sonin.mn

Дэлхийн дулаарлыг бидэнд хамаагүй, холын асуудал мэтээр ойлгож болохгүй. Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НҮБ-ын ерөнхий ас­самблейн 69 дүгээр чуул­ганы байгаль орчны сал­­­бар хуралдааныг Ерөн­хийлөгч даргалахаар бол­сон. Энэ талаар дэл­гэ­рэн­гүй мэдээлэл өгнө үү?
-НҮБ-ын ерөнхий ас­самб­лейн чуулга уулзалт жил бүр тухайн оныхоо ес­дүгээр сарын сүүлийн гурав дахь долоо хоногт болдог. Манай Ерөнхийлөгч энэ чуулганд оролцож, “Уур амьсгалын өөрчлөлт ба шинжлэх ухаан” сэд­вийн хүрээнд салбар хурал­дааныг даргалах юм.

Өөрөөр хэлбэл эндээс шинжлэх ухаанд суурилсан бодлого шийдвэрүүд га­рах ёстой. Судалгаагаар сүү­лийн 100 жилийн хуга­цаанд дэлхий 0.7 хэм ду­лаараад байгаа.

Хэдийгээр сонсоход бага хэмжээний мэт санагдавч сөрөг үр дагаврууд нь аль хэдийн гараад эхэлчихсэн. Хэдэн зуу, мянган жил нэг түвшний температурт байснаа ганц, хоёрхон хэ­мийн хэлбэлзэлд маш их сөрөг нөлөө гарч ирдэг гэ­сэн судалгааны дүнгүүд бий.

Дэлхий нийтэд дулаарлыг хоёр хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьдаг. Дөрвөөс дээш гараад ирэхээр сөрөг үр дагавар нь илүү ноцтой болдог гэж үздэг. Сүүлийн 10-20 жилийн судалгаагаар байгалийн гэнэтийн гамш­гууд ихээр гарч байгаа нь дулааралтай холбоотой.

Өмнө нь НҮБ-ын ерөн­хий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өөрөө улс орнуудыг уур амсьгалын өөрчлөлт, дэлхийн ду­лаа­рал­тай холбоотойгоор зо­рилт дэвшүүлж, амлалт аваач гэдэг санаачилгыг тавь­сан. Манай улс ч НҮБ-ын ногоон хөгжилд шил­жих хөтөлбөрийн анхны ор­нуудын нэгээр элссэн. Монгол Улсын Ерөнхийлөгч ч тодорхой амлалтуудыг авч, үүний хүрээнд ногоон ба­рилга, ногоон худалдан авалт гэх мэт таван төс­лүүдийг эхлүүлж байгаа.

Түүнчлэн өнгөрсөн хавар бид УИХ-аар батлуулсан “Ногоон хөгжлийн бодлого”-доо эрчим хүчний хэмнэлт, барилгын дулаан алдалтыг багасгах, ногоон хөгжилд ДНБ-ний хоёроос доошгүй хувийг оруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зэ­рэг­тэй холбоотой зүйл заалтуудыг оруулж чадсан.

-Ирэх хоёр жилд ма­най улс байгаль орчны ассамб­лейг тэргүүлнэ. Тэгэхээр ямар нэгэн байд­лаар давуу тал байх уу?
-НҮБ-ын байгаль орчны ассамблейг тэргүүлэх үүрэг хүлээж байгаа нь Монгол Улсын хувьд маш их онц­логтой. Дэлхийн 193 орон НҮБ-ын Байгаль орчны ассамблейн гишүүн байдаг. Ирэх жилүүдэд НҮБ-аас ямар ажлууд дээр анхаарч, амьдрал дээр хэрхвэл дээр вэ гэх зэргээр зовлон, жаргалаа хуваалцан, идэвхтэй орол­цох боломж гарч байгаа юм.

Олон улсын өмнө үүрэг хүлээсэн сонгуульт ажил учраас зөвхөн эх орон руугаа хандаад байна гэсэн үг биш. Гэхдээ энэ байр сууриа “ашиглаад” мэдээ, мэдээлэл ихийг авч, Монголдоо хэрэг­жүүлэхийг хичээх болно.

-Энэ ажилд таны орол­цоо нэлээд чухал байх?
-Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдын хувьд даргалаад явна.

-Зарим иргэн эрс, тэс уур амьсгалтай манай ор­ны хувьд дулаарч л байвал сай­хан гэдэг. Өөрөөр хэл­бэл дэлхийн дулаа­рал хамаа­гүй мэтээр хайхар­даггүй шүү дээ?
-Дэлхийн дулаарлыг бидэнд хамаагүй, холын асуудал мэтээр ойлгож болохгүй.

Монгол Улсын хувьд дэлхийн дундаж дулаарлаас гурав дахин эрчимтэй дулаарсан байдаг. 1940 оноос эхлээд хийсэн хэмжилтүүдээр 2.1 хэм дулаарсан гэдэг судалгаа бий. Энэ нь цөлжилт, хуу­рай­шилт, бэлчээрийн талх­лалт, мөнх цэвдэг гэсэх, мөнх цаст уулс, мөсөн голууд хайлах муу үр дагавруудыг авч ирээд байна.

Бид үүнтэй тэмцэхийн тулд “Уур амьсгалын өөрч­лөлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийг батлуулсан.Тэр дагуу төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ эдгээр нь маш урт, удаан цаг хугацааны ажил.

Хамгийн энгийнээр тайл­барлахад манай улсын хувьд хүн амын 4/1 нь бэлчээрийн мал аж ахуйтай. Энэ хэ­рээрээ бэлчээрээс шууд ха­маа­ралтай гэсэн үг. Зарим хүн малын тоо нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн гэх зэрэг асуудал хөнддөг. Энэ нь ч ортой. Үүн дээр нь дэлхийн дулаарал нэрмээс болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Дулаарлын эсрэг, но­гоон хөгжлийн төлөө эрчим хүчний салбарт бага­­гүй ажлууд хийгддэг. Сэр­гээгдэх эрчим хүч гэх зэр­гээр иргэдийн амьд­ралд биел­лэлээ олсон зүйл бишгүй бий. Яагаад заа­вал эрчим хүчинд илүү анхаарал хандуулдаг юм бэ?
-Ногоон хөгжил, ногоон эдийн засагт шилжиж, уур амьсгалын өөрчлөлтийг саа­руулъя гэвэл 50 хувь нь эрчим хүчний хэмнэлттэй холбоотой байдаг. Дэлхий дээр эрчим хүчний хэ­рэглээ бусад зүйлсээс илүү нэмэгдэж байгаа.

Үүний цаана нүүрс, түлш, шата­хуун гээд олон хүчин зүйл байдаг. Дэлхийн дулаар­лын гол шалтгаан нь СО2 болж байгаа. Тиймээс л эрчим хүчний асуудал илүү өргөн цар хү­рээтэй хөндөгддөг.

-Манай улсын хувьд бүтээн байгуулалтын чиг­лэлээр ямар үйл ажил­лагаа явуулж байгаа вэ. Тухайлбал олон улсад ба­рилгын дээврийг хар өнгө­тэй хийхээс татгалзаж эхэлсэн?
-Дэлхийн дулаарлын эсрэг барилга байгуулам­жуудын хувьд хийж, хэрэг­жүүлэх ажил нэлээд бий. Барилга хот байгуулалтын яамтай хамтран эхний ээлжинд ногоон барил­гуу­дын үнэлгээг тогтоохоор Монголын ногоон барил­гуудын зөвлөлд даалгавар өгөөд байна. Дараа нь эко стандарт буюу ногоон барилгын стандартыг гаргах юм. Стандарт гэдэг бол маш удаан хугацааны ажил.

Тиймээс эхний ээлжинд ингэж үнэлгээ гаргаж, ту­хайн барилгыг ногоон уу, хүрэн үү гэдгийг ялгах бо­ломжтой болох юм. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хэм­нэлт нь ийм, усаа ингэж эргэлтэд оруулж, нүүрсээр бус өөр байдлаар халаалтаа шийдсэн гэх зэргээр үнэл­гээний системтэй болохоор ажиллаж байна. Хавар бат­лагдсан Ногоон хөгжлийн хөтөлбөрт барил­гын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20, 2030 он гэхэд 40 хувиар бууруулах зорилго тавьсан байгаа.

Цаашид зөвхөн барилга хот байгуулалтын яамтай ч бус бусад яамдтай ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Хүн амын өсөлтийг дагаад ойрын жилүүдэд цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал нийлээд 1100-г барих шаардлагатай. Гэтэл эдгээрийгээ хуучин буюу хүрэн маягаар барих юм бол хэдэн жил ашиглах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Одоогийн ашиглаж бай­гаа сургууль, цэцэр­лэгүүд цоожлогдоход хүр­чихээд байгаа шүү дээ. Тиймээс эх­лээд 5-10 сургуулийг заг­вар маягаар эрчим хүч­ний хэмнэлттэй, уурын зуу­­хаар бус, цахилгаан эсвэл байгальд ээлтэй өөр ямар нэгэн эх үүсвэрээс халдаг, цэвэр бохирыг нь орчин үеийн технологиор шийдүүлэх гэх зэргээр шийдвэрлэн, бариулах шаард­лагатай.

Энэ ч утгаараа Боловс­рол шинжлэх ухааны яам­ныхантай ярилцаж бай­гаад загвар болохуйц но­гоон цэцэрлэг, сургууль барихаар, зураг, төслөө Со­лон­госын технологийн инс­титуттэй урьдчилсан байд­­лаар хэлэлцээр хийгээд явж байна.

Яг өнөөдөр шууд хийе гээд зүтгэхээр ногоон нь хүрэн барилгаасаа өртөг, зардал өндөр болчихоод байгаа юм. Түүнчлэн архитекторын зу­раг хийхээс эхлээд эрчим хүчний аудиторууд, дулаан алдагдал бага байлгах гэх зэрэг бүх асуудлыг цогцоор нь хийх гэхээр тун ярвигтай.

Тиймээс бид заавал олон улсын байгууллагуудтай хамт­рах хэрэгтэй болж бай­­на. Түүнчлэн үүнийг хийж, гүйцэтгэхийн тулд чадавхыг бий болгох шаард­лага тул­гарч байгаа.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: