sonin.mn

“Бухын доодхыг харж, үнэг турж үхнэ” гэж үг байдаг. Тэгвэл өнөө цагт арилжааны банкуудыг царайчилсаар Засгийн газар тарж, бутарна гэхээр болжээ. Төрөөс чам­гүй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон тухайгаа зарлан тунхаглаж, баяр хөөртэйгөөр мэдэгдэх нь энүүхэнд.

Гэвч өнөө төсөл, хөтөлбөрүүдийг нь хэрэгжүүлж, санхүүжүүлэх дээрээ тулаад ирэхээр арилжааны банк гэдэг 15 толгойтой атгаалжин хар мангас нэг, нэгээр нь залгичихдаг болж.

Нэгэнт санхүүжилт нь гацчихаар анх санаа­чилснаараа Засгийн газрын буруу болж хувирдаг. Яах вэ, “Муу л юм болвол хойд захын хар овоохой” гэгчээр чичилж суухад амар байдаг биз.

Тэгээд ч сөрөг хүчин хийгээд улс­төрч­дийн хэлж буй үг, яриа олон нийтэд харьцангуй хүчтэй хүрдэг учраас аливаа төсөл, хөтөлбөр чухам хаана, юуны учир гацсан нь хамаагүй муулах шалтгаан л болж байвал ашигтай байдаг бололтой.

Тэгвэл сүүлийн жи­лүүдэд иргэд, олон нийтэд хамгийн хэрэгтэй хэмээн хүлээлт үүсгэсэн хэд хэдэн хөтөлбөр өнөөдөр хүсэн хүлээсэн эздийнхээ хувьд хэзээ ч биелэшгүй мөрөөдөл болчихоод байна.

Жишээлбэл, “Буянт-Ухаа-1” хорооллоос орон сууцтай болохыг мөрөө­дөг­чид. Уг нь энэ хорооллыг зорилтот бүлэг буюу төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хямд үнээр борлуулахаар тө­лөвлөсөн байдаг.

Хэт эрэлтийг зохицуу­лахын тулд иргэдийн дунд сугалаа хүртэл зохион байгуулсан. “Буянт-Ухаа-1”-ийг 1764 айлд зориул­сан юм билээ. Тэр ч ут­гаараа орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувь буюу 700 орчим байрны 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилсан.

Гэвч өдгөө энэ хороолол оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болсон ч 70 хувь нь эзгүй буюу 150 орчим айл л тэндээс байраа сонгоод байгаа аж. Үлдсэн байрны эзэд болох 1300 гаруй иргэн ТОСК, арилжааны банк гэсэн маршрутаар өдрийг өнгөрөөж явна. Тэд сугалаагаар сонгогдож, урьдчилгаа төлбөрөө бэлд­чихсэн хүмүүс.

Харин ганц гацаа нь арилжааны банкнаас найман хувийн зээл олгохгүй гэсэн эелдэг бөгөөд хатуу хариулт. Иргэдийн хувьд Засгийн газраас гаргасан журам, шаардлагын дагуу бичиг баримтаа бүрдүүлдэг. Гол санхүүжүүлэгч болох банкны үүдийг татаад л ирээдүй нь бүрхэг болж, мөрөөдөл нь замхарсаар байгаа юм.

Энгийнээр тайл­барлахад дээрх “Буянт-Ухаа-1” хороололд орохоор шалгуур хангасан, сугалаанд хожсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настнуудад орон сууцны найман хувийн зээл олгогдоно гэдэг ёстой гонжийн жоо. Учир нь арилжааны аль ч банк өөрийн харилцагч, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь “тэтгэврийн зээл авъя” гэхэд нийгмийн даатгал төлдөг батлан даагчаа дагуулаад ир гэдэг.

Яагаад гэвэл тэр нөхөр хатуугаар хэлэхэд хэзээ ч бурхны оронд заларчихаж магадгүй. Тиймээс арыг нь дааж үлдэн, зээлийг нь буцаан төлөх хэн нэгэн заавал хэрэгтэй гэсэн үг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ зээл нь 1-2 жилийн хугацаатай л олгогддог.

Тэгвэл угаасаа энэ зэр­гийн шалгууртай банкууд ахмад настан болон хөгж­лийн бэрхшээлтэй иргэний юунд найдаж 15-20 жилийн хугацаатай 30 саяас дээш төгрөгийн зээл олгох болж байна. Тиймээс л “Буянт-Ухаа-1” хороололд өнөөдрийг хүртэл айлууд нь нүүж орж чадахгүй байгаа хэрэг.

Үүний дараа Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгоход чухал нөлөө үзүүлэхүйц, экспортыг дэмжиж импортыг орлох 888 төслийг Засгийн газар санхүүжүүлэхээр болсон.

Мэдээж төрөөс сан­хүүжилт авахын тулд тодорхой хэмжээний шал­гууруудыг давж байж 888-д багтсан аж ахуйн нэгжүүдийн эзэд мөн л арилжааны банкуудаас “бүтэхгүй” гэдэг хариулт авч бухимдал тээсээр явна.

Засгийн газраас экс­портыг дэмжиж импортыг орлох төсөл хөтөлбөрийг “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгөнөөс санхүү­жүүлэхээр болоход иргэд, аж ахуйн нэгжүүдээс анх 1151 төсөл ирүүлсэн байдаг.

Тэдгээрээс 59 нь дав­хардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй, 200 нь төслийн зорилгод нийцээгүй гэх шалт­гаанаар хасагдсан. Тий­мээс 888 төслийг үлдээж, санхүүжүүлэхээр болсон.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд арилжааны най­ман банкаар 145 төсөл судлагдаж, 174 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдсон бол 93 тэр­бум төгрөгийн 46 төсөл бу­цаагдсан ажээ. Түүнчлэн 732 тэрбум төгрөгийн 133 төсөл одоо судлагдаж байгаа гэнэ.

Буцаагдсан шалтгаан нь бас л банкны шалгуур даваагүй. Барьцаа хөрөнгөөс эхлээд анхны зээлдэгч, орон нутагт ахадсан их хэм­жээний зээл гэх зэргээр бу­цааж байгаа талаар төсөлд оролцогчид гомдоллож байна лээ.

Өөрөөр хэлбэл төсөлд оролцогчдын хувьд арил­жааны банкууд маш өндөр шалгуур тавьж, элдэв бичиг цаас нэхэж, хойрго хандаж байгаа учраас хөрөнгө оруулалт нь гацаанд орж, дэвжих бус дампуурах шатандаа ч орж мэдэхээр байгааг сал­барын мэргэжилтнүүдэд бу­химдалтайгаар мэдэгдсэн.

Аливаа төсөл, хөтөл­бөрийг санхүүжүү­лэхийн тулд төр, засгийн төлөөлөл, арилжааны банкуудтай гэрээ хийдэг.
Хамгийн гол нь санхүү­жилтийн бүх эрсдлийг зээл олгосон тухайн банк хариуцдаг гэх шалтгаанаар төр, зас­гаас хэрэгжүүлэхээр зэх­сэн төсөл, хөтөлбөрүүд дээрхүүдийн адил эхний шатандаа гацаанд орсоор байгаа юм.

Хэдийгээр татвар тө­лөгчдийн мөнгийг эрсдэл­гүй байлгаж, жинхэнэ эзэдэд нь өгөх үүрэгтэй ч Засгийн газраас гаргасан хөтөлбөрүүдэд “хар тамга дарах” эрхгүй л баймаарсан.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: