sonin.mn

Одоо хүн толгойтой болгон “бодлого алга”, “стратеги алга” гэж орилох болов. Эсвэл баахан загвар энэ тэр гэж орилно. Төр дотор нь 20 мянган хувьсагчтай загвар бодсон гэх эргүү малууд ажилладаг болохоор эдийн засгийн загвар мэддэг, хийдэг хүн Монголд байхгүй юм. Нэгэнт эдийн засгийн бодлого гаргаж чадахгүй хүмүүс нийгмийн (социал) болон системийн загвар гаргана гэж ёстой гонжгор. Ингээд баахан гадаад бодлого, загвар гэж орилсон усан тэнэгүүд Монголоор дүүрэн болов. Тэгвэл дөнгөж саяхан, бүр өчигдөрхөн бид эдийн засгаа маш өндөр түвшинд, шинжлэх ухааны бүрэн үндэстэй төлөвлөж чаддаг байсан юм. Энэ талаар саяхны нэгэн жишээ ярих гэсэн юм…

Төлөвлөлтийн гайхамшиг
Монгол Улс төлөвлөлтөөр дэлхийд их дээгүүр түвшинд байсан. Энд ЗХУ-ын нөлөө байсан нь мэдээж хэрэг. 1970-аад оны сүүлчээр манай улс хөгжлөөр ихээхэн хоцрогдож байгаагаа дэндүү сайн мэдэж байсан юм. Одоо болохоор ардчилагчид “ганцаараа” мэдээд шүүмжлээд байсан гэдэг бол үнэн утгагүй худал яриа. Тэр үед тэдний олонхи одоогийнх шигээ юу ч хийхгүй, худлаа чалчиж нийгмийг паразиталж л байсан байх…

Ингээд хамгийн түрүүнд юу хийхээ нам төрийн удирдлага бодож эхэлсэн юм. Ямар нэг хэмжээгээр аж үйлдвэрийн цогцолбортой болж, хөдөө аж ахуй хөгжиж эхэлсэн бодохоор түүнийг эрчимжүүлэх зүй ёсны шаардлага үүсэн юм. Тэгэхдээ цогц байдлаар. Хуучин шигээ энэ ажил руу бүх нийтээрээ дайрч болох байсан. Гэвч…Гэвч эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол түлхүүрийг олох ёстой байлаа. Энэ нь юу байх вэ?

Ингээд тэд ХҮНС гэсэн ганц зүйлийг бодож олсон юм. Үнэхээр ч хүн амаа хүнс тэжээлээр хангахгүй бол ямар юмных нь хөгжингүй социализм болдог юм. Ингээд хүн амын дунд хүнс тэжээлийн суурь судалгаа хийж эхэлсэн юм. Энэ үндсэн дээр “БНМАУ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программ” боловсруулсан билээ. Энэ бол алсыг харсан, бүхэллэг болон цогц шинж, эдийн засгийн координаци, субординаци харилцааг уялдуулсан, шинжлэх ухаанч шинжээрээ гайхалтай сайн баримт бичиг болсон юм.

Энэ хөтөлбөрийг 1985 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны Х Бүгд Хурал баталсан бөгөөд тухайн үедээ “Хүнсний хөтөлбөр” гэж алдаршиж байсан. Ингээд яг хэрэгжүүлж эхэлтэл ЗХУ-д Горбачев гарч, өөрчлөн байгуулалт болж, улмаар манайд ардчилал болоод хэрэгжиж чадаагүй юм. Энд би улс төрийн шалтгаан ярих гээгүй, харин Монголчууд иж бүрэн төлөвлөлт гэдэг амин чухал зүйлийг үүрд хаясныг ярьж байна. Хаяхаар барахгүй ор тас мартсаныг ярьж байна.

Онолын хэсэг
Хоол хүнсэн дээр онолдоод байх хэрэггүй гэдгийг МАН сайн мэдэж байв. Тэгээд хэдхэн өгүүлбэр хэлсэн нь энэ байна:
“Намын бодлого, үйл ажиллагааны эрхэм дээд зорилго болсон ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг байнга дээшлүүлэхэд хүн амын хүнсний хангамж, хэрэглээний бүтцийг сайжруулах явдал чухал байна” (Энд программ хийх болсон үндэслэлийг гаргаж байна.)

“Энэхүү программ нь улс орны хөгжил, ард түмний байнга өсч буй хэрэгцээ шаардлагаас урган гарч байгаа бөгөөд МАН-ын нийгэм, эдийн засгийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг мөн” (Энд уг программ МАН-ын түлхүүр бодлого боллоо гэдгийг дурдаж байна.)

“Хүнсний программыг хэрэгжүүлэх нь манай орны ойрын жилүүдийн улс төр, эдийн засгийн чухал зорилт, нам, ард түмний үйл хэрэг мөн” (Бүх нийтийг дайчилна, бүх нийтээрээ ажиллана гэж байна.)

Хэзээ өлсөж байсан бэ ?
Маш нарийн тооцооны үндсэн дээр Хүнсний программыг хийсэн гэдгийг дээр дурдсан. Энэ нь түүний өгүүлбэр бүрээс харагддаг.
Программд: “Хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэмжээг өсгөж, чанар, бүтцийг сайжруулсан үндсэн дээр 1990-2000 онд дунджаар нэг хүнд хоногт 105-115 грамм уураг, 380-420 грамм нүүрс ус, 86-96 грамм тослог ногдож байх хэмжээнд хүргэх” зорилт тавив. Ингээд 1990-2000 он хүртэлх хүнсний тооцоог нарийвчлан гаргасан юм. Тэр нь энэ байна:

Бүтээгдэхүүний нэр
1985 1990 2000
Сүү, сүүн бүтээгдэхүүн кг 113,0 124,0 170,0
Цөцгийн тос кг 2,8 3,0 5,0
Гурил, гурилан бүтээгдэхүүн кг 103,0 111,0 112,0
Төмс кг 22,4 47,0 60,0
Хүнсний ногоо кг 19,6 29,0 55,0
Өндөг ширхэг 25,0 35,0 47,0
Саахар, чихрийн зүйл кг 24,0 25,0 32,0
Төрөл бүрийн будаа кг 11,5 13,0 20,0
Жимс жимсгэнэ кг 10,8 11,3 32,0

Харин хүнс тэжээлийн хангамж дөнгөж одоо л энэ хэмжээнд хүрч байгаа бөгөөд чанарыг бол бүр ярилтгүй. Баабар нэгэн удаа ардчиллын үед монголчууд дэлхийд хамгийн их мах иддэг болсон гэдгийг нотолсон нь үнэндээ бол хошин шог үзүүлбэр юм.

Социализмын үед өлсөж үхэх шахдаг байсан гэдэг домог утгагүй. Тэр үед зарим зүйл ховор, тарчиг байсан нь үнэн боловч бид хэзээ ч өлсөж байгаагүй. Харин ч тэжээллэг, чанартай, хамгийн гол нь натурал хүнс хэрэглэдэг байсан. Одоо бол хүнс хоолноосоо болж олноороо хордож үхээд байхыг харахад лав л бидний хүнс баталгаатай биш. Хэрэв социализмын үед хүнсээр хүн хордуулбал “толгойгүй болдог” байсан. Одоо бол хүмүүс, түүний дотор хүүхдүүдээ бөөнөөр нь хордуулчихаад дэвшээд, баяжаад байгааг би л лав ардчилсан, сайхан нийгэм гэж яагаад ч хэлэхгүй…

Хөтөлбөрийн цогц шинж
Хөтөлбөрийг Улсын Төлөвлөгөөний Комисс гардан боловсруулсан юм. Хэдийгээр 30-аад жилийн өмнө боловсруулсан гэхэд эл хөтөлбөр цогц, тооцоот, зорилтот шинжээрээ хосгүй юм. Хүнсний Программ дараах бүлэг зүйлүүд болон задарна. Бүлэг, зүйл тус бүр бие даасан байхын хамт бусадтайгаа салшгүй холбоотой цогц болж чадсан юм.

