sonin.mn

ЭМЯ, БХБЯ, ДЭМБ, АШУҮИС-ийн НЭМС хамтран “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх, УСУГ-ын туршлагыг судлах” сэдэвт тав хоногийн үндэсний сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюнт У, ДЭМБ-ын усны аюулгүй байдлын төлөвлөгөөний зөвлөх Жон Деннис, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, говь-Алтай, Говь Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймгийн Засаг даргын орлогч, ус хангагч байгууллагын захирал болон инженер техникийн ажилтнууд оролцож байна.

Анх ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн Монгол улсын ус хангамжийн тогтолцоонд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийн сургалт 4 дэх нь юм. “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг боловсруулах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийг загвар болгон түшиглэж ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Төгрөг сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган суманд уг төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү үндэсний сургалтын ач холбогдол нь дээрх төслийг орон нутагт өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чиглэгджээ.