sonin.mn

Герман улсын “DW” сайтын сэтгүүлч Габриэль Домингуез ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины төрийн айлчлалыг Хятадын дарга Си Зиньпиний айлчлалтай холбон бичсэнийг хүргэж байна.

Гол түншүүд
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улстай харилцах харилцаагаа иж бүрэн стратегийн түвшинд хүргэхийн тулд төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн.

Хөрш зэргэлдээ Хятадын адилаар Орос улс нь уул уурхайн их нөөц баялаг ихтэй Монголын дэд бүтцийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар таатай нөлөөлөл бий болгохыг зорьж байж болох юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар Улаанбаатарын стратегийн нэн тэргүүний зорилт нь дэд бүтцийн салбар юм. В.Путины айлчлалын гол хөтөлбөрт худалдаа, дэд бүтцийн салбарын яриа хэлэлцээ хийх, хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах зэрэг асуудал багтаж байгаа юм.

“IHS” дэлхийн мэдээллийн фирмийн Ази, Номхон далайн бүсийн ахлах шинжээч Нэйл Эшдаун “Орос улс дээд түвшний төлөөлөгчдөө илгээж буй энэ айлчлал нь Төв Азийн улсыг сонирхох сонирхлоо үргэлжлүүлэхийн дохио” хэмээн хэлжээ.

Хятад улсын дарга Си Зиньпин далайд гарцгүй, байгалийн баялаг арвинтай Монгол Улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийх үеэр хоёр тал худалдааны гэрээ хэлэлцээ үзэглэхдээ 2020 он гэхэд жилийн худалдаа эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр амласан.

Гэхдээ гурван сая орчим хүн амтай ч Аляскийн хэмжээний нутаг дэвсгэртэй Монгол Улс шатахуун, түлшний 76 хувийг, цахилгаан эрчим хүчний нэлээд хэсгийг Оросоос импортолдог.

Харин Орос Монголын нүүрс, мөнгө, ураны уурхайн салбарт чухал байр суурьтай. Түүнээс гадна хоёр улс өнгөрсөн 2013 онд 1.6 сая гаруй ам.долларын худалдаа хийжээ.

Гурав дахь хөршийн бодлого
Хүйтэн дайны үед Монгол Улс нь ЗХУ-ын нөлөөнд байсан ч ЗХУ задран унаж Москвагаас мөнгөн тусламж өгч чадахгүй болсон. Тиймээс Төв Азийн Монгол нь ардчилал, зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжих эхэлсэн юм. “Гурав дахь хөрш” гэсэн нэртэй бодлогын дагуу АНУ, Япон зэрэг улсуудтай харилцах болсноор их гүрэн хоёр хөршөө түших нь багассан.

Монголын ДНБ-ний өсөлт 2011 онд 17.5 хувьд хүрсэн ч энэ оны эхний зургаан сарын байдлаар 5.3 хувьтай байгаа нь 2010 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байна. Эдийн засагчдын тооцоолсноор ДНБ-ний өсөлт энэ онд 9.4 хувь байх төлөвтэй. Энэ нь өнгөрсөн 2013 оны өсөлтөөс 2.1 хувиар буурсан үзүүлэлт болно.

Бээжин, Москваг тулах бодлого хэвээрээ
Хэдийгээр Монгол Улс гурав дахь хөршийн бодлогыг хөгжүүлж ирсэн ч Орос, Хятад хоёр хөршөө хэзээ ч солих боломжгүй. Шинжээч Нэйл Эшдаун “Монгол нь Япон, Өмнөд Солонгос, Канад, АНУ зэрэг орноос дэмжлэг авч байгаа ч хоёр хөрштэйгээ харилцах харилцааг тэнцвэртэй байлгахыг хичээсээр ирсэн.

Улаанбаатар энэ бодлогоо цаашид баримтлах байх. Эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй байгаа энэ үед Монгол нь Хятадыг дотносон түшихээс гадна Оросыг ч тулах болно гэж бид харж байна” гэж дүгнэсэн аж.

Мөн “Гэхдээ Бээжин, Москва урьд өмнөхөөс илүүтэйгээр Улаанбаатарыг чухалчилж байгаа нь ойролцоогоор 1.3 их наяд ам.долларын нөөцтэй гэж тооцоологдсон Монголын байгалийн баялгийг ашиглахыг хүсч байгаа гэж харагдаж байна” гэж нэмж хэлжээ.

Н.Тунгалаг

Эх сурвалж: