sonin.mn

МАН-д сөрөг хүчний ажил үнэндээ зохидоггүй юм. Насаараа дарга хийсэн баагийнууд ард түмний дунд үнэн таарахгүй аж. Саяхан Та нарын шоолдог байсан “гудамжны ажилд” чинь эв дүй, хамгийн гол нь ухаан сэтгэл, мэдлэг хэрэгтэй л дээ…


Нөхцөл байдал


Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Үүнийг Засгийн Газраас бусад нь хүлээн зөвшөөрөөд байна. Мөн үүнийг МАН болон бусад улс төрийн хүчин бүгд, түүний дотор ард нийтээрээ мэдэж байгаа. Энэ нөхцөлд Засгийн Газрын, цаашилбал АН-ын нэр хүнд, рейтинг буурах нь мэдээж хэрэг. АН-ын дотроос, УИХ дотроос ч гэсэн Засгийн Газрыг унагах уур амьсгал бүрдэж байна.
Үүнийг улс төрийн сөрөг хүчний хувьд бэлэн хоол гэж нэрлэдэг. Гэтэл МАН-д үүнийг ашиглачих хүсэл зориг, ухаан сүүхээ, мэдлэг мэдээлэл, эр зориг, хүч чадал дутав. Ер нь юм бүхэн дутав.
Засгийн Газар байтугай, тэдний дээлийг тайлж чадсангүй…
Засгийн Газрыг огцруулах байтугай, нэг сайд сугалчихаж чадсангүй…
Сүүлдээ жагсаал цуглаан ч хийж чадахаа болив.
Хийж чаддаг юм нь мэдэгдэл, уриалга хоёр болов.


МАН сүүлийн 2 жил нийтдээ 20 гаруй мэдэгдэл гаргасны агуулга нь Засгийн Газрыг дээлээ тайл, огцор, сайдаа огцруул гэсэн байсан. Ингэж болно л доо. Ямар хүн хайрлаад баймаар, олигтой Засгийн Газартай байгаа биш !!! Гэхдээ улс төрийн сөрөг хүчин гэдэг чинь мэдэгдлийнхээ араас ажил хийдэг юм байгаа биз дээ…


Хөгийн “ажил”


Засгийн Газрыг унагах гээд өөрөө дийлэхгүй болохоороо парламентын бус намууд, иргэний нийгмийн байгууллагуудыг МАН баахан баадуудсан юм.
Энэ хавраас улс төрийн жижиг намуудын хурал хаа сайгүй болж, УИХ-д суудалгүй 10 гаруй намын дарга Засгийн Газрыг огцруулахыг шаардсан бичиг өргөн барьж, УИХ-ыг тараах тухай яриа өрнөж, жагсаал цуглаан хийнэ гэж илт ярих болсон. Эдгээр цуврал арга хэмжээний цаана МАН байсан ба ил шууд дэмжихгүй ч маш олон сувгаар дээрх үйлдлийг хөхиүлэн дэмжиж байсан юм. Үүнийг ч бас буруу гэх аргагүй юм.
Гэтэл хоёр хөршийн тэргүүний айлчлал дөхөөд ирмэгц МАН гэв гэнэт мэдэгдэл-уриалга гаргав. Энэ мэдэгдэл-уриалга манай улс төрийн болон МАН-ын практикт анхны бөгөөд хачин сонин үзэгдэл болж байна.
Энд мэдэгдэлд: “Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын асуудлуудаар улс төрийн бүхий л намууд нэгдмэл байж, улс эх орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Үүнийхээ дээрээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “бид эрх баригчдад туслах ёстой” гэж хэлжээ.


Өнгөц харахад ямар ч гэм халгүй, буруугүй, найрсаг,энх тайванч энэ мэдэгдлийн цаана улс төрийн ихээхэн ноцтой зарчмын алдаа, үр дагавар байгаа юм. Манайхан үүнийг огт олж харахгүй байна.
Нэг. “Эв нэгдэл” зөвхөн айлчлалын үед ач холбогдолтой юу, эсвэл үүрд үргэлжлэх үү гэсэн асуултад МАН-ын мэдэгдэл ямар ч хариулт өгөөгүй.

Хэрэв зөвхөн айлчлалын үеэр хүчин төгөлдөр гэж мэдэгдэл гаргасан бол МАН цаг зуурын ашиг хонжоо харсан хөгийн новш. Хэрэв АН-тай “үүрдийн найрамдал” тогтоож байгаа бол сөрөг хүчин байхаа болилоо гэдгээ зарлан тунхаглаж байгаа, бас л адилхан новш.
Хоёр. МАН эрх баригчдад туслах уу, ард түмэнд туслах уу. Энэ удаад эрх баригчдад тусална гэдгээ МАН илэрхийлсэн. Эрх баригчдын эрх ашиг ард түмний эрх ашгаас үлэмж зөрсөн өнөөгийн нөхцөлд МАН эрх баригчдын талыг баримтална гэдгээ илэрхийлсэн байна.
Гурав. Парламентын бус намууд, иргэний нийгмийн байгууллагуудыг баадуудаж, хулхидаж болно. Энэ ч яахав, сурсан зан нь. Цаашид наад МАН-д чинь хэн итгэх болж байна.
Дөрөв. Тэмцэх үү, найрамдах уу. Нэгэнт хугацаа заагаагүй болохоор МАН, АН-ын “эв нэгдэл, найрамдал” үүрд мөнх үргэлжилнэ гэж бүх монголчууд ойлгох ёстой болж байна. Ингэвэл АН, МАН хоёр хамтарсан, нэг нам гэдгээ шууд хэлэх хэрэгтэй. Баабараар далдуур бичүүлээд байх хэрэг байхгүй.
Тав. Хэрэв эрх баригчдын эсрэг, Засгийн Газрын эсрэг, АН-ын эсрэг тэмцмээр байгаа бол өмнөх “эв нэгдлийн” мэдэгдлээ хүчингүй болгох ёстой. Яагаад гэвэл хэн ч гэсэн МАН-аас хэдийдээ Та нар эв нэгдэл зарладаг, хэдийдээ тэмцдэг юм гэж асууж л таарна байх. Одоо сонгууль дөхөөд ирэхээр Та нар ичихгүй “тэмцэж” л таарна даа…


Ийм хөгийн сул Засгийн Газрыг унагаж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа мэдэгдлээ зөв гаргаад сурчихвал Та нарт л хэрэгтэй байх…


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог

 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?