sonin.mn

Бид өнөөдрийн дугаараасаа эхлэн иргэдийн үгийг ги­шүү­дэд цувралаар хүргэх болно. Учир нь парламентын зөө­лөн сэнтийд заларсан эрхэм гишүүд ард иргэдэд өгсөн амлалтаа хэдийн ор тас мартжээ.

Ийнхүү тэдний март­сан амлалтыг сануулах үүднээс сонгогчдынх нь үгийг, үзэл бодолтой нь хамт дайж байхаар шийдсэн юм.

Энэ удаа Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Арвин хатагтайг онцолж байна. Эрхэм гишүүн та баянзүрх­чүүдэд “Улиастайд зам, Гацууртад гэрэлтүүлэг тавина. Амгалангийн 69 айлын байрыг засна. Алтан-Өлгийнхэнд худаг барьж өгнө. Улаанхуаранд хүүхдийн цэцэрлэг барина.

Тэр ч иргэнд, энэ ч айлд газар олгуулна. Тэр ч сургуулийг засна, өргөтгөнө, олон зуун ажилгүй залууг ажилтай, сургууль­тай болгоно” гэх мэтээр ярьж, сонгогчдын итгэлийг олсноор УИХ-д гарч ирсэн.

Та бас “Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлнэ, төрийн албан хаагчдын цалинг өсгөнө, эмэгтэйчүүд, эх, нялхсын төлөө ихийг хийнэ ээ...” гэж өдөр шөнөгүй шахам ярьж ам­ласан. Тэр бүхнийг өнөөдөр баянзүрхчүүд танаас нэхэж байна.


Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Ж.Баатар: Хөгшчүүлээ л дэмжмээр байх юм

УИХ-ын гишүүн Д.Арвин сонгогдсоноос хойш нэг ч удаа бидэнтэй уулзаагүй. Тэгсэн атлаа хааяа нэг теле­виз, сониноор иргэд, сон­гогчидтойгоо уулзлаа гээд л ярих юм. Уг нь бидний саналыг авч л парламентад суусан хүн шүү дээ. Гэхдээ би огт юу ч хийгээгүй гэж хэлэхгүй. Тодорхой хэмжээнд юм хийсэн л байх.

Одоо ард түмнээс сон­гогд­сон, биднийг төлөөлж УИХ-д суугаа хүний хувьд хөгшчүүл биднийг харж үзэх, хөгшид, хүүхдүүдэд чиглэсэн ажлыг хийх хэрэгтэй байна. Наад зах нь тэтгэвэр тэтгэмжийг маань нэмдэг ч юм уу.

Хөгшчүүл биднийхээ амьд­рал ахуй, амьжиргааг юу хийж, дэмжвэл гоё, сайхан болох уу тэр бүхнийг л хиймээр байна. Тэгэхгүй бол бид чинь хэцүүдлээ шүү дээ. Бас ганц бие, ядуу өрхүүдийг дэмжмээр бай­на. Хий хоосон л яриад байх юм. Хэрэгжиж байгаа зүйл алга.

Сонгууль болохоор л чихэн дээр цэцэг ургуулдаг. Саналаа авсны дараа бид­нийг мартчихдаг улстөрч эмэг­тэй хэрэггүй ээ.

Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн М.Туяа: Д.Арвин гишүүн нэг ч удаа бидэнтэй уулзаагүй

УИХ-ын гишүүн Д.Арвин яг манай хо­роо­­ноос сон­гогдсон. Пар­­­ла­ментад суу­далтай болсноосоо хойш бидэнтэй нэг ч уулзаагүй. Үүнд нь иргэд сэтгэл хангалуун бус байдаг.

Тэр ч битгий хэл саналаа өгсөндөө харамсдаг. Энд тэнд ярилцлага өгч байгаа нь харагдахгүй юм. Тийм байхад иргэдтэйгээ уулзаж зовлонг маань сонсох ч өдий байлгүй дээ.

УИХ-д сонгогдож гарч ирснээсээ хойш Д.Арвин гишүүн юу ч хийгээгүй гэдгийг л мэднэ. Одоо түүнд юу ч хэлэх юм. Хэлж, хүссэн ч ойлгохгүй, сонсохгүй биз дээ. Сонсдог бол хамгийн эхэнд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг л шийдэж өгөх хэрэгтэй байна.

Баянзүрх дүүргийн I хорооны иргэн Л.Гантулга: Намаа сольсоноос өөр юу хийсэн юм

Засгийн газар эдийн засгаа 100 хоногт сайжруулна л гэсэн. Үр дүн нь одоо хэр нь гараагүй байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт л доройтож байна.

Юмны үнэ нэмэгдэж байна. Тойргоос маань сонгогдсон гишүүд хэний хүчээр гарч ирсэнээ мэд­дэггүй юм уу, эсвэл мартчихдаг юм уу. Ги­шүүд хэчнээн хэлж ярь­сан ч өөрсдийнх нь мэд­лээс хол зүйл байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ л Д.Арвин ги­­­шүүнийг чуулганы ху­­рал­даанд бидний төлөө үг хэлж суухыг сонсоогүй. Ямар сайхан зүйл амлаж нөхөн сонгуулиар гарч ирлээ дээ. Тэр бүхнийгээ одоо дүгнэж, цэгнэх цаг нь болсон л байх.

Түүний хувьд юу ч хийхгүй байгаа. Намаа өөрчилснөөс өөр юу хийсэн юм. Ийм байж болохгүй биз дээ. Засаглал, эрх авсан газарт нь ороод өөрийгөө хамгаалаад сууж байж болохгүй шүү дээ.

Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Л.Сарангэрэл: Их л сайхан зүйл амлаж гарч ирсэн хүн дээ

Эмэгтэй гишүүд ямар ч ажил хийхгүй байгаа шүү дээ.

Ялангуяа манай дүүр­гээс сонгогдсон УИХ-ийн гишүүн Д.Арвин. Би лав хууль санаачлаад юм хийж байгааг нь хараагүй, дуулаагүй. Учир нь ол­дохгүй мөрийн хөтөлбөр танилцуулж, иргэдийн амьд­ралыг дээшлүүлэх юм ярьж, баахан бурж байгаад л гарсан. Одоог хүртэл хийж гийгүүлсэн зүйл нэг ч алга.

Ганц Д.Арвин гишүүн ч биш УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд амлалтаа биелүүлж, юм хийсэн юм уу, би л лав мэдэхгүй юм байна.

Эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаална, хүчирхийллийг үгүй хийнэ гээд л баахан хоосон амлалт өгөө биз дээ. Тухайн үед их л сайхан зүй­лүүдийг амлаж байсан санагдана.

Гэтэл хийж байгаа нэг ч зүйл харагдахгүй, ард иргэдийгээ бодохгүй л байна шүү дээ. Би бол юу ч хийхгүй байна л гэж хэлнэ. Дээр нь уулзах хүсэлт тавьсан ч хүлээж авдаггүй. Өргөдөл өгсөн ч хариу өгдөггүй. Ийм л хүн.

Баянзүрх дүүргийн I хорооны иргэн Э.Янжиндулам: Манай хороонд нэг ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй

Хааяа л нэг уулзалт хийдэг нь юу юм гэхээс ганцаарчилж хүлээн авч уулзахгүй юм.

Д.Арвин гишүүний хувьд МАН-аасаа урваж, АН-д очихдоо их л хэл аманд өртөх шиг боллоо. Манай дүүргээс сонгогдсон гишүүдийн нэг нь ч сонгогчидтойгоо уулзаагүй байх аа. Лав л манай хороогоор нэг ч ирээгүй.

Өндөр настай бид Д.Арвин гишүүн нарыг ирж, уулзсангүй гэж гомдоллох юм алга. Гэхдээ УИХ-д сууснаасаа хойш иргэдийн амьдралыг дээшлүүлж, сайжруулах нэг ч зүйл хийгээгүй. Ганц ч бүтээн байгуулалтын ажил өрнөөгүй.

Юуг нь нуух вэ, шуудхан хэлэхэд юу ч хийгээгүй хүн дээ, Д.Арвин гишүүн.

Баянзүрх дүүргийн VII хорооны иргэн Р.Цэнгэл: Д.Арвин гишүүн Баянзүрх дүүргээс сонгогдсон нь л үнэн байх

УИХ-ын гишүүн Д.Арвиныг юм хийж байгааг нь олж харахгүй байна. Үнэндээ юу амлаж гарч ирснийг нь ч мартчихаж ээ.

Өнгөр­сөн долоо­дугаар сард иргэдтэй уулзсан гэсэн. Өөрөөр бидэнтэй уулзаагүй. Ёстой Баянзүрх дүүр­гээс сон­гогдсон нь л үнэн байх. Зөвхөн Д.Арвин гэлтгүй бүх гишүүд адилхан гэж бодож байна. Анх УИХ-д сонгогдоход нь иргэд зовлонгоо ярьж, их л зүйл захисан санагдана.

Нөгөө хэд нь ч гэсэн сайхан зүйл амлаад л гарч ирсэн. Одоо аль аль нь араас нь нэхэл дагуул хийхээ байчихаж. Залхаад тэр биз. Чин үнэнийг хэлэхэд УИХ-ын гишүүд тойрогтоо ямар зүйл амлаж гарч ирснээ санах хэрэгтэй. Эргэж харах нь чухал.

Сонгууль нэгээр дуусахгүй шүү дээ. Дахиад сонгууль болж л таарна. Иргэдийн итгэл гэж нэг айхтар зүйл бий шүү дээ. Тиймээс амлалт, бүх зүйлээ эргэж харах цаг нь болсон.

Баянзүрх дүүргийн I хорооны иргэн Г.Отгонбаяр: Зөөлөн сэнтийд залраад жирийн иргэдээ мартчихсан

Сайн хэлж мэ­дэхгүй байна. УИХ-ын гишүүн Д.Арвиныг той­рогтоо юм хийлээ гэж би л лав дуул­сангүй. Ямар замаар УИХ-д удаа дараа сонгогдоод байдаг нь эргэлзээтэй л юм. Ер нь тэгээд ганц Д.Арвин ч биш бусад гишүүд парламентын зөө­­­лөн сэнтийд зал­рахаараа жирийн иргэдээ март­чихдаг нь гэм биш зан болж. Их л сайхан сайхан зүйл амлаж бидний санал, дэмжлэгийг авсан.

Тухайн үед ямар зүйлүүд амлаж байснаа эргэж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ улс орон чинь хэцүүдлээ. Эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргаа шалдаа буулаа. Бараа бүтээгдэхүүний үнэ талийж өглөө. Бид эдгээр асуудлыг шийдвэрлүүлэх гэж л өөрсдийгөө тө­лөөлүүлж УИХ-д суулгасан биз дээ. Гэтэл тэднийх нь байж байгааг.

Үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Хэлээд ч ямар ойлгох биш дээ.

Б.Төрбат

Эх сурвалж: