sonin.mn

“Эв нэгдлийн” Засгийн Газар 2012 оны 8 дугаар сарын 21-нд бүрэлдэн ажиллаж эхэлсэн яг хоёр жилийнхээ ой дээр бүтцийн өөрчлөлт хийхээр зарлав. Бүтцийн өөрчлөлтийг эсвэл цоо шинэ Засаг хийдэг, эсвэл онцгой тохиолдолд хийдэг. Мөн зөвхөн бүтцийн өөрчлөлт хийгээд функциональ өөрчлөлт байхгүй бол аливаа мөрөөдөл лөөлөө болдог. Энэ талаар зарим товч санаа өгүүлсү…

“Бид ялав” Засгийн Газар
“Хар машины” хүчээр ялсан АН сонгуулийн дүнг ингэж нэрлэсэн юм. Баабарын ийм нэртэй өгүүллийг хүн болгон санаж байгаа байх. Харин хүчний харьцаа бол тийм ч их баярлахаар байгаагүй. Улс төр мэддэг хүмүүс энэ харьцааг нэн эгзэгтэй гэж тодорхойлж байв. УИХ-д АН 34, МАН 26, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2, бие даагч 3 хүн тус тус суудал авсан учраас парламентад хэн ч олонхи болж чадсангүй. Их ч бодсон. Гачлантай нь бодох хугацаа тун бага байлаа. Ингээд найдвар муутай ч “Шударга ёс” эвсэлтэй нийлж Засгийн Газар байгуулахаар шийдэв. АН-аас 13, ИЗНН-аас 1, “Шударга ёс” эвслээс 5 сайдыг томилсноор Шинэчлэлийн Засгийн газрын танхим бүрдэв. Шинэчлэлийн Засгийн газар 16 яам, 19 сайдтайгаар ажиллаж эхлэв.

Суудал яаж хуваасан бэ ? Нам дотроо бол фракц болгонд бялуу хүртээх “сонгодог монгол аргаар” хуваарилсан. Энд мэдээж Н.Алтанхуяг голлон шийдсэн боловч Ц.Элбэгдорж болон бусад бүх фракц хуваагчийн үүргийг хамтран гүйцэтгэсэн. Харин гаднаас бол МАН-ын эсрэг, гэхдээ арай дуулгавартай нөхдүүдийг татан оруулсан юм. Гэхдээ тэдэнд туслах үүрэгтэй ажил үүрэг оноосон юм. Ерөнхийдөө бол яг хуваах тэрхэн үедээ бол энэ хуваалт “шударга” болсон мэт байсан. Гомдогсод нэг хэсэгтээ амаа хамхив. Харин яг ажиллаад эхэлмэгц болохоо байж эхлэв…

Нурсныг нэмж нураав
Эв нэгдлийн Засгийн Газар нэг их сайхан улс орон, эдийн засаг хүлээж аваагүй нь мэдээж хэрэг. Өмнө нь бол МАН даргалан, АН туслан дэмжиж хоёулаа хамтран нураасан гэдэг нь тов тодорхой. Одоо бол АН даргалах МАН туслах үүрэгтэй болов.

Энэ тохиолдолд АН ихээхэн зовлонтой учирсан юм. АН дээд түвшиндөө дарга болох хүмүүсийг хангалттай олж байсан юм. Энэ ч мэдээж хэрэг. Харин дунд болон доод түвшиндөө АН үнэндээ боловсон хүчний нөөц гэж бараг байхгүй баагийнууд аж. Бараг гудамжнаас хүн авчирсан юм биш үү ?! Дээд түвшний захиргааны нөөцийг ашиглан, бас чадамгай явуулсан суртал нэвтрүүлгийн ачаар орон нутгийн сонгуульд хүчээр амжилт олов. Үүгээрээ МАН-ын орон нутгийн сүлжээг эвдлэв.

Гэтэл орон нутагт феодалын бутрал үүсгэж, дайны байдалд оруулснаар энэ амжилтаа тэр дороо алдаж эхлэв. АН-ын сэтэр зүүсэн баагийнууд орон нутгийн доод болон дунд түвшинд 30-аад оны үеийн нугалаа шиг тэнэглэл үйлдэв.

Энэ нь “орон нутагт эрх мэдэл шилжүүлэх” Ц.Элбэгдоржийн тэнэг уриалгаас эхтэй. Яагаад гэвэл Монголын нийгмийг бие даасан олон жижиг феодалын вант улс болгон хуваах алсын хөнөөлт үр дагавартай хорт бодлого учраас тэр юм. Ингээд төрийн болон орон нутгийн удирдлага “гар удирдлагад” шилжив. Энд би хуучин удирдлага сайн байсан гэж огт хэлээгүй, зүгээр л нэмж нураан оргүй болгосон тухай ярьж байна.

Аль эртний бонд
Улс орон мөнгөгүй болж сүйрсэн байв. Хуучин засаг мөнгө олох гэж бонд босгохоор төлөвлөж байсан юм. Хуучин буюу Сү.Батболдын Засгийн Газар Хөгжлийн банк байгуулан, түүнд өргөн эрх мэдэл олгож, өөрөө ихээхэн хэмжээний бонд босгохоор ажиллаж байлаа.

2011 оны 5 дугаар сард Засгийн Газар 2 хэсэг бонд гаргах зөвшөөрөл УИХ-аас хүссэн юм. Эхний ээлжийн 127 тэрбум төгрөгийн бондыг улсын төсвийн алдагдлыг нөхөх (55,5 тэрбум), төрийн албан хаагчид, иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоход (72 тэрбумыг) зарцуулна. Дараагийн ээлжийн 110 тэрбум төгрөгийн бондыг ноос, ноолуурын 12 компанийн “Монгол ноолуур” шинэ нэгдэлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нь зориулж олгоно.

Түүнчлэн Сү-гийн Засгийн Газар “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” 85 дугаар тогтоол гаргав. Энэ тогтоолоор 5 жилийн 250 тэрбум төгрөгийн, 10 жилийн 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн 300 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргахаар шийдвэрлэсэн юм. Энэ баталгаанд Засгийн газар болон Хөгжлийн банкны удирдлагууд гарын үсэг зурсан.

Энэ бол Монголын төрөөс банкинд баталгаа гаргасан анхны тохиолдол байсан юм.
Улмаар Хөгжлийн банк 2011 оны 12 дугаар сарын 5-нд хөрөнгө оруулалтын ING, “Deutsche” банк, HSBS банктай хамтран 600 сая ам.долларын дунд хугацааны Евро бондын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ дотоод болон гадаадад зарлав. Энэ үеэр Сү.Батболд: “Олон улсын зах зээлд ийм хэмжээний бонд гаргаж байсан туршлага манай улсад байхгүй юм. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд чухал үйл явдал болж байна. Монгол Улс бол найдвартай түнш болж байгаагийн илэрхийлэл” хэмээн дүгнэж хэлсэн юм.

Дунд хугацааны гэж нэрлэсэн Евро бондын энэхүү хөтөлбөр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр”-ийг санхүүжүүлэх гарааны мөнгө болох ёстой байв.

Эхний удаа 20 сая ам.долларын бонд гаргав. Хүү нь жилийн 7 хувь байна гэж зарлаж байв. Бондыг 2012 онд хэд хэдэн үе шаттайгаар, Сингапурын хөрөнгийн биржээр арилжаалахаар төлөвлөж байлаа.

Эндээс ямар дүгнэлт гарах вэ ? Одоо бол дүгнэлт хийх маш амархан.
1. Монголын засаг төр мөнгөгүй болсон учраас европын нэр бүхий банкуудтай хамтран бонд босгохоор эртнээс төлөвлөж байжээ.
2. Монголын баялгийг барьцаалан бонд босгох аргыг аль эртнээс бодсон байжээ.
3. Бонд босгох нь намын асуудал биш, олигархуудын мэдлийн асуудал байжээ.
4. Бонд босгох нь МАН, АН-ын хамтын бүтээл ажээ.
5. Н.Алтанхуягийн Засгийн Газар “ухаантай” болоод бондын мөнгө олж ирсэн гэдэг яриа бол хүүхдийн тоглоом, домог үлгэр юм.

Ингээд сонгууль болов. МАН бүх зүйлийг бодож чадсан ч “хар машиныг” харин яаж ч чадаагүй юм.

Сү-гийн бүлгийн төлөвлөгөө юу байв ?! Монголын баялгаар барьцаалан удахгүй орж ирэх асар их мөнгийг өөрийн мэдлийн Төрийн банк байгуулж байгаад идье гэж бодож байсан юм.

Ингэхэд Төрийн өмчит Хөгжлийн банк гэж юу вэ гэдгийг монголчуудын 99% огт боддоггүй буюу “манай төрийн” банк гэж ойлгодог юм. Үгүй л дээ. Хөгжлийн банкыг анх ING, “Deutsche” банк, HSBS зэрэг том банкууд санхүүжүүлэхээр тохирсон ба монголын Засгийн Газар 51%-ийг л эзэмшдэг, түүний удирдлагын багт Солонгосууд шалгарсан ба захирал нь солонгос хүн байдаг.

Ийнхүү Монголд банк санхүүгийн байлдаан эхэлсэн юм. Тун хатуу ширүүн өрсөлдөөн болж байв. Эл өрсөлдөөнийг улс төрөөр жигтэйхэн сайн халхалж чадаж байсан юм. Ухаандаа мэргэжлийн луйварчин О.Чулуунбат банкны сөргөлдөөнөөс болж МАХН-д орсныгоо улс төрөөр жигтэйхэн сайхан тайлбарлах жишээний. О.Чулуунбатыг МАХН-д хайртай болоод элссэн гэвэл нар баруунаас гарна. Монголчууд зөвхөн энэхүү өнгөц, хэлбэрийн, гадна талын улс төрийг л харж байлаа. Эл байдлыг харж, хандлагыг хараад ганц нэг юм бичсэн мань мэтийг улс төрдөө “гаргуун” монголчууд бараг юм хэлүүлдэггүй байв. Хэлсэн ч өөдөөс бүлэглэн дайрч, агсран загнадаг байв. Үнэн тэнэг ард түмэн ш дээ, манайхан. Иймээс би монголчууд “юмыг” 5-8 жилийн дараа ойлгодог гэж нүүр бардам хэлж чаддаг юм.
Банк санхүүгийн өрсөлдөөн ширүүсч, Хөгжлийн банкаа олон сараар санхүүжүүлж чадахгүй гацаав. Энд дотоод өрсөлдөөн гэхээсээ илүү гадаад санхүүжүүлэгч нар УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээгээд байсан гэдэг таамаглал үнэнд арай илүү нийцнэ. Магадгүй сонгуулийн үйл явцыг удирдаж байсан ч юм билүү…

Ингээд МАН УИХ-ын сонгуульд ялагдав. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд. Улмаар орон нутгийн сонгуульд ялагдав. Ингээд МАН-ын “мөнхийн систем” нурав.
МАН ялсан бол бондын мөнгөө аятайхан зарцуулж чадах байсан уу ? гэсэн асуулт гарцаагүй үүснэ. Олон хүн сурсан зангаараа горьдож болох боловч өмнөх бүхий л нөхцөл байдлаас дүгнэж үзвэл МАН ав адилхан идэж уугаад дуусгах байсан гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно. Монголын олигархууд хийгээд МАН, АН-ын шуналд ямар ч ялгаа байхгүй…

Харин АН бэлэн юман дээр буусан юм. Юу нь бэлэн гэхээр мөнгө олох суваг бэлэн байсан юм. Энэ сувгийг ашиглахаар шийдэн Н.Батбаяр, Ч.Улаан хоёрыг явуулан мөнөөх бондын мөнгийг олж ирэв. Өмнө нь олон тохиролцоо хийж, суваг нээгдээгүй байсан бол бондын мөнгө тийм амархан олдоно гэж байхгүй л дээ. Гадаадынхан “коммунист” олигархиас “ардчилсан” олигархи арай дээр гэж бодсон байж ч магадгүй. Ийнхүү Н.Алтанхуягийн аз гийв. Гэв гэнэт “өвлийн өвгөн” болсон юм чинь азтай байлгүй яахав. Ингээд тэр бондын бэлэг тарааж эхэлсэн ба Та бидний сайн мэдэх “бондын найр” эхэлсэн юм. Үүнээс цааш бонд юу болсон талаар хүн толгойтой болгон ярьж мэдэж байгаа учраас нэмж ярих нь илүүц.

