sonin.mn

Ардчилсан намын ахмад гишүүд болох А.Жасрай, Ч.Цэдэнсодном, Д.Эрдэнэцэцэг, Б.Цэрэнпагма нарын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

“Ардчилсан хувьсгал үндсэн замаасаа хазайж, 1937 оны хэлмэгдүүлэлт эхэллээ. Иргэд үг хэлэх эрхээ хасуулж, мөн хууль хяналтын байгууллага тэр дундаа Авлигатай тэмцэх газрыг хянах хяналтын системгүй дураараа авирлаж, хуучны нийгмийг аюулаас хамгаалах яам шиг ажиллаж хүний нэр төр, эрхэнд халдаж, ардчилсан замаас хазайлгаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим хөтөлбөрийг зогсоодог эрхтэй байгууллага болж хувираад байна.

Энэ нь хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг харлуулах, гутаах, унагах зорилготой нь холбоотой” гэж мэдэгдэв.

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн авто зам олноороо баригдаж, барилга байшингууд ч олноор сүндэрлэж байна. Ард иргэдийн амьдралд тустай “Нүүрс” хөтөлбөрийг ч үүнд хамааруулж болно.

Гэхдээ уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан албан тушаалтнуудыг АТГ-аас саатуулж хорьсноор хөтөлбөр хэрэгжихгүй болох нь гэсэн яриа ард иргэдийн дунд ихээр цацагдах боллоо. Нүүрсний үнэ өсөхгүй байхад уг хөтөлбөр үр дүнгээ өгч байсан. Ард иргэд рүү хандсан ийм хөтөлбөрийг зогсоож болохгүй гэлээ.

Засгийн газрынхаа хийсэн бүтээснийг харлуулдаг, хагалган бутаргах ажлыг хийж байгаа нь зохисгүй. Эе эвээ хичээж, алдаа дутагдал байгаа бол түүнийг нь ил цагаан хэлж, засч залруулах талыг илүү бодож ажиллах ёстой гэж байв.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг