sonin.mn
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу хөх тарианы талхны чанар, үйлдвэрлэлт болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импорт болон бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа байдлын талаар тандалт судалгаа хийжээ. Энэ талаар НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбатаас тодрууллаа.
 
-Судалгаанд хэдэн аж ахуйн нэгж хамрав?
 
-54 хүнсний үйлдэрт 274 түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулсан. Мөн нийтийн хоолны 64 цэгээс 30 орчим амтлагчыг шалгасан. Хүнсэнд хэрэглэж буй тарагны амт, өнгө, үнэр оруулагч цардуул, желатин, какао болон хиамны бэлэн жор, эсгэгч чанаржуулагч бялууны крем болон төрөл бүрийн чимэглэл, цэлцэгнүүр, шоколад зэрэгт 27 төрлийн будагч бодис, 7 төрлийн нөөшлөгч, 11 төрлийн эсэлдүүлэх бодис, 30 өтгөрүүлэгч, 5 хүчиллэг тохируулагч, 8 амт сайжруулагч, 1 чихэрлэг үүсгэгч, 8 төрлийн өнгө тогтворжуулагч байгаа гэдгийг тандалт судалгааны аргаар тогтоосон. Дээрх нэмэлт бүтээгдэхүүний дийлэнх хувь нь E123, 127, 952 төрлийн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис байна. Эдгээр бодисыг ОХУ, БНХАУ, АНУ зэрэг оронд хэрэглэхийг хориглосон байдаг.
 
-Тухайлбал?
 
- E123, 127, 952 төрлийн будагч бодис нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг, ургийн гаж хөгжил үүсгэх, амьсгалын замын эрхтэнийг цочроож багтраа өвчин үүсгэх магадлалтай.
 
-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг хэдэн аж ахуйн нэгж байна вэ?
 
-Манай үйлдвэрлэгчид Энэтхэг, ОХУ, АНУ, ХБНГУ зэрэг 10 гаруй улсаас 49 үйлдвэрлэгчид шууд буюу импортлогч аж ахуйн нэгжээр дамжуулан авч байна. Мөн БНХАУ-ын 18 компаниас 43 төрлийн нэмэлт бодис оруулж ирдэг юм байна. Үүнээс 23.2 хувь нь тухайн улсынхаа эрх бүхий байгууллагаас ХАСАБ-ын сертификат авсан байна. 32.5 хувь нь ISO нэвтрүүлсэн, 45.3 хувь нь БНХАУ-ын чанарын сертификаттай аж.
 
-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
 
-Монгол Улсын хүнсний аюулгүйн тухай хууль 2013 онд баталсан. Хууль хэрэгжээд жил гаруй болж байгаа боловч дагалдах зарим нэг журмыг боловсруулж, батлаагүйн улмаас байгууллагууд хууль зөрчих тохиолдол их байна. Тухайлбал, ҮХААЯ-наас хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг импортлох, албан ёсны бүртгэлд хамруулах тухай тодорхой журам гарах ёстой. Гэтэл өдийг хүртэл энэ журмыг гаргаж, батлуулаагүйн улмаас хүний биед сөрөг нөлөөтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гааль дээр бүрэн шалгалтад орохгүйгээр орж ирж байна. Түүнээс тодорхой аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоос илүү Монгол Улс хүнсний нэмэлт бүтээгдэхүүний тухай журмыг батлах шаардлагатай. Одоогоор хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа аж ахуйн нэгжид дээрх бодисоо хэрэглэхгүй байх шаардлага хүргүүлсэн. Удахгүй дахин хяналт, шалгат явуулна.
 
-Дээрх аж ахуйн нэгжүүдийг яагаад нийтэд зарлахгүй байна вэ?
 
-Эдгээр үйлдвэрүүд дотор үндэсний томоохон үйлдвэрлэгчид байгаа. Үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг МХЕГ болон НМХГ-ын төв лаборатори дээр шинжилгээнд хамруулсан. Шинжилгээнд орсон дээжүүд нь хүнд металь болон нян судлал, хөгц мөөгөнцөр, хор судлалын үзүүлэлтүүд нь зөвшөөрөх хэмжээнд байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад нь туслах, бүтээгдэхүүний нэр хүндийг унагахгүй байх зорилгоор нэрийг нууцалж байна. Дараагийн хяналт шалгалтын үеэр бидний өгсөн шаардлагыг биелүүлээгүй бол нэрийг олон нийтэд зарлах болно.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Цэрэнжамц
 
Эх сурвалж: "www.montsame.mn"