sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийх ажлын айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлнэ.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлаар санал солилцоно.

Мөн “Эрдэнэт”, “Монгол Росцветмэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, эрх зүйн орчинг нь сайжруулах талаарх яриа хэлэлцээр хийхээс гадна хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр махны экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал 6 цаг үргэлжилнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчлалынхаа эхэнд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийж, зарим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээс гадна Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барин, Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөр өндөрлөх юм.

Владимир Владимирович Путин 1952 оны 10 дугаар сарын 7-нд Ленинград хотноо төрсөн. 1975 онд Ленинградын Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетыг төгсөн, Улсыг аюулаас хамгаалах байгууллагад, 1985-1990 онд БНАГУ-д тус тус ажиллаж байжээ. 1990 оноос Ленинградын Улсын Их Сургуулийн ректорын гадаад харилцаа хариуцсан туслах, Ленинград хотын Зөвлөлийн даргын зөвлөхөөр, 1991 оны 6 дугаар сараас Санкт-Петербург хотын Захиргааны Гадаад харилцаа эрхэлсэн хорооны дарга, 1994 оноос Санкт-Петербург хотын Засгийн газрын нэгдүгээр орлогч даргаар, 1996 оны 8 дугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын орлогч даргаар, 1997 оны гуравдугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ерөнхий хяналтын газрын даргаар, 1998 оны 5 дугаар сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, 1998 оны 6 дугаар сараас ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны захирлаар ажиллахын хажуугаар 1999 оны 3 дугаар сараас Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 1999 оны 8 дугаар сараас Оросын Холбооны Улсын Засгийн газрын даргаар ажиллаж байв.

1999 оны 12 дугаар сарын 31-нээс Оросын холбооны Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 2000 оны 3 дугаар сарын 26-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2004 оны 3 дугаар сарын 14-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон. 2008 оны 5 дугаар сарын 7-нд ОХУ-ын Засгийн газрын даргаар томилогдсон.

2012 оны 5 сараас Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Эдийн засгийн ухааны доктор. Герман, англи хэлтэй.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг