээ хангадаг байжээ. Ийнхүү загасчдын орлого эрс буурснаар Филиппинд эдийн засаг доошилж, тус улс хүндхэн байдалд хүрсэн юм. Тиймээс Хятадыг эсэргүүцсэн далайчид үе үе хилийн маргаантай гэж нэрлэгдсэн бүст нэвтрэх болжээ.
Харин энд Хятадын флотын хөлөг онгоцууд нүд цавчилгүй хяналт тавьсаар байгаа аж.

Мөн хэдэн сарын өмнө Филиппиний далайчид Хятадын жуулчны хөлөг онгоц руу довтолж багагүй хохирол учруулсан тул тус улсын ерөнхийлөгч Бенигно Акуино уучлалт гуйж, ард түмнийхээ дунд нэр хүндээ үлэмж ихээр алдсан зэргээс Бээжин, Манилагийн харилцаа улам бүр муудсаар байна.

Зүүн Өмнөд Азийн ихэнх орнууд БНХАУ-ыг буулт хийхийг уриалаад байгаа бол Бээжин өнөөг хүртэл “бяцхан” хөршүүдээ чичрүүлсээр байгаа нь цэрэг зэвсгийн заналхийлэл илэрхийлж байж болох юм хэмээн “Ассошейтэд Пресс” бичжээ.

С.Цээл

Эх сурвалж: