sonin.mn

Монгол улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай”  118 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хороололд  баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээг 2013-2014 онд барихаар төлөвлөн, энэхүү бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 415.989 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөнөөс Хөгжлийн банкаар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.  

Эдийн Засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ыг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 92 дугаар тушаалаар Төслийн удирдах хороог, Эрчим хүчний сайдын 2013 оны 62 дугаар тушаалаар “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн нэгжийг тус тус байгуулан дээрх тогтоолын хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 18 ажлыг “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж зохион байгуулж, техник хяналт тавин ажиллаж байна.  

Эдгээр 18 ажлаас 92,345 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 ажил 2013 онд эхэлж, 90,632 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 8 ажил 2014 онд эхэлсэн ба 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн 10 ажилд 70.144 тэрбум төгрөг, 2014 онд хэрэгжүүлж эхэлсэн 8 ажилд 26.170 тэрбум төгрөг, нийт 96.314 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.  

2013 онд хэрэгжүүлж эхэлсэн 10 ажлаас 7 ажил бүрэн хийгдэж дууссан ба 3 ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу 75 хувийн гүйцэтгэлтэй, 2014 онд хэрэгжүүлж эхэлсэн 8 ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу 30 хувийн гүйцэтгэлтэй, нийт 18 ажлын хувьд 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.  

Тухайлбал, "Ирээдүй цогцолбор" хорооллын 10 кВ-н цахилгааны 2200 м кабель шугам, 6 ш дэд өртөөний зураг төсөл, барилга угсралтын ажилд техникийн болон улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөв. “ДЦС-4” ТӨХК-ийн коллектороос “БҮК-2”-ын салаа шугам хүртэл Ф1200 мм-ийн 2,5 км дулааны шугамын барилга угсралтын ажил, “Шинэ Яармаг” хорооллын цахилгааны 110/35/10 кВ дэд станцын барилга угсралтын ажил, “ДЦС-3” ТӨХК-ийн “Зуух №9”-ийг сэргээн засварлах барилга угсралтын ажил, "БҮК-2"-с /ДЦС-4 ТӨХК/ "ТК 844" хүртэл 2Ф400, 2Ф800 мм-ийн 2000 метр дулааны шугамын өргөтгөлийн  барилга угсралтын ажил, Баянголын аманд "Гандирс" хорооллоос "Бортолгой" хүртэл 5383 м дулааны гол шугамын барилга угсралтын ажил, Баянголын аманд "Гандирс" хорооллоос "Бортолгой" хүртэл дулааны гол шугамын өргөх насос станцын зураг төсөл, барилга угсралтын ажил гэсэн нэр бүхий 6 ажлын барилга угсралтын ажил дуусаж техникийн комисс ажиллуулахад бэлэн болсноос “ДЦС-4” ТӨХК-ийн коллектороос “БҮК-2”-ын салаа шугам хүртэл Ф1200 мм-ийн 2,5 км дулааны шугамын барилга угсралтын ажилд техникийн комисс амжилттай ажиллуулаад байна.   

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зарим хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орж, өмчийн харилцааны болон техникийн хувьд шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлууд бүтээн байгуулалтын ажил бүрд их бага хэмжээгээр тулгарч байна.  Энэ бүгдэд  “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж бий болсон хүндрэлтэй асуудал бүрд шуурхай ажиллаж ЭХЯ, БХБЯ, НЕТГ, НӨХГ, НХОГ, “УБДС” ХК, “УБЦТС” ХК, “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК зэрэг байгууллагууд хамтран техникийн оновчтой шийдлүүдийг гаргуулж, зохион байгуулан ажиллаж байна.  

Эрчим хүчний яамны “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж нь бүтээн байгуулалтын ажлуудыг графикийн дагуу амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 оны санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоод явбал тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах бүрэн боломжтой байна.