sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Монголд болох худалдааны үзэсгэлэн худалдаанд оролцон 10 сая долларын бизнесийн гэрээ байгуулна гэж Малайзын Гадаад худалдааны хөгжлийн корпораци (Matrade) найдаж байна.

2014 оны есдүгээр сарын 11-15-нд болох “Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэн худалдаанд Малайзын 10 компанийг оролцуулах асуудлыг манайх зохицуулна гэж “Matrade”-ын Бизнес үйлчилгээ, барилгын материалын хэсгийн захирал Он Ю Чи мэдэгдлээ.

Хүнс, ундаа, ложистик, мэргэжлийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ арга хэмжээнд оролцох ажээ. “Боловсролын салбарт ихээхэн боломж бий учраас оролцогчдын нэгийг хувийн их сургууль байна гэж бид хүлээж байна” гэж тэрбээр хэлэв.

“Дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлал, зочид буудал, эрүүл мэнд, бэлэн хоол хүнс, эрчим хүч болон уул уурхай нь Монголд үйл ажиллагаа явуулахад боломжтой салбаруудын тоонд багтаж байна” гэж Он захирал хэлсэн юм. Түүний хэлснээр, Монгол руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 2009 оноос хойш жилд дунджаар 30 орчим хувиар өсчээ.

Энэ оны эхний хагаст Монголтой хийсэн Малайзын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 62 хувиар өсөн 65,4 сая ренгит, экспорт 60,8  хувиар нэмэгдэн 65 сая ренгит болсон байна. Харин энэ оны эхний зургаан сард Монголоос Малайз 1,4 сая ренгитийн бараа бүтээгдэхүүн импортолжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг