sonin.mn

Мэргэжилтэй, чадварлаг ажилтныг бэлтгэхэд гүүр нь болж ирсэн Дорнод аймаг дахь Политехникийн коллеж үүсч байгуулагдсаны 90 жил, Барилгын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 50 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж, үе үеийн төгсөгч, багш, сурган хүмүүжүүлэгчид нь амжилт бүтээлээ дүгнэж байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дорнод аймагт ажиллах үеэрээ дээрх сургуулиудын ойн арга хэмжээнд оролцож, баяр хүргэлээ.

Тэрбээр “Мэргэжилтэй ажилтны хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж, ард иргэд МСҮТ-ийг ихээр зорьж, богино хугацаанд мэргэжилтэй ажилтан болохыг эрмэлзэх боллоо. Энэ нь Мэргэжлийн боловсролын салбарт хүчин зүтгэж явсан, өдгөө сэтгэл зүрхээ зориулан байгаа та бүхний нөр их хөдөлмөр, олон жилийн ажлын хөлс хүч юм. Үе үеийн ахмад багш, төгсөгчдийн Мэргэжлийн боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, ажлын амжилт үүнд ихээр нөлөөлж байгаа. Та бүхний бүтээсэн энэ бахархам түүхийг бид цааш үргэлжлүүлж, улам улам амжилттай ажиллах болно” гэлээ.

Дорнод аймаг дахь Барилгын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 1963 онд “Сургууль комбинат” нэртэйгээр байгуулагдаж, 1964 онд Сайд нарын зөвлөлийн 265 дугаар тогтоолоор Барилгын техник мэргэжлийн сургууль болж өргөжсөн байна.

Харин 1991 онд МСҮТ болон хүрээгээ тэлжээ. Тус төв нь өнөөдрийн байдлаар 30 багш, 26 ажилтан, албан хаагч, 450 суралцагчтайгаар барилга, авто замын 10 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүсэн байгуулагдсанаас хойшхи хугацаанд 25 мэргэжлээр нийтдээ 8331 мэргэжилтэй ажилтан бэлтгэн төгсгөжээ.

Мөн Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 309 иргэнд мэргэжил олгож, байнгын ажлын байраар хангасан байна.

Тус төв нь 2008 оноос барилга угсралтын ажлыг бие даан гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд долоон обьект барьж, 327,5 сая төгрөгийн ажил хийж, оюутан сурагчдынхаа орлогыг нэмэгдүүлжээ.

Мөн энэ хавар зохион байгуулагдсан “Монгол ур чадвар” улсын уралдаанд өрөг угсрагчийн төрөлд тус сургуулийн мастер багш Ч.Баатарын шавь нар нэгдүгээр байр эзэлж, 2015 онд Бразил улсад зохион байгуулагдах дэлхийн ур чадварын олимпод оролцох эрх авсан гээд энэ сургуулийнхны үзүүлсэн амжилт олон аж.

Харин улсдаа ууган сургуулиудын нэгд тооцогдох Дорнод аймаг дахь Политехник коллежи нь 1924 онд Улаанбаатар хотод Мал эмнэлгийн сургууль нэртэйгээр байгуулагдсан түүхтэй юм байна. Улмаар 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал, 1958 оноос Дорнод аймагт шилжин Хөдөө аж ахуйн техникум нэрээр, 1991 оноос Шаталсан сургалттай техник технологийн сургууль нэрээр үйл ажиллагаа явуулж иржээ.

Улмаар 2012 оноос сургалт, эрдэм шинжилгээний цар хүрээгээ өргөтгөж Дорнод Политехник коллеж нэртэй болсон байна. Дорнод аймагт ажиллаж байгаа Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав үргэлжлүүлэн тус аймаг дахь Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан зээл, тусламжид хамрагдсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эх сурвалж: