sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2014.09.02/ Баянзүрх дүүрэгт баригдаж буй “Гуравдугаар амаржих газар”-ын барилгын ажлын явцтай танилцлаа.

“Гуравдугаар амаржих газар” нь 1966 онд 150 ортойгоор Найрамдлын районы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж байсан ч 1990-ээд онд төрөлт эрс буурсан тул 1998 онд татан буулгасан байна. 2000 онд дахин ашиглалтад орсон ч хүчин чадал нь хүрэлцэхээ байжээ.

Одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй “Гуравдугаар амаржих газар” -ын шинэ байр нь  150 ортой, 10800 мкв талбайтай, зоорийн давхартайгаа нийлээд  зургаан давхар барилга юм. Тус амаржих газрын шинэ байрны  барилгын ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгч компаниар  “Цамхаг констракшн” ХХК ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, төрөх эмнэлэг хэзээ ашиглалтад орж эхчүүдийг хүлээн авах болон дотоод засал чимэглэлийн ажилд ашиглаж  буй барилгын материалын талаар  асууж тодруулсан юм.

“Цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Одгэрэл хэлэхдээ, “Бид  2014 ондоо багтаад “Гуравдугаар амаржих газар”-ын барилгыг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр зорилт тавин ажиллаж байна. Төрөх эмнэлэг гэдэг утгаараа дотоод засалд ихээхэн анхаарч орчин үеийн шинэ стандартад нийцсэн бактери тогтдоггүй материалууд ашиглаж байна. Төрөх эмнэлгийн  шалны хулдааснаас эхлээд өрөөний хаалга, гэрэлтүүлэг хүртэл бактери тогтдоггүй тусгай шинэ технологи” гэв.

Төрөх эмнэлгийн мэс заслын өрөөнүүдэд олон улсын эмнэлгийн жишигт нийцсэн бактери устгагчтай гэрэлтүүлэг суурилуулахаас гадна агаарын даралт дотогш бус зөвхөн гадагшилдаг агааржуулалтын системтэй байхаар барьж байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.