sonin.mn

Австрийн Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Г.Батжаргал 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Эдийн засаг, байгаль орчны 22 дугаар хуралд Монгол Улсын төлөөлөгчдийг ахалж оролцлоо.

2014 онд ЕАБХАБ-ыг даргалж буй Швейцарын Холбооны Улс энэхүү хурлыг удирдан явуулсан бөгөөд “Байгаль орчны нөлөөлөл, гамшигтай тэмцэхэд ЕАБХАБ-ын гишүүн орнууд хэрхэн илүү үр дүнтэй хамтран ажиллах, аюулгүй байдлаа бэхжүүлэх” гэсэн сэдвээр хуралдлаа.

Энэ чуулганд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дарга, Швейцарын холбооны ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд Дидье Буркхальтер, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Л.Заоралек, ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер болон гишүүн улс орнуудын төр засгийн төлөөлөл, эрдэм шинжилгээний төв, ТББ гээд нэлээд өндөр хэмжээний төлөөлөгчид оролцсон байна.