sonin.mn

Хүмүүнлэгийн үндэс хүмүүн. Монголчууд хүн гэж хэлээд хүмүн гэж бичдэг жишгээр гадаад хэлэнд олон монгол үг бичгийн дуудлагаараа үлдсэн болно. Баатар гэж хэлээд багатур гэж бичдэгийг “богатырь” гэдэг жинхэнэ орос үг мэтээр оросууд тайлбарласаар ирсэн. Хаан гэдгийг монгол бичгээр хаган гэж бичиж дууддагийг түрэг улсуудад каган гэж нэрийтдэг.

 

Хүмүүнлэг гэж хүн төвтэй, хүнийг бурханчладаг монголын язгуур ухаан бөгөөд хүмүүнлэгийн ажлыг түүхэндээ монголчууд өргөн утгаар нэвтрүүлсэн байдаг. Гадны олон иргэнийг цөөн монголчууд төвхнүүлэхдээ баячуудаас үр, тариа будааг хураан авч ядуу ард иргэдэд тараан өгдөг байжээ. Нэг үгээр шудрага хуваарилалтыг тогтоодог байсан нь монголчуудад урт удаан хугацаанд захирах боломжийг олгож байв. Хаана монголчууд байна тэнд баячуудын хулгай дээрэм цээрлэгдэж, дээр дооргүй шудрага ёс тогтдог онцлогтой байв. Ингэхийн тулд монголчууд өөрсдөө хууль дүрмээ чанд сахидаг, дэг журамтай байх өндөр ёс суртахуунтай байсныг онцлох хэрэгтэй. Одооны баруунжсан либерал түүхчдийн онцолдог шиг харанхуй бүдүүлэг, хаа явсан газраа алж талж, таарсан болгоноо хүчиндээд яваагүй юм шүү. Тэгэж ч ертөнцийг төвхнүүлдэггүй юм. Тэгэж ч олон гадаад улс аймгийг удаан хугацаанд захиран барьдаггүй юм. Английн язгууртан дээдэс монголын талд хүчин зүтгэж байсан нь мөн түүхэн баримтуудад тэмдэглэгдсэн байдаг.

 

Ийнхүү монголын хүн төвтэй “хүмүн” ойлголт английн “human” болсон бөгөөд англи хэлэнд XII-XIII зуунд орж ирснийг мэдэж болно. Өнөөг хүртэл хэл судлаачид “human” гэдэг үг хаанаас гаралтай дээр тогтож чаддаггүй бөгөөд латин “homo” эсвэл “humus” гэдэг үг гэх бөгөөд монголын “хүмүүс” аж. Яагаад англи хэлэнд орж ирсэн, тархсан талаар тайлбар судалгаа хайгаад нэмэргүй. Хүмүүнийг үнэт эрдэнэ болгоогүй алт эрдэнэсийг шүтээн болгосон сууршмал иргэдэд үүнийг тайлах арга үгүй юм.

 

Өнөөдөр хаа сайгүй энэ үг хамгийн тархан хэрэглэгддэг боловч нэг л газар байдаггүй нь эхнээсээ “human” латин европ гаралтай биш гэдгийг ухаарахад дөхөм болно. Тэр бол Библи. Анх Моисэй бичиж эхэлсэн гэх Библийн евридээс эхлээд II-III-р зуун дамжин орчуулсан латин болон 1380 оны Жон Виклифийн анхны англи гар орчуулга дээр “human” гэдэг үг ойлголт байдаггүйг судлаачид тэмдэглэжээ. Хүмүүн утгыг сүүлд Библтэй холбожээ.

 

Английн human, humanity, humanitarian, оросын гуманный, гуманитарный гэдэг үг утга бүгд л монголчуудын язгуурын ухаан бөгөөд монгол “хүмүн” гэдэг үгнээс гаралтай гэж үзэх үндэслэл бидэнд байна.

Эмч, уулчин Л.Баярсайхан