sonin.mn

“Евро-Азийн орнуудын Ерөнхий прокуроруудын зөвлөлдөх уулзалт 2014 оны 08-р сарын 26-28 ны өдрүүдэд ОХУ, Эрхүү хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө.

“Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаан дахь прокурорын үүрэг, улс орны дотоодын арга туршлага, олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт тус хуралдаанд  нийт 9 орны Ерөнхий Прокурорууд болон ОУ-ын Прокурорын Холбооны Ерөнхийлөгч Ярош Герхард, Европын Холбооны Прокуроруудын Зөвлөлийн Ерөнхийлөгч Мура Антонио нар оролцож

1. Хүн худалдаалах, цагаачлуулах гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын үүрэг, бүрэн эрх

2. Хар тамхи мансууруулах, мансууруулах бодисыг хууль бусаар худалдаалахын эсрэг прокурорын зйл ажиллагааг боловсронгуй болгох

3. Гэмт хэргийн шинж чанартай олсон мөнгийг ил болгоход прокурорын үүрэг зэрэг сэдвүүдээр санал солилцжээ.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн  Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав  хуралдааныг санаачлан зохион байгуулж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхий Прокурор газар болон Ерөнхий Прокурор эрхэмсэг ноён Ю.Я. Чайкад талархал илэрхийлээд өөрийн саналаа хэлсэн байна.

Тэрээр хэлсэн үгэндээ:    Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх, хүний худалдаа, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг илрүүлэх, хураах үйл ажиллагаа зөвхөн бүс нутгийн асуудал биш харин дэлхий нийт, олон улсын байгууллагын анхаарлын төвд орсон асуудал юм.

Монгол Улсад, албан тушаалаа ашигласан эдийн засгийн гэмт хэрэг, авлига, хээл хахууль, хар тамхи мансууруулах бодистой холбогдсон үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, нарийн арга хэлбэр, зохион байгуулалтай болж, хохирлын хэмжээ олон тэрбум төгрөгөөр тооцогдох болоод байна.

 Энэхүү сэтгэл зовоосон тулгамдсан асуудалд Улсын Ерөнхий Прокурорын газар онцгой анхаарал хандуулан тууштай ажиллаж байна.

Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын санаачлага үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар бүхий л талаар дэмжиж, идэвхтэй хамтран ажиллах болно.

Улс дамнасан хэрэгт гадны улсын эрх бүхий байгууллагууд идэвхтэй, шуурхай ханддаггүй байдал хэвээрээ байгаа нь хамгийн том бэрхшээл юм.

Энэ талаар олон улсын хурал, зөвлөгөөн дээр олигтой ярих боловч ямар нэг шийдэл, олон улсын чанартай зохицуулалт одоо хир байхгүй байна.

Иймд энэ талаар санал бодлоо солилцож, шаардлагатай бол сонирхож буй орнуудын прокурорын төлөөлөгчид оролцсон төсөл боловсруулах, зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулбал би дуртайяа оролцох болно.

Эсвэл гэмт хэрэгтэй тэмцэх аль нэг олон улсын байгууллагын дэргэд дээрх зохицуулан эрхлэх нэгж байгуулж болох юм. Жишээ нь: Авлига ….

Энэ бол энэ зөвлөгөөнд тавих манай гол санал юм. Энэ талаар ямар нэгэн шийдэлд хүрэхийг хүсч байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий Прокурорыг Д.Дорлигжавыг дагалдан Улсын Ерөнхий Прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан прокурор Г.Ганзориг, Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх “Сургалт судалгааны төв”-ийн хяналтын прокурор П.Халиун нар явлаа.