sonin.mn

МОСКВА. /RG/. Зам тээврийн дэд бүтэц болон бусад хэд хэдэн салбарт хамтарсан төслийг Монгол Улсад Оросын оролцоотойгоор 2014-2016 онд хэрэгжүүлнэ. Харин Монголын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэхэд тавьсан хязгаарыг 2014 онд багтаан цуцлахаар төлөвлөж байна.

Эдгээр нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Монголд хийсэн албан ёсны айлчлалын гол үр дүн юм.  Энэ төслийг хариуцсан хамтарсан ажлын бүлэг ажилдаа хэдийн оржээ.

Талууд  2015 оны гуравдугаар сарын 1-ний дотор Монголын төмөр замын сүлжээг хөгжүүлэх, шинэчлэх хөтөлбөрийг зөвшилцөнө. Хоёр талын урьдчилсан тооцоогоор, энэ төслийг хэрэгжүүлснээр, нэгдүгээрт, Орос, Монгол болон Хятад хоорондын ачаа эргэлт наад зах нь 15 хувиар нэмэгдэх бол Орос, Монголыг холбосон төмөр замаар дамжин өнгөрөх олон улсын ачаа эргэлтийг 25 гаруй хувиар өсгөнө.

Хоёрдугаарт, шинэчилсэн болон шинээр тавьсан зам дагуу бүс нутагт өнгөт металлын хүдрийн олборлолт ойролцоогоор хоёр дахин өснө. Энэ бүтээгдэхүүний 20 хүртэл хувийг ОХУ-д нийлүүлдэг байна.

Энэ бүхэн эн түрүүнд Хятад болон Оросын төмөр замын сүлжээнд холбосон шинэ шугамыг Монголд бий болгоно. Хятад, Орос болон Монгол Улсын хооронд  тээврийн шинэ “холболт” бий болгохыг Хятадын тал дэмжиж байгаа аж.

Энэ нь Сүхбаатар аймгаас Хятадын хойд нутаг хүртэлх 1100 км замыг шинэчлэх, ОХУ-ын Тува улсаар дамжин Монгол болон Хятадад хүрэх шинэ зам болон Соловьевскоор дамжин өнгөрдөг Орос-Монголын замыг Хятадын Зүүн-Хойд нутаг хүртэл сунгах тухай байна.

Тува улсын нутаг дэвсгэрээр дайран Монголын баруун нутаг болон Хятадад хүрэх зам нь Оросын бизнес эрхлэгчдэд тус хоёр оронд байр сууриа бэхжүүлэх боломж олгоно.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг