sonin.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсын Благоевград мужид суух Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Софи хотноо болов. Тус мужид суух Өргөмжит консулаар Эдийн засгийн ухааны доктор, БАЛКАН Консалт компанийн тэргүүн Пенчо Иванкин томилогдсон юм.

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн газрын захирал Ангел Обецов, Өргөмжит консул Пенчо Иванкин нар үг хэлж, Өргөмжит консулд түүний патент, тамга зэрэг шаардлагатай материалуудыг гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүсэв.

Өргөмжит консул Пенчо Иванкин нь Болгар Улсын Благоевград мужид ажиллах Монгол Улсын анхны Өргөмжит консул бөгөөд тэр бээр тус мужид ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол-Болгар хоорондын  бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсыг Болгар Улсад сурталчлах ажилд  өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлэв.

Өргөмжит консулын газрын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржав, Зөвлөх Д.Ганболд, Гуравдугаар нарийн бичгийн дарга А.Амартүвшин, Болгар Улсын Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн газрын захирал Ангел Обецов, тус газрын Зүүн өмнөд азийн хэлтсийн дарга Краснодар Колев, Өргөмжит консул Пенчо Иванкин болон Болгар Улсын төр, засгийн байгууллагын холбогдох албаны хүмүүс, бизнесийн салбарын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.