Үүнд:
I. Хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний хангамжийн өнөөгийн түвшин, цаашдын үндсэн хандлага.
II. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах зорилт, арга хэмжээ.
1. Мал аж ахуйг хөгжүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар
2. Мал аж ахуйн тэжээлийн баазыг бэхжүүлэх талаар
3. Газар тариаланг хөгжүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар
4. Туслах аж ахуйн талаар. (Хувийн өмчийг ад үзэж байсан гэдэг нь худал байна.-ХД.Г.)
III. Хөдөө аж ахуйн материал-техникийн баазыг бэхжүүлж, үйлчлэх салбаруудыг хөгжүүлэх зорилт.
1. Хөдөө аж ахуйн механикжуулалт, цахилгаанжуулалтын талаар
2. Хөдөө аж ахуйг химижүүлэх талаар
3. Хөдөөгийн барилгыг хөгжүүлэх талаар
4. Зам тээврийг хөгжүүлж, холбооны үйлчилгээг сайжруулах талаар
IY. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ажиллах хүчээр хангах зорилт.
Y. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахад шинжлэх ухааны ролийг дээшлүүлэх тухай.
YI. Хөдөө аж ахуйн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох, эдийн засгийг бэхжүүлэх зорилт.
YII. Хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилт.
YIII. Хөдөөгийн хүн амын нийгэм, ахуйн нөхцөлийг сайжруулах зорилт.
IX. Хүнсний зорилтот программыг хэрэгжүүлэх талаар аймаг, хот, сумын (район, хорооны) гүйцэтгэх үүрэг.
Х. ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл.


Энд илүү юм ганц ч байхгүй. Мөн дутуу юм ганц ч байхгүй. Дашрамд энэ хөтөлбөрийн бүтэц, агуулгыг арга зүйн талаас нь дахин судлан үзэж, системийн шинжилгээний сонгодог жишээ болговол нэн сайн. Түүнчлэн холбогдол бүхий, сонирхож буй хүмүүс 1985 оны X Бүгд Хурлын материалыг олж “Хүнсний программыг” уншвал бүр ч их зүйл ойлгох нь дамжиггүй. Тэндээс цогц, иж бүрэн төлөвлөнө гэдгийг үнэхээр ойлгож болно гэж бодож байна.

Хүн амын хүнс тэжээлийг гол түлхүүр болгон аваад түүнд холбогдох бүх зүйлийг иж бүрнээр нь төлөвлөж тооцоолсонд энэ Хөтөлбөрийн гайхамшиг оршино. Бид цогц хөтөлбөр, төлөвлөлтийг гайхалтай сайн хийж чаддаг байсан. Биднээс гадаадууд сурна уу гэхээс бидэнд гадаадаас сурах юу ч байгаагүй. Энд би ганц төлөвлөлтийн салбарыг л би ярьж байна…

Цогц бодлого гэж энийг хэлдэг юм. Ийм бодлогыг Монголчууд өөрсдөө боловсруулж чаддаг байсан юм. Одоо юу вэ ?! Эсвэл бодлого байхгүй гэж гасалсан үхээнц шаарууд, эсвэл гадаад загвар ярьсан худалч солиотууд дүүрэн болж…

Устгал
Хүнсний хөтөлбөр хэрэгжиж чадаагүй юм. Яагаад ? Өмч хувьчлалийн далбаан дор устгал болсон юм. Энэ бол хамгийн сүүлчийн Цогц бодлого байлаа…
66.000 худаг, түүний дотор инженерийн байгууламжтай 24600 худаг байсны ихэнхийг нь устгав. Хятад руу төмрийн хогонд гаргасан даа. Худгийнхаа мотоорыг хүртэл зарж зах зээлд шилждэг тэнэг хүмүүсийг бид нүдээрээ харсан…

66.700 малын хашааны ихэнхийг нураав. Бог малын 2 ээлжийн, бод малын 1,7 ээлжийн хашаатай байсан юм. Ихэнхийг нь хувьчилж аваад сум, аймгийн төвд өөртөө хашаа барив. 3500 орчим бригад, хэсгийн төвийг устгав. Одоогоор бол багийн төв гэсэн үг л дээ. Сүүний механикжуулсан 44 фирмийг устгав. Манайд нутагшиж байсан хар тарлан, бор тарлан сүүний үүлдрийн 16.500 үнээг хамт устгав. Сүүний болон хүүхдийн сүүний үйлдвэрүүдийг бас устгав. Манай улс 1989 онд 62,0 сая л сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Ингээд 1-3 насны бүх хүүхдээ шингэн сүү, тараг, ээдмээр бүрэн хангаж чаддаг байлаа. Эдгээрийг хэсгийн эмч төрсөн эх хүүхдүүдэд бичиж өгдөг байсан. Мөн 4800 тн цөцгийн тос үйлдвэрлэж байв. Одоо бараг байхгүйтэй адил гэж болно. 1989 онд манай улс 673.400 тн үр тариа хураан авч байв. Энэ нь дээд хэмжээ биш байсан. Одоо 2014 онд 466.600 тн хураана гэсэн прогнозоо “амжилт” гэж нэрлэж байна.

Хөдөө аж ахуйн нэгдлийг устгаснаар Монголын малчид ганц ганцаараа амьдардаг дундад зууны байдалд дахин орсон юм. Энэ нь хөдөлмөрийн дэвшилтэт хуваарийг үгүй хийж, нийгмийн хамтын харилцааг эвдэж, хөдөлмөрөө хоршиж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлдэг дэлхий дахины түгээмэл зүй тогтлоос гажсан адал балмад явдал байсан юм. Эдүгээ хүртэлх дэлхий дахины эдийн засгийн ямар ч онол сургааль ганц ганцаараа эдийн засгаа хөгжүүл гэж сургадаггүй. Гэтэл Монголын улс төрч, эдийн засагчид ийн үйлдсэн…

Ийм байдлаар манай мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрийн суурийг устгасан ба үүнийг дагаад бүрэлдэн хөгжиж байсан хөнгөн аж үйлдвэр уналтад орсон юм. Энэ талаар би “Малчдаа аврая гэвэл” өгүүлэлдээ тодорхой бичсэн…

350.000 доллар зарж, сүржигнэж сүржигнэж хийсэн “Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн Цогц Бодлого” мэтийг ямар юмных нь бодлого гэхэв. Яршиг л байна. Ийм хөгийн юм улс төрчдөд реклам болдог болохоос хэнд ч хэрэггүй цаас л байхгүй юу. Хуучны хатуу төвлөрсөн тогтолцоогоо санан дурслаа гэж намайг шүүмжилнэ гэдгийг би сайн мэдэж байна. Тэгвэл капитализмын үед төлөвлөгөөгүй байх ёстой гэсэн онол номоо үзүүл. Урсгалаа явж “далд гараар” зохицуулсан эдийн засаг ингэж ингэж өссөн гэсэн тоо баримтаа харуул. Түүнчлэн хүн шиг хийчихсэн ганц ширхэг цогц хөтөлбөр энэ байна гээд үзүүл…

Хүн үзүүлэх юм түй ч байхгүй, худал чалчихаас өөр юу ч хийж чадахгүй бол дуугай сонсож сур…
Хөгжсөн зарим үзүүлэлт байгааг би мэдэж байна. Гэвч энэ нь төр засгийн сайных бишээс гадна төлөвлөлт, бодлогоос өөр сэдэвт холбогдох асуудал юм.

Үндэсний эдийн засгийн тухай товчхон…
Үндэсний эдийн засаг гэсэн айхтар тулгуур ойлголт байдаг юм. Монгол Улсад монгол хүн ажиллуулж байвал “зүгээр л” эдийн засаг л болно. Хэрэв үндэсний эрх ашиг хэмээх нандин эрхэмлэлд нэгэн цул болон нэгтгэж, үйл ажиллагааг нь холбож, зангидаж, уялдуулж, зохицуулж, нийцүүлж ажиллавал сая үндэсний эдийн засаг болно. Манайд дан дангаараа ажиллагч эдийн засгийн субъектууд олон байна. Харин үндэсний болж холбогдсон нэгдмэл бүхэллэг шинж тэдэнд бараг алга. Үүнийг төлөвлөж, уялдуулж байж хамтын хүчээр бий болгодог. Цаад язгуур суурь нь улс үндэснээ гэсэн үзэл санаа юм.

Эдүгээ эдийн засгийн харилцаа огт өөр эрхэмлэл, зарчимд суурилах болсон ч төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтын суурь зарчим огт өөрчлөгдөөгүй. Мөн төрийн удирдлагын суурь зарчим, төрийн стратегийн бодлого боловсруулах зарчмуудад ямар нэг эрс өөрчлөлт ороогүй. Намайг олон хүн хуучнаа, социализмаа байгуулах гэлээ гэж шүүмжилдэг. Энэ бол ухаан дутуу хүмүүсийн тэнэглэл юм. Тэгээд одоогийн хачин тэнэг алдаа дутагдлыг хэн ч хэлж болохгүй хэрэг үү ?! Би МАН-ыг ахиж байгуулаад, Төлөвлөгөөний Комиссийг яг хэвээр нь ажиллуулаад хуучин шиг ажилла гэж огт хэлээгүй.

Төр ухаантай юм бол бодлогыг ингэж иж бүрэн, цогц, алсыг харж, шүтэн барилдуулж, уялдуулж хийдэг гэдгийг ганцхан жишээгээр үзүүлж байна. Би энэ төрд байхгүй, дутагдаад байгаа юмыг хэлж байна. Улс орноо хөгжүүлэх Цогц хөтөлбөрүүдийг арга зүйн хувьд энэ жишгээр гайхалтай сайн хийж хэрэгжүүлэх боломж манайд бүрэн бий…

Ганц эдийн засаг төдийгүй, нийгэм, оюун санаа, улс төр, гадаад бодлого зэрэгт энэ мэт иж бүрэн, цогц, бүхэллэг байдлаар хандаж бүгдийг нь нийлүүлж нэгэн цогц болгохыг сая төрийн бодлого гэнэ. Ингэж ажиллахыг системийн хандлага (подход) гэдэг. Манай аль ч салбарт асуудалд системлэг хандаж байгаа бараг нэг ч тохиолдол байхгүй. Зүгээр л тал тал тийшээ үсчиж дэвхцсэн, өнөөдөр ярьсан хийснээ маргааш нь мартдаг, хамаг юмаа нурааж хаяад цоо шинээр эхэлдэг, ирээдүй гэдгийг ор тас мартсан, сэтгэл хатуу, ухаан хомс, мөнгөний шунал аймшгийн хүмүүс төр барьж байна.

Одоо Монгол Улсын амин чухал зорилт бол үндэсний эдийн засгийн суурийг цоо шинээр бүрдүүлж төлөвшүүлэх явдал мөн. Энэ нь цоо шинээр эхлэх, байгаагаа эвдэхээс тэс өөр бөгөөд үндэсний эрх ашиг, нэр төр, үзэл санаанд нийцүүлэн шунахайрал, тэнэглэлийг дарж, зөвхөн үндэсний язгуур эрх ашгийн үүднээс төлөвлөж удирдана гэсэн хэрэг юм. Үүнийг хийж чадвал хамгийн сүүлчийн биш, эхний бодлого болох нь гарцаагүй…

Энэ дүгнэлтийг би санамсаргүй хэлчихсэн юм биш. Иймээс нухацтай тунгаан бодохыг хүсч байна.
Одоогийн төр засгийн эрх баригч бүлгүүд “үндэсний эдийн засгийн суурь бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлж, төлөвлөж, хэрэгжүүлж чадна гэдэгт би үлэмж эргэлзэж байна. Тэгэхлээр өөр зам байгаа гэсэн хэрэг…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж:
ganaa.mn блог
 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?