sonin.mn

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Халамж үйлчилгээний ерөнхий газрын зарим албан хаагчид өнөөдөр Төрийн албан хаагчийн тангарагаа өргөлөө.  

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож баяр хүргэлээ. Тэрээр төрд тангараг өргөнө гэдэг бол өөрийнхөө эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, Монгол төрийн өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ гэсэн үг гээд тангараг өргөж байгаа албан хаагч, боловсон хүчин залуужиж байгааг онцлов.   

Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд ХАХНХЯ-ны салбар, харьяа агентлагуудын 90 гаруй албан хаагч оролцож төрийн өмнө тангарагаа өргөлөө.

Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд  Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг