sonin.mn

ОХУ-ын ерөнхийлөгч, эдүгээ дэлхийн хамгийн нөлөөтэй хүн гэгдэх болоод байгаа В.В.Путины манай оронд хийх айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын “Россия сегодня” агентлагийн урилгаар Москва хотноо очсон багийн бүрэлдэхүүнд багтан олон байгууллага-хүмүүстэй уулзсан ту­хайгаа тус сонины №199 (4826)-т товч өгүүлсэн.

Хэдэн өдрийн турш хийсэн аялал, энэ зуур манай хэвлэлд гарсан зүйлийг ирж хараад зүгээр нэг товчхон тойм мэдээгээр “домоглож” боломгүй санагдсан тул компьютерийнхаа өмнө дахин сууж байгаа минь энэ. “Төрийн төлөө оготно боож үхнэ...” гэдгийг санавч нүдээр харж, чихээр сонссоны хувьд ингэх нь иргэний үүрэг биз. Ийн сууж байтал удаах нэгэн мэйл ирсэнийг хөрвүүлэн толилуулъя. Болгоогтун.

ОХУ-ын “РОТЕК” хаалттай хувьцаат нийгэмлэг мэдээлж байна. 2014.9.1

ОХУ-ын Уралын тур­бины завод буюу “РОТЕК” хаалттай хувь­цаат нийгэмлэг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ТЭЦ-4 эрчим хүчний шинэ блок барих гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор шинэ блокийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нийт системийн хүчин чадлыг 13 хувиар нэмэгдүүлэх ажээ.

Шинээр хийгдэж байгаа блокийн цахилгаан эрчим хүч гаргах хэмжээ 660-790 МВт-аар, мөн гарах уур, халуун усны хэмжээ ч нэмэгдэх юм байна.

Тус үйлдвэрийн за­хи­рлуудын зөвлөлийн дарга М.Лифшиц: “Энэ бол Зөвлөлтийн тогтолцооноос хойш бидний хийж байгаа хамгийн том гэрээт ажил бөгөөд үнийн дүн хоёр тэрбум орчим рубль...” гэснийг L.Vorobyeva@zaorotec.ru ЗАО “РОТЕК”-ээс ирүүлсэн юм. Мөн түүнчлэн “ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин танай оронд айлчлах гэж байгаатай холбогдуулан яаралтай илгээлээ” гэсэн нэмэлт тодотголтой байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

УИХ-ын Байнгын хорооны дарга нэгэн эрхэм:”...ОХУ-тай ха­рил­цах харилцаа хамтын ажиллагаа суларсан. Төрийн өндөр төвшний харилцаа ч хязгаарлагдмал болсон... Үүндээ бид дүгнэлт хийж, хоёр хөрштэйгээ бүх талын хамтын ажиллагааг ...өр­гөжүүлэх бодлогыг эрчимтэй явууллаа... ...

БНХАУ-ын даргын... айлчлалд сэтгэл хангалуун байгаа... түүхий эдийн бааз мэт байдаг асуудлыг цэгцэлье гэх зэрэг асуудлуудад хариулт өгсөн учраас сэтгэл хангалуун байхаас аргагүй... ...тойроод өнгөрчихсөн хийн хоолойн асуудлыг ярих хэрэгтэй... хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь өмнөд хөршөөс ... хараат болчихсон... асуудлыг ОХУ-тай ярил­цан шийдвэрлэх ёстой...

Украиныг тойрсон нөхцөл байдлуудаас шалтгаалаад ОХУ ... халуун дотно хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээ сунгана гэдэгт итгэлтэй байна... ОХУ манай төмөр замын 51 хувийг эзэмшдэг” гэх зэргээр төрийн хүний их зангараг гарган хариулсан сурвалжлага “Өглөөний сонин”-д гарсан байхыг хараад гайхлаа. Манай улсын өнгө төрхийг Монголын улстөрчид, монгол түмэн цэгцлэхгүй бууж мордсон БНХАУ-ын шинэхэн тэргүүн цэгцлэх гэж үү? Хэнийг үгүйсгээд байгаа юм бэ? Өөрсдийгөө юу, өргөн түмнийг үү?

Бас дээр нь “...бидний идэх ногоо 100 хувь (уг нь сүүлийн хэдэн жил манайх чинь бараг л өөрсдийгөө хангалаа гээд байсан биш билүү?) урд хөршөөс хангагдаж байгааг, ...УБТЗ-ын хувьцааны 51 (борог миний санахад 50+50) хувь эзэмшдэг” “их ах” маань төмөр замын тээврийг шийдэх учиртай бололтой зүйл ярьжээ.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд: “БНХАУ... гурван жилийн хугацаанд манайд тэрбум ам.долларын зээл өгөхөөр боллоо...” хэмээн мэдэгдсэн байна. Зээл нэртэй асар их өр. Араас нь юу дагах бол? “Өрөнд баригдаж, өтөнд идэгдэж байна” хэмээн улс төрийн сөрөг хүчнийхэн хоолойгоо сөөтөл орилоод удаж байгаа нь худал юмсан уу?

Энэ бол сүүлийн үед ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины манайд хийх айчлалыг угтан гарч байгаа мэдээллийн зах зух. Юу ч гэлтэй юм бэ дээ. Бас “...гуравдагчид тоохоо больсон цагт гуйгаад ирсэн хөршүүд...” гэсэн үг ч сонсогдож байна.

Ингэж хэлэх сайхан байж магадгүй л юм. Хойно, урдаасаа завсаргүй нөмрөн орших их хоёр хөршдөө ийн хэлээд бид юу хожих билээ? Газар дор их баялагтай гээд эдний дээгүүр давуулаад шидэх тэнхээ бидэнд бий юу? Бүү мэд дээ...

Төрийн мэргэн ухаан гаргавал зэвсэг барин дайрах олон орны хүрээнд байгаа хэрнээ даван хөгжиж болдогийг өчүүхэн Израиль орон харуулж байгаа л даа. Бас дэлхийн агуу орнуудын зэрэг зиндаанд санхүү-эдийн засгийн хүчин чадлаараа зэрэгцэн сууж болдогийг арлын өчүүхэн Сингапур ч харуулж байгаа.

Энэ мэтээс үүдээд цаг, хөрөнгө заран байж бидний хэдэн бичээчийг Москвад аваачин, Улаан талбай, Кремль, тансаг буудал, үнэтэй хоолны газраар хооллон, асуудал шийдэхгүй зиндааны хүмүүстэй уулзуулсан ямар учиртай юм бол гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Бидэнтэй бараг зэрэг шахам гэрээ хэлэлцээрээ тодруулах ажлын хэсгийнхэн буулаа гэсэн. Москвад сууж байгаа манай Элчин сайдын яамныхан уг нь биднийг Путины шууд удирдлагад ажилладаг “Россия сегодня” агентлагийн шугамаар ирлээ гэдгийг мэдэж байсан. Лав л бидэнд мэдэж байгаа гэж хэлсэн юм даг. Оросууд биднийг ийм ажлын уялдаа холбоогүй байгааг харах гэсэн юм болов уу? Тэгээд яах ч билээ дээ.

“Асуудал шийдэхгүй хүмүүс” гэж би арай ч хэтрүүлчихлээ. Надад ингэж хэлэх шалтаг юу байв гэж үү? Бидэнтэй уулзсан хүмүүс “...Ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсоор мэ­дэг­дэл хийгээгүй байна...; хоёр улс айлчлалын товыг хамтран тохирч, айлчлалаас долоон хо­ногийн өмнө мэдэгдэл хийдэг журамтай...; айлчлалын явцад хийгдэх гэрээ, хэлэлцээр дээр эцэслэн ажилладаг хүмүүс тусдаа байдаг; ажилладаг сэтгүүлчид ч тусдаа шүү” гэж байсан болоод би хэл “халитарч” тэгээд хэлчихсэн хэрэг.

Уншигч Та “айлч­лалын явцад хийгдэх гэрээ, хэлэлцээр дээр эцэслэн ажилладаг хүмүүс тусдаа байдаг...” гэж байгааг лав анзаарсан байх. Бас дээр нь манайхны ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө очсоныг би дээр хэлсэн. Харин одоо би ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны сайд И.Слюняев бидэнтэй уулзах үедээ юу хэлж байсныг өгүүлье.

Тэрээр:-Удаан жилийн нөхөрсөг харилцаатай, мөнхийн хөрш Монгол оронд манай улсын тэргүүн Владимир Владимирович Путин ажлын айлчлал хийх гэж байгааг олон талаас тайлбарлан хэлж болно. Юуны өмнө Монгол орны дорнод хязгаар буюу Халхын голд 75 жилийн өмнө Японы эзлэн түрэмгийлэгчдэд цохилт өгсөн ойг хэлж болно. Энэ дайныг янз бүрээр хэлж үнэлдэг. Орон орны түүхч, улстөрчид маргадаг. Харин би энэ удаад гурван зүйлийг онцлон хэлье.

I.1. Халхын голын дайнаар агуу их авъяас билэг төгөлдөр цэргийн жанжин Г.К.Жуков тодрон гарсан явдал. Энэ хүний цэргийн эрдэм чадал Халхын голд төдийгүй залгаад дэгдсэн Агуу их эх орны дайны хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн учраас бид ингэж онцолж байгаа юм.

I.2. Халхын голд болсон үйл явдлыг янз бүрээр нэрлэдэг. Юу ч гэж хэлдэг, нэрлэдэг байлаа гэсэн дэлхийн дайны угтал байсан учраас бид онцлон тэмдэглэх учиртай. Чухам юу болсныг манай залуу үе, хүүхэд багачууд мэдэж байх учиртай.

I.3. Дэлхийн дайны өмнө тухайн үед хүчирхэгжиж байсан улс орнуудын хооронд элдэв гэрээ хэлэлцээр хийгдэж байсныг бид мэднэ. Герман, Япон, Итали зэрэг орнуудын хооронд харилцан хүчээ нэгтгэх талаар гэрээ хийгдсэн байсан. Манай хоёр орны цэргийн нэгдсэн хүч Халхын голд Японы зэвсэгт хүчинд цохилт өгсөнөөр дайны цаашдын үйл явдлын өрнөлд өөрчлөлт орсон гэж бид үзэж байгаа юм.

II.1. Манай хоёр орны хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хууль эрхзүйн 100 гаруй баримт бичиг, гэрээ хэлэлцээрээр зохицуулж байна.

II.2. ОХУ, Монголын эдийн засагт эзэлж байгаа байр суурь, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ БНХАУ-ын дараа хоёрдугаарт байна. Өөрөөр хэлбэл манай хоёр орны хамтын ажиллагаа цаашдаа улам өргөжин тэлэх хууль эрх зүйн орчин ч, харилцан ойлголцон тохирсон нөхцөл ч бүрэн байна гэсэн үг. Бид хоёр талаасаа хүчин чармайлт гаргах л хэрэгтэй.

Уламжлалт харилцаа гэдгийг би жаахан тодруулж хэлье. Манай орны засаг захиргааны 60 гаруй бүс нутаг танай холбогдох аймаг, орон нутагтай аж ахуйн тогтвортой харилцаатай байна. Чиглэл чиглэлээрээ аж ахуй, арилжаа наймаа хийж байна.

Бид төрийн бодлогын хэмжээнд дэмжиж байгаа юм. Бид бүс нутгийг өөр өөрийн өнгө төрхтэй болон хөгжүүлэхийг чухалчилж байна. Тийм ч учраас бүс нутгийн хөгжлийн хэмээх захиргааны удирдлагын бүтэц ОХУ-ын засгийн газарт буй болоод 10 жил болж байна.

Манай хоёр орны хоорондын харилцаа бидний хүссэн хэмжээнд байна гэж би хэлж байгаа юм биш. Манай ерөнхийлөгчийн хийх гэж байгаа айлчлалтай холбогдуулан хийгдэж байгаа гэрээ хэлэлцээрийн талаар одоохондоо би илүү тодорхой хэлж болохгүй байна.

Би өчигдөр, өнөөдөр хоёр бэлтгэгдэж байгаа хорь гаруй гэрээ хэлэлцээрийн төсөлтэй танилцсан. Түүнээс гадна энэ бүх гэрээ, хэлэлцээр ерөнхийлөгчийн айлчлалын үед эцэслэн шийдэгдэх ёсгүй шүү дээ. Ерөнхий зарчимаа тохироод хэлэлцээрээ цааш үргэлжлүүлэн шийдэж болохыг бид үгүйсгэхгүй байгаа.

Бидэнд ярьж шийдэх ёстой олон асуудал бий. Манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчино гэдэг бол бүх талын харилцаа, түүний дотор их бага аливаа бизнес өргөжин тэлэхэд их түлхэц болно гэж бид харж байгаа. Төмөр зам, автозамын боломжийг өргөжүүлэх ёстой. Энэ бол ганц манай хоёр орны хоорондын асуудал ч биш.

Танай орон бол олон арван сая малтай. Харин манайх бол махны, тэр тусмаа адууны махны өргөн хэрэглээтэй орон. Бид яагаад алс холын орноос махны хэрэгцээгээ хангах гэж зүтгэх гэж? Танайд мах, махан болон мал аж ахуйгаас гарах бусад бүтээгдэхүүнээ борлуулах хэрэгцээ бий шүү дээ. Ганцхан тоо хэлье. Одоогоор манай хүн амын мах, махан бүтээгдэхүүний хангамж 30 хувь орчмоор дутагдалтай байна.

Гагцхүү харилцааны хэв хэмжээг тогтоосон хоорондын гэрээ хэлэлцээр болон олон улсын ёс журмыг сахин биелүүлэх ёстой. Манай хоёр орон хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд шүү дээ гээд яриагаа өндөрлөн “Асуул­тад хариулъя” гэсэн юм.

Бүс нутгийн хөгжлийн яам гэхээр их элбэг байдаггүй болов уу гэж санагдаж байна. Аж ахуйн яамдтайгаа зөрчилдөх явдал гардаг уу гээд л элдвийн олон асуулт бид тавьсан. Сайд ч бидний асуултад эвтэйхэн нь аргагүй хариулж байсан. “Бид танайд ирсэн маань ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотой гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хүн ард Оросын ард түмэнд, ОХУ-д уламжлал ёсоор эевэргүү ханддаг.

Путины айлчлалаас их зүйл хүлээж байгаа. Биднийг монголчуудад нааштай мэдээлэл хүргээсэй гэж та бүхэн санаж байгаа нь тодорхой. Тийм бол яагаад биднийг ерөнхийлөгчтэйгээ уул­зуу­лахгүй цаг алдаад байгаа юм бэ?” гэж хэт даварсан байж магадгүй асуулт ч тавьсан. Тэгэхэд сайд И.Слюняев бидэнд:

-Ерөнхийлөгч Путин олон улсын онц чухал, тулгамдсан асуудал хэлэлцээд Минск хотод явж байгааг та бүхэн харж байна шүү дээ. Түүнээс гадна манай ерөнхийлөгч ямар ч юмыг тал бүрээс нь шинжилж, шийдэлд хүрсэн хойноо л дуугардаг онцлогтой хүн. Одоогоор миний баттай хэлж чадах зүйл бол шаардагдах бичиг баримт боловсрогдож, мэргэшсэн хүмүүс дагнан ажиллаж байна.

Ерөнхийлөгч танай оронд ойрын үед айлчлал хийнэ гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж хэлсэн. Нээрээ ч бид дараа нь ОХУ-ын гадаад хэргийн яамаар орон Ази хариуцсан I департаментийн захирал А.Кулик гуайтай уулзаад гарахад тэрээр биднийг гаргаж өгөнгөө нэгэн өрөөний хаалга татаад “Энд манай “монголчууд” суудаг юм даа” гэхэд дотроос нь монгол хэлтэй, орос зүстэй хэдэн хүн гарч ирэн инээд хөөр болж байсан.

Тэдний нэг нь болох саяхан ОХУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан буриад залуу (Ракшеев байх аа)-г “Энэ маань Эрдэнэтэд консулаар томилогдсон. Ерөнхийлөгчийн айлч­лалтай холбоотойгоор яваагүй байна” гэж байсан. Ерөнхийлөгч В.Путины айлчлалын өмнөх уур амьсгал гэхүүдээ, бидэнд нэг ийм харагдсан.

 В.Путин манай улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл “Интерфакс”  агентлагт:

...Бид ноён Путины айлчлалын үеэр манай хоёр орны хоорондын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тун­хаг, энэ зорилгод хүрэх дунд хугацааны тө­лөв­лөгөөнд гарын үсэг зурах санал тавьсан. ...Айлч­лалын үеэр арав гаруй хэлэлцээрт гарын үсэг зурна...

- Монгол Улс болон Гаалийн холбооны хооронд чөлөөт худалдааны бүсийн төслийг хэзээнээс эхлэн хэрэгжүүлэх бол?
- Монгол Улс болон ОХУ-ын хооронд чөлөөт худалдааны бүсийн тухайд гэвэл манай тал тодорхой саналуудыг бэлтгэсэн, удахгүй Оросын талд өгнө.

- Монгол Улс Орос руу нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юу. Тийм бол ямар нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үүнд багтаж байгаа вэ?
- Төлөвлөгдөж байгаа байх. Манай тал ихэвчлэн мах, махан бүтээгдэхүүн санал болгодог. Гэхдээ энд чанарын асуудлууд яригддаг. Манайх бэлчээрийн мал аж ахуйтай, харин Орос улс нийлүүлэгдэж буй махны стандартад өндөр шаардлага  тавьдаг.

Оросын аль хэсгийг бид мах махан бүтээгдэхүүнээр хангах вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Манай улс махны нийлүүлэлтээс гадна хүнсний ногоо, тэр бүү хэл үр тариа нийлүүлэх боломжтой  гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй... гэх зэргээр ярилцлага өгсөн байна.

Энэ хэдхэн мөрийг хэлхэх гэж намайг ухантаж суух хооронд ОХУ-ын төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол оронд 2014 оны есдүгээр сарын 3-нд богино хугацааны ажлын айлчлал хийнэ.

Мөн түүнчлэн манай зарим хэвлэлд В.Путин Улаанбаатарт саатах хугацаандаа унах тусгай машин газардсан тухай мэдээ тавигдлаа. Энэ бол эрч хүчтэй, оргин буцалж байгаа өнөөгийн амьдралын нэгэн дүр төрх.

Уншигч Танд юу санагдаж байна? Бид тал бүрээс нь ултай суурьтай хандах гэж байна. Харин танайхан бидний хурдыг гүйцэхгүй байна шүү дээ гэж бидэнд харуулах гэсэн юм болов уу? Аль эсвэл танай төр засгийн өндөр албан тушаалтнууд санаа бодлоо нийлүүлж нэгтгэхгүй байна шүү дээ гээд байгаа юм болов уу? Юутай ч борог бичээч миний бие болсон явдал, бодол эргэцүүллийнхээ зах зухаас эрхэм уншигч Тантай хуваалцлаа.

Орчуулагч Н.Пүрэвдагва

Эх сурвалж: