sonin.mn

МАН-ын удирдлага 2012 оны намар Нийслэлийн өмчийн Ленины музейг бусдад барьцаалж, 1 сая ам.доллар зээлсэн нь тодорхой болж эхэллээ.

Тодруулбал :
 2012 оны арваннэг­дүгээр сарын 6-ны өдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурж,  Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулжээ.

Зээлийн гэрээнд “...Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Готовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа. Ардын нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман сарын хугацаатай  1 000 000 /нэг сая/ ам.доллар зээлсэн уг гэрээг Ардын намыг төлөөлж тус намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг овогт Жамбаагийн Тамир,  иргэн Г.Алтанг төлөөлж хуулийн зөвлөх нь болох Лхамжавын Сарангэрэл нар байгуулжээ..Нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байна..." гэх зэргээр өгүүлжээ.


Уг мөнгийг МАН Орон нутгийн 2012 оны сонгуульд зарцуулсан аж.
Энэ үйлдлээс болж Нийслэлийн өмчийг хувь хүн булаацалдах асуудал үүсч, Үлэг гүрвэлийн музей байгуулах ажил зогсоод буй юм байна.
Нийслэлийн өмч болох нь шүүхээр тогтоогдсон  музейг  бусдад барьцаалсан нь илтэд хууль зөрчсөн үйлдэл бөгөөд уг шийдвэрийг гаргах үед МАН-ын даргаар Ө.Энхтүвшин ажиллаж,  энэхүү хууль бус гэрээг Балжир засаг овогт Жамбаагийн Тамир гэгч  биечлэн байгуулжээ.
Үүнтэй холбоотой уг мөнгийг МАН-ын өнөөгийн удирдлага Ж.Мөнхбат тэргүүтэн төлөх үү? эсвэл гэрээг байгуулсан өмнөх удирдлагуудыг шалгах уу гэдэг асуулт буй болж буй юм.
Юутай ч гэрээг биечлэн байгуулсан Балжир засаг овогт Жамбаагийн Тамир гэгч нь одоо ч МАН-ын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж буй бөгөөд түүнд  хэрэг үүсгэн, шалгах хэрэгтэй гэж үзэх хүмүүс ч байгаа аж.

 

П.Мандах