sonin.mn

Уг нь энэхүү ил захидлыг БНМАУ-ын үеийн төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнэ 1996 онд тэр үеийн МАХН-ны дарга Н.Энхбаярт хандан бичиж байжээ. Энэ захидлыг 2003 оны 2-р сарын "Монгол таймс" сонины №5-д сэтгүүлч Ч.Куланда С.Эрдэнэ гуай биднийгээ орхиод явсан ч... Ямагт цаг үеэсээ түрүүлж холыг хардаг агуу хүн байсан.

Түүний сэтгэлийн зовнил цагаа алдахгүй гэж хэлж байсан шиг өнөөдөр ч бас захидлын үзэл санаа цагаа алдаагүй ч юм шиг, магадгүй хүү Э.Бат-Үүлдээ зориулан илгээж мэдэх юм. Учир нь Энхбаярыг ширээ өмч хоёроос өөр эр зориггүй холын бодолгүй холын шуналтай хутагтын дүрээр амилсан бэрд-идээчин гэж тодорхойлжээ.

Тэгвэл өнөөдөр Э.Бат-Үүл ардчиллын нэрээр ямар том олигарх, ямар том баян болж баяжсаныг түүнийг рекламдсан телевизүүдийн нэвтрүүлгээс харлаа гэж доктор П.Нэргүй хэлсэн.

Э. Батүүл ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийн нэрээр дураар авирлаж, мод тайрч, хуучин байшингуудыг нурааж, дэлхий нийт эсэргүүцээд байгаа унаган орчин, унаган байгаль сүйтгэдэг, геноцит аллагийн зэвсэг-генийн өөрчөлттэй цэцэг ногоо зүлэг-нэг наст үрийг тарьж байна. Энэ бол аюул гэдгийг ойлгохгүй байна гэж үү, ухаарахгүй байна гэж үү?

Улсын төв музейгээс авахуулаад Улаанбаатарын хуучин өнгө төрх болсон олон байшин барилгыг нурааж байна. Улаанбаатарын унаган ургамал улиас, хар мод гэх мэтийн олон зуун мод, зүлгийг хайр найргүй устгаж байна. Тэд ямар ч марксизм, ленинизмтэй хамаагүй ээ.

Улаанбаатарын хаяг адресийг хар. Монгол нэртэй английн тосгон юм уу? бид харь хэлний улс юм уу? хэрвээ түүний эцэг зохиолч С.Эрдэнэ гуай амьд байсан бол дараах захидлыг хүүдээ хаяглан бичих байсан болов уу?


"Насны даваа руу ихэд уруудсан хойноо миний хүүхдээс ялгаагүй залуу хүнд ийм хатуу хайрган үгтэй захидал бичихэд хүрэх юм гэж санаагүй явжээ. Би баяр гомдлоо илэрхийлэх хэвлэлийн талбар гээч юмыг олон жилийн өмнө олж авсан учраас иймэрхүү элистоляр жанрын юмаар маруухан хүний л нэг. Гэвч мэргэн дүүд энэ хэдэн үгийг бичихээс аргагүйд хүрсэн шалтгааныг минь ойлгоно бизээ.

Би энэ Монгол газар 70-аад жил хүн болж, хүзүүн дээрээ толгой тээж явахдаа цөөн дайсантай, олон нөхөртэй явлаа. Тэгээд ч гайхалтай нь намайг хүний хувьд гэхээс халхад алдартай буриад зохиолчийн минь хувьд үзэн яддаг байсан Ж.Бямбаа, Лха.Дарьсүрэн нар надаас түрүүлээд явчихжээ хөөрхий. "Всем смертям назло" гэдэг үгийг би сэтгэл будангуйрах хүнд үедээ хааяахан санадаг юм. Энэ үгийг одоо би чамд хэлэх л гэж үүнийг бичлээ.

Чи бид хоёрын хооронд энэ Монгол Улсын иргэн болохоос өөр ямар ч холбоо байхгүй. Буриад эхийн хэвлийгээс төрсөн хүү гэж зүгээр нэг жалганы маягийн талтай нүдээр би чамайг харж явдаг байлаа.

Би бол амьдралын урт зам туулж олон янзын бас ч муугүй гярхай нүдтэй зохиолч, хүний сэтгэхүйн талын бага зэрэг мэдлэгтэй учраас зохиолчдын хороонд чамтай ганц хоёр жил ажиллахдаа жаахан зайнаас ажин харж, холын бодолтой нь, холын шуналдаа дийлэгдэж мэдэх хүн юм даа гэж боддог байсан юм.

Хожим Соёлын яамны сайд байхад чинь энэ бодол минь улам лавширсан. "Одоо бол чамайг хутагтын дүр эсгэсэн их шуналтан байжээ гэж шулуухан хэлье. Чиний мэтийн ийм жигтэй шуналтнууд, "өдрийн завсрын ноён" болох цаг төрийн байдал Монголд нүүрэлснээр чи маш богино хугацаанд "умопома-ратчительный карьер" хийж Хувьсгалт намын толгойд залуу шинэ хүчин гарч ирэх цаг болсон нь үнэн.

Гэхдээ чамтай адил дүүрсэн карьерист биш ухаантай буурьтай багачуул гарсан бол сайн байсан юм. Чи намаа, магадгүй улсаа аваад явчих ухаантай буурьтай хүнсэн бол Хувьсгалт намаа аврах гээд булшилж яваа Роозонтон мэтийн реваншистуудын дуу хоолой болох ёсгүй байсан. Гэтэл чи гэнэт Монголын Зюганов болчихлоо.

Зүй нь чи засаг төрийн эрх барьж буй үе тэнгийхэнтэйгээ реваншистудын гар хөл болж үзэлцэх биш ухаан мэдлэгээрээ, улс төрийн зүтгэлтний буурь сууриараа "үзэлцэх" ёстой байсан. Гэтэл ерөнхийлөгчийн суудлыг одооноос зүүдлэн, гагцхүү мөнөөх холын шуналдаа автан уулгардаж, цаг төрийн харьцангуй тогтвортой байдлыг яг энэхэн үед устгахыг санаархан давшилж эхэллээ.

Чиний улс төрийн хараа харин энэхэн эгзэгтэй цагийг олоход л хүрэлцлээ. 70 гаруй жил ардынхаа хүзүүн дээр мордож амьдрах чадваргүй болгосон Хувьсгалт нам тэр л амьдрах чадваргүйн эрхээр тоталитар ёсыг эргэн санагалзаж эхэлсэн хөөрхий олныхоо сэтгэлээр тоглон чамайг гаргаж ирснээс биш чи намдаа ч, улсдаа ч, гавьяатайдаа гарч ирээгүй.

Чиний үзэл бодлын талаар би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Гэхдээ чи намын толгойд гарахдаа хар Африкийн нэгэн үеийн дарангуйлагчид өмсөж, бас багагүй цус нөж болгосон "Ардчилсан социализм" гэдэг хуучин багийг өмсөж Хувьсгалт намын үеэ өнгөрөөгсөд болоод гэнэн багачуулыг илбэдээд гарч ирсэн...

Чи хэдэн жил Соёлын яамны сайд байхдаа сайн дүр эсгэхээс цааш ер гараагүй. Цагтаа Эрдэнэзуугийн мөхлийн тухай дуулиантай шиг өгүүлэл бичсэн шинэхэн сэтгүүлч Сайдын суудал эзлээд тэр Зуугаа өөд татах талаар юу ч хийгээгүй мэтийг чинь тоочоод яах вэ.

Хэрэв чи үнэхээр шашин соёлоо хүндэтгэдэг хүнсэн бол /төвд хэл сураад бурханы шашны сургаалын гайхамшгийг мэдэж эхэллээ хэмээн ярьсан байсныг чинь би мартаагүй/ Хувьсгалт намын! касст хэдэн зоос оруулах л зорилгоор "бардаж" босгосон Лениний музейн барилгыгдүрслэх урлагийнхаа музейд өгчих эр зориг гаргах л байсан.

Гэтэл чиний эр зориг огт өөр юманд буюу ширээ, өмч хоёрт л зориулагдах нь тодорхой. Сайд байхдаа чи Соёлын сангийн санаачилж хйисэн ажлыг өөртөө хаяглачихаас ичдэггүй байсан. Чи бас муухай хоёр нүүр гаргаж чадаж байна аа.

Үнэхээр шинэ цагийн эринд намаа авч явах хүсэл зорилготойсон бол 1930-1940 оны аюулт яргалал харгислалын төлөө олон түмнээс уучлал гуйдаггүй юм аа гэхэд ядахдаа тухайн үеийн харгис бурангуйчуудыг буруушаан зэмлэх ухаан хүрэх л байсан. Гэтэл байчихаад бараг л өөрөө хэлмэгдэлд өртсөн гэх нь холгүй "тангарагийн гэрээ" байгуулна хэмээн цаана бол өнөөх л реваншист холын санаатай санал хэлээд сууж байна.

Би чамд үүнийг л шулуухан хэлье гэсэн юм, эрвээхэйн насгүйгээ би мэдэж байна. Гэвч "всем смертям назло" хэдэн жил явах даа л явна. Чиний мэтийн хутагтын дүр эсгэсэн бэрднүүдтэй үзэлцэж яваад л дуусна."

Эх сурвалж: "Хөх толбо" сонин