Эвдэрсэн систем
МАН-ын үед хуваарилалтын ямар нэг систем маягийн зүйл байсан юм. Энд би уг системийн сайн муу, сайхан муухайгийн тухай огт яриагүй гэдгээ онцлон дурдаж байна. Уг нь бол төвлөрсөн, авилгажсан адгийн систем юм. Гэхдээ л систем юм. Яагаад гэвэл ядахдаа хэнд хахууль өгөх нь тодорхой, хахуулийн хэмжээ хийгээд жишиг тодорхой, юу хийх нь багцаагаар мэдэгддэг, баялгийн хуваарилалтын дүрэм тодорхой шахам байсан болоод ингэж хэлж байна. Дээрмийн бүлэг ч гэсэн иймэрхүү байдаг. Харин ямар ч дээрмийн бүлэг зохион байгуулалтын болон шударга хуваарилах талаараа МАН, АН-ын аль алинаас хамаагүй дээр юм. Дээрмийн бүлэг бол ядахдаа хатуу “дотоод дүрэмтэй”, чанд хяналттай, бас шагнал шийтгэлийн хамгийн “шударга хуультай” байдаг юм.

Гэтэл АН гарч ирснээр байдал өөрчлөгдөв. Хэнд хахууль өгөх, хэдий хэрийг өгөх нь тодорхойгүй болов. Түүнээс гадна тохиолдлоор гэв гэнэт гарч ирсэн баагийнууд цөм цөм, бүлт бүлт “шааж” өгөв. Жишээ нь: Н.Батбаяр байна. Том нь ийм байхад дунд болон жижгүүд нь сөнөөх гэдгийг ёстой үзүүлээд өгөв. Энийгээ тэд ардчилал, МАН-ын үлдэгдэлтэй тэмцэж байна гэж тайлбарлаж байсанд хүмүүс нэг хэсэгтээ үнэмшив. Үнэн хэрэг дээрээ ямар ч дүрэмгүй болов. Ингээд АН Монголд хаос тогтоов.
МАН-ын системийн оронд “үр дүнтэй”, “бүхэллэг” ажилладаг систем АН тогтоож чадсангүй. Энд би МАН-ын системийг магтаагүй гэдгээ ахин дурдаж байна. Зүгээр л төр удирдахад систем хэрэгтэй гэдгийг л хэлж байна. Ингээд Монголын төрийн удирдлагын систем бүрэн устав. Хуучин МАН-ын байгуулсан систем угаасаа нурж унаж байсан юм. Зүй нь үүнийг эвдэлж оронд нь жинхэнэ, ардчилсан, шударга, ажиллах чадвартай систем бүрдүүлэх ёстой байсан. Гэвч АН үүнийг хийж чадаагүй. Ингэх оюун санааны болон боловсон хүчний боломж АН-д байгаагүй. Мөн МАН-д ч мөн адил байхгүй байсан гэдгийг хэлэх нь шударга хэрэг болно…

Өвлийн өвгөний үлгэр
Өвлийн өвгөн хүүхдүүдэд л сайхан байдаг байх. Монголд бол мөнгө хувааж байгаа өвлийн өвгөн шиг тамтай ажил байхгүй. Бондын асар их мөнгөтэй болсон Н.Алтанхуяг “монгол өвлийн өвгөн” учраас бэлгээ эхлээд ах дүү нартаа, тэгээд найз нөхөддөө, тэгээд нам дотроо тараав. Гэтэл болсонгүй. Түүний хажуугаар хоёрын хоёр “нав намхан хөв хөөрхөн” өвлийн өвгөд гараад ирэв. Бас дээрээс нь бөх өвлийн өвгөн, бөө өвлийн өвгөн, зодоонч өвлийн өвгөнүүд гарч ирэв. Тэд бүгдээрээ бэлэг тараах ажилд хутгалдан оролцов. Монгол банкныхан “бэлэг үржүүлдэг” ажилтай болж, МАН-тай нийлэн бэлэг тарааж эхлэв. МАН-ныхан Монгол банк руу биш, Засгийн Газар руу дайраад байсан нь зүгээр л тоглоом юм.

Энэ нь дэндүү шударга биш байлаа. Учир нь мөнгө зөвхөн дээд хэсэгт л ногдов. Бэлгийг зөвхөн дарга нарын цөөн хэдэн хүүхэд аваад тансаглаад дуусгажээ. Өөрөөр хэлбэл ард түмэн юу ч олж долоосонгүй…

Ингээд хэрүүл хэл ам тасрахгүй болов. МАН-ын үед 2-3 бэлэг давхар аваад сурчихсан муу ёрын баагийнууд Алтанхуяг “өвөөгөөс” 20-30 бэлэг авна гэж дайрав. Нэр нь Н.Алтанхуяг өвлийн өвгөн тараасан нэртэй боловч нидэр дээрээ олон “өвгөн” хамт тараасан юм. Тараах болохоор бүгдээрээ тараадаг, бэлгээ харамлахаар бүгдээрээ Н.Алтанхуяг руу дайрдаг “ажилтай” болов.

Асуудал өвлийн өвгөнөө “алах” хэмжээнд хүрсэн учраас амьд үлдэхийн тулд шинэ бэлэг олж ирэх, бэлэг нэмж тараахаас өөр олон арга Н.Алтанхуягт үлдээгүй юм. Уг нь “мангар их” бэлэг байсан боловч ийм олон өвлийн өвгөнтэй болохоор бондын бэлэг жил гаруйн дотор оргүй алга болов.

Ер нь бэлэг авах, горьдох явдал өвчин болон ужгирч монголчуудын сэтгэлгээ, үйлдлийг хорлох нян болон тогтсон нь хамгийн аймшигтай юм.

Гандан буурахгүй өвлийн өвгөдүүд Самурай бонд гэсэн бас нэг бэлэг авчраад тарааж эхлэв. Үр дүн нь гайхамшигтай. Монголчууд эдүгээ ямар ч тоо хэлсэн айхаа больсон ард түмэн гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ л хэлэхгүй бол болохгүй нь. Албан ёсны мэдээгээр: Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2013 оны 3-р улирлын гүйцэтгэлээр 18,199.7 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40%-иар буюу 5,177.7 сая ам.доллараар нэмэгдэв. Үүнд: Засгийн газар болон Төв банкны гадаад өр 69%-иар буюу 2,101.1 тэрбум ам.доллараар өсч 5,140.5 сая ам.долларт, хувийн хэвшлийн салбарын гадаад өр 31% -иар буюу 3,076.3 сая ам.доллараар нэмэгдэн 13,059.2 сая ам.долларт хүрээд байна.

Ганцхан жилийн дотор Засгийн Газрын өр бараг 70% өссөн байна. Энэ бол аймшиг юм.
Чингис болон Самурай бондын өр үстэй толгойноос их. Чингис бондын эхний 1,5 тэрбум долларыг аваад идчихсэн. Дараагийн 3,5 тэрбумыг авах тухай яриа оргүй алга болов.

2013 оны 3 дугаар сарын 25-нд Сангийн сайд Ч.Улаан: “Чингис бондоос аль нэг төслийг 100 хувь санхүүжүүлэхгүй. Хэрэгжих төслийн нийт төсөвт өртгийн гуравны нэг хүртэл хувийг нь бондоор санхүүжүүлье гэсэн зарчим байгаа…Бидэнд байгаа тооцоогоор бол 3-4 жилийн дотор таван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд Монголын эдийн засагт сөрөг үр дагаваргүйгээр шингэх бололцоо бий. Энэ тооцооноос Чингис бондын таван тэрбумын хэмжээ гарсан юм. Бидэнд бүтээн байгуулалтынхаа гол гол ажлуудын ард гарахад наад зах нь 20 тэрбум доллар шаардлагатай. Гэлээ ч эдийн засгийнхаа шингээх чадварт нийцэх хэмжээний бонд гаргасан…Дараагийн 3.5 тэрбумын бондыг бид 2016 он гэхэд гаргаж дуусна” гэж мэдэгдэж байлаа.

Одоо Засгийн Газрын энэ “тооцоог” ярих санах хүн Монголд алга. Гэхдээ хашир Ч.Улаан: “Хэрэв эрсдэл гараад хариуцлага хүлээх болвол монголчууд бүгдээрээ л энэ хариуцлагыг хүлээх болчихож байгаа юм.” гэсэн “суут үг” хэлсэн ба мөнгөний бараа харсан монголчууд үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн юм. Бүгдээрээ хариуцна шүү…

Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Тэр үед Ч.Улаан “би мөнгө олж ирсэн” учраас бас адилхан хуваалцана гэж бодоод их додигор байсан юм. Гэтэл хамаг мөнгийг нь Н.Батбаяр, Монгол банк хоёр аваад идчихэв. Хүн хөгшрөхөөрөө хүүхэд нохойн тоглоом болно гэж үүнийг л хэлдэг байх. Энэ нь АН болон МАХН-ын хооронд ан цав үүсэх гол шалтгаан болсон юм. Өөр юунаас болж муудалцах юм ?!

Бүтцийн өөрчлөлт
Монголын эдийн засаг системийн хямралд оров. Энэ талаар би “Хямралын гурван шалтгаан”, “Хямралын гуравдахь шалтгаан” цуврал өгүүлэлдээ тодорхой бичсэн. Тэнд би аль нэг намыг сайлаагүй, муулаагүй, зүгээр л системийн хямралын тухай бичсэн. Одоо ч бичиж байна.

Монголын улс төрийн өрсөлдөөн бол банк-санхүүгийн ноёлох байр суурь олж авахын төлөө өрсөлдөөн мөн. “Улс төрийн бодлого бол эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл мөн” гэж Лениний хэлснийг одоо болтол хэн ч няцаагаагүй байгаа. Монголын улс төр банк-санхүүгийн өрсөлдөөнийг хачин сайхан халхалж байгааг дээр дурдсан. Үнэн хэрэг дээрээ АН, МАН-ын олигархууд эдийн засгийнхаа том шийдвэрийг хамтран гаргадаг юм. Өрсөлдөөн мөнгийг хэн мэдэж тараах вэ гэдэгт л байдаг. МАН засгийн эрх барьж, Н.Алтанхуяг орлогч хийж байхад ч тийм байсан, одоо МАН “туслах” болсон үед ч тийм л байна.

Монголын намуудын ойртолт их сонин. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Т.Бадамжунайгаар дамжуулан М.Энхболдтой тун ойрхон байдаг бөгөөд энэ холбоо өнөөгийн МАН-ын дээд удирдлагад бүрэн нэвчсэн бүтэцтэй. Нэг хэсэг АН-ыг Н.Энхбаяр удирдаж байсан бол одоо хувь заяаны шоглоомоор МАН-ыг Ц.Элбэгдорж удирдаж байна. Тэгсэн атлаа Засгийн Газрын эсрэг хөдөлгөөнд МАН-ын цаана Ц.Элбэгдорж ямагт байх жишээний. Хэрэв үүнийг хэн нэгэн худал гэвэл би нэмж батлахад бэлэн байна.
МАН хоттой хонь шиг болсон бөгөөд хэзээ шоронд орохоо хүлээсэн хөгийн аймхай шаарууд болон хувирсан байна. “Шорон, цөллөг хоёр үзээгүй хүнийг ямар юмынх нь хувьсгалч гэдэг юм” гэсэн Держинскийн суут үг байдаг юм. Энийг бодохоос ч айдаг хулчгаруудаас МАН бүрдэж байна. Нөгөө талаас МАН-ын тодорхой хэсэг Н.Алтанхуягийн “улаан фен” юм. Шалтгаан нь Ц.Элбэгдорж болон өөрийн намын олигархитай “тэмцэж” байгаа юм гэнэ. Ийм байхад улс төрийн тэмцэл хийнэ гэдэг лөөлөө л болдог байхгүй юу…Үнэндээ хэрэг дээрээ Засгийн Газрын эсрэг хүчин МАН-д гэхээсээ АН-д илүү их байгаа. Ц.Элбэгдорж ч гэсэн энэ ангилалд орно. МАН болон АН-ын сөрөг хүчнүүд бүгдээрээ нийлбэл асар том хүч болох ба энэ бүрдэлт одоо ид явагдаж байна…

Нөгөө талаас геополитикийн хүчин зүйлд өөрчлөлт оров. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэдэг нь барууны анхаарал суларлаа гэсэн хэрэг юм. Манайхан гадаадын хөрөнгө оруулалт гэвэл Орос, Хятад хоёроос бусдыг ойлгодог. Мөн бүх гадаадынхан мянга мянгаараа Монголын үүдэнд байнга очерлож байх ёстой гэж ойлгодог. Ийм гэнэн ойлголт байж болохгүй л дээ.

Монгол Улс эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт хийх бодит шаардлага үүсэв. Энэ нь Монголын гадаад дотоод бүх бодлогод нэлээд том өөрчлөлт орохын эхлэл мөн. Ийм хүнд нөхцөлд Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ зарлав. Бүтцийн өөрчлөлт нэрийн дор Н.Алтанхуяг олон давхар мэх хийж байна:

Тэр давхар дээлээ тайлж байна. Ингэснээрээ тэр сөрөг хүчний шаардлагыг биелүүлж байна. “Тэгээд яагаав, Та нарын хүсэлтийг л биелүүллээ”. Ингэж хэлэхэд МАН өөдөөс нь юу гэх юм ?!

“Тайлсан дээлнүүдээ” УИХ-д хүч нэмж өгч байна. Одоо сонгууль дөхөж байхад УИХ шиг ашигтай газар хаа байна ?! Ямар гудамжинд гаргаж байгаа биш. АН-ынхан лааз өшиглөхөө мартаад удаж байгаа. Хүчээ ингэж тараах нь хамгийн ашигтай хувилбар юм.

Засгийн Газарт цэвэрлэгээ явуулж байна. Энэ ч харин хамгийн таатай ажил юм. Та нарын шүүмжлээд байсан сайд нарыг “халаад хаясан” гэхэд хэн юу хэлэх юм ?! Бас төрийн удирдлагыг хөнгөн шуурхай болгож, орон тоо хэмнэсэн, төсвийн мөнгө хэмнэсэн гэж хэдэн тоо хэлэхээ мартана гэж бодож байна уу ?! Мэдээж ямар нэг тоо гарч л таараа.

АН-ыг хураан бөөгнөрүүлж байна. Одоо Засгийн Газрыг дага, үгүй бол зайл гэж байна. Энэ тохиолдолд ихэнхи фракц бүлэглэл түүнийг дагах магадлал асар ихэснэ.
Эрх мэдлийг төвлөрүүлж байна. Улс төрийн бүх өрсөлдөгчдөө саармагжуулав. МАХН-ыг бараг устгав. МАН-ыг ёстой “алаад хаяв.” МАН тэмцлийн сэдэлгүй болов. МАН яалаа гэж, юуны төлөө тэмцэх юм ?! Тэмцэх зоригтой хүн байвал эхлээд шоронгоор дамж. Цагдаагийн хурандаа нарыг харж байгаа биз…

Түрүүлж мэх хийж байна. Бүх мэхээ дагуулж хийж байгаа нь хамгийн зэвүүн. Энд хариулах тун хэцүү. МАН л лав сонгууль болтол бодож амжих нь юу л бол ?! Мөн Ц.Элбэгдоржийн үйл ажиллагаа илт саармагжив. “Хүн айлгадаг” шоронгийн түлхүүр өөр шиг нь хүний гарт орвол юу гээч болохыг ойлговол ойлгох хугацаа болсон баймаар…

Ингээд ямар ч хувилбараар Засгийн Газар бэхжиж таарч байна. Хэдхэн жилийн өмнө С.Баяр: “тэр бэрс гарчихсан хүү чинь хаа байгаам ?!” гэж басаж билээ. Харин энийг бол бэрс гарна гэдэг юм. Гамбитыг хийх шиг болов. АН шатар сайн сурчээ. Энэ нь АН-ын сайных биш, МАН-ын муугийнх гэдэг нь мэдээжийн хэрэг. Би бол ёстой хохь чинь гэж хэлэх эрхтэй…

Ингээд асуудал дуусна гэвэл тийм биш. Н.Алтанхуягийн эсрэг хүчин тун удахгүй хүчээ нэгтгэн дайралт хийх нь гарцаагүй. Ингээд ахиад л хатуу ширүүн өрсөлдөөн үүснэ гэсэн хэрэг. Харин энэ бол жичид нь ярих сэдэв юм…

Гэхдээ ийм том бүтцийн өөрчлөлтийг АН МАН-ын олигархууд зөвшилцөж тохиролцож байж гаргадаг гэдгийг би нэг муухан мэдээд байдаг юм.

Бүтцийн өөрчлөлтөд нэг л зүйл байхгүй. Улс орныг цаашдаа яаж авч явахав, эдийн засгийг ямар бодлогоор хөгжүүлэхэв, энэ их өр ширийг хэн, яаж дарахав гэдэг асуудал ор тас байхгүй.

Өөрөөр хэлбэл Монгол орны ирээдүй байхгүй. Бидний хойч үе өнөөгийн олигархуудын тарьсан лай ланчгийг эдлэх, өр ширийг дарaх гэж үйл тамаа үзэх жам ёс гэж байхгүй л дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж:
ganaa.mn блог

 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?