sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгэндээ “Шинэч­лэлийн Засгийн газар цаа­шид илүү хурдтай, эрч­тэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай шинэ эрч хүчтэй ажиллахын тулд танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удах­­гүй эхлэх УИХ-ын нам­рын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж, шийд­вэрлэнэ гэдгээ зарлаж байна.

Засгийн газрын сэлгээнд зарим сайдын суудлаас гад­на бүтцийн асуудлыг хамтад нь оруулж, шийд­вэрлэх болно” гэсэн нь нам гүм байсан улстөрийн уур амьсгалыг цочоож орхисон.

Түүний энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд их л таалагдаж байгаа бололтой.
Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Сэлгээ хийх, то­дор­хой хүмүүстэйгээ ха­риуц­­лага тооцох, бүтэц бү­рэл­­­дэхүүнээ оновчтой бол­гох асуудлыг Ерөнхий сайд гартаа авах ёстой.

Энэ тухай би өмнө нь түүнд зөвлөж байсан. Хэн нэг сайдыг огцруулна, тэгнэ, ингэнэ гэж бусад нь ярьж явдаггүй. Ердөө л Ерөнхий сайд санаачилгыг гартаа авчих. Тэр нь зөв. Засгийн газрын бүрэлдэхүүнд ха­лаа сэлгээ хийж, зардал хэмнэх, давхар дээлийг тайлах асуудал бий. Үүнийг Ерөнхий сайд цэгцэлнэ гэд­гээ зарлалаа. Энэ бол сайн хэрэг” хэмээн тайлбарлажээ.

Н.Алтанхуяг сайд бүт­цийн асуудлыг сөхөхтэй зэрэгцэн олон нийт сэлгэх сайдуудын нэр хийгээд татан буугдах магадлалтай яамдыг тодорхойлж эхэл­сэн.

Ерөнхий сайдын хэлс­нээр бол Засгийн газ­рын бүтцийн асуудлыг хэлэл­цэхэд хам­гийн багадаа хагас сарын хугацаа байна. Тэгвэл сайд нь огцрох, со­лигдох, яам нь татан бууг­­дах сургаар дотоод ажил­чид нь хэрхэх бол гэдэг асуудал үүсч байна. Даргын халаасаар дамжиж яаманд ажилд орсон төрийн албан хаагч цөөнгүй бий. Тиймээс л “үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг үг санаанд буугаад ер болохгүй нь.

Өөрөөр хэлбэл замд явахад ачааны бэхэлгээ ямар байх нь үлдсэн хүнд огтхон ч хамаагүй гэсэн үг. Түүнтэй адил Засгийн газрын бүтцээс хасагдах тухай яригдаж буй яамдад шинэ ажил даалгавал “Мянгуужингийн үлгэр” гэдэг л болох биз.

Өчигдөрхөн л гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын байдалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөхдөө Соёл спорт, аялал жуулчлалын яамны зүгээс түүх соёлын дурсгалуудынхаа хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах, бүгдийг нь бүртгэлжүүлж байнга хараа хяналт тавих, устаж үгүй болохоос сэргийлэх хэрэгтэй байгааг анхааруулсан.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АНУ-аас авч ирсэн Батаар болон түүний ахан, дүүс, Есөн эрдэнийн Ганжуур, Данжуур, мон­гол үндэсний хувцас тэр­гүүтнийг ЮНЕСКО-д данс­­­луулсан гэхээс өөр гавьяа­­­гүй тус яамныхан үлд­­­сэн хугацаанд ажил ам­жуул­на гэдэг юу л бол.

Тэр бүү хэл 1967 оны намар дэлхий сөнөх сургаар урьд өдөр нь хамгийн тарган малаа нядалж, хөгшин залуу, эр эмгүй ууж, идэж, уйлж, дуулж, шаналан, гашуудсан юм гэнэ лээ. “Харамсалтай нь” өглөө сэрэх нь ээ бүх зүйл бахь байдгаараа байсан гэдэг. Түүн лугаа адил юм болж, хэдэн яамныхан хөгнөө хөлдөө чирч балрах вий гэхээс хөх инээд ч хүрэх шиг.
Монгол Улсын хамаг л хөрөнгийг зарцуулах эрх мэдлийг гартаа атгачихаад байгаа Эдийн засгийн хөгж­­лийн яамыг хэрхэх ту­хай ч яригдаж буй. Улсын сан хөмрөгийг угтаа бол Сангийн яам дангаараа хариуцаж байсан ч сүүлийн хоёр жил гаруй хугацаанд шинэ яамны мэдэлд өг­сөн. Шинэ яамны нөхөд “төрхөмдөө буцахдаа” ши­мийг нь аваад шимэлдгийг ор­хисон байх вий дээ гэд­гийг урьчилан тооцоол­сон л байлгүй, энэ улстөрчид.

Монгол Улсыг хөгжлийн зам руу хөтлөх нэрээр “Чингис”, “Самурай” бондуудыг олж ирсэн ч зарцуу­­­­лахдаа “Зангууны үлгэр” болгож орхисон тус хөгж­­­лийн сайд байтугай яамных нь суурь ганхаж бай­­гаа болохоор үрсэн бо­лон үлдээх хөрөнгийг их сайн нягтлах хэрэгтэй байх даа.

Нэгэнтээ хоёр жилийн хугацаанд хөгжлийн түү­чээг хамтдаа туулах гэхээр хөлд нь чөдөр тушаа болсон сайд нар хаяад урагшлахад нь гар даллан инээгээд үлдэхгүй, харин ч бүдэрсэн дээр нь дараад унагаж мэдэх л юм. Тиймээс хагасхан сарын хугацаанд үлдэх хү­нээр ачаагаа татуулахгүй л байгаасай даа.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: