sonin.mn

БЗД-ийн 92-р сургуулийн багш, сурагчид 2014-2015 оны хичээлийн шинэ жилээ Засгийн газрын тэргүүний хамт нээлээ.

Анх 1991 онд байгуулагдаж байсан тус сургууль өнгөрсөн жил хичээлийн шинэ байртай болж, одоо хоёр байранд 1700 гаруй хүүхэд суралцаж байна. Эднийх Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авъяас” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж буй сургуулиудын нэг. 1000 гаруй  суралцагч нь 16 төрлийн секц дугуйланд хичээлийн бус цагаар хичээллэж, урлаг спортын олон амжилт гаргажээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтийнх нь үеэр Ерөнхий сайд тус сургуулиас төрөн гарч буй алдартан, залгамж халаа үеийн төлөөлөлд баяр хүргэлээ. Ази тивийн аварга шалгаруулах олон улсын шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд өчигдөр эх орондоо ирсэн 10г ангийн сурагч Б.Гарьдмагнай, 2014 оны ЭЕШ-д 800 оноо аван МУИС-д элссэн тус сургуулийн төгсөгч Ц.Буянжаргал, 2014-2015 оны хичээлийн жилд эрдмийн их өргөөгөөр алхан орж байгаа 1г ангийн сурагч Г.Буянхишиг нар Засгийн газрын тэргүүнээс дурсгалын бэлэг гардсан юм.

“Сургууль бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын ажлын нэг том талбар. 92-р сургуулийнхан ийм хамтын ажиллагааны үлгэр жишээ сургууль байна. Эцэг эхчүүдийн оролцоо санаачилгаар сургуулийн орчноо цэцэрлэгжүүлж тохижуулсан, хүүхдэд нь ямар авъяас байгааг нээж илрүүлэх, хөгжүүлэхийн төлөө хамтын хүчээр зүтгэж байгаа зэрэг нь бахархалтай байна” гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Онц авахын төлөө биш өөрийгөө хөгүүлэхийн төлөө, тэр дундаа нийгэмд зөв харилцагч болохын төлөө ном их уншиж, хөдөлмөр сайн хийгээрэй гэж сурагчдад захилаа. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсэн суралцана.

Энэ нь ойрын 20 жилд гараагүй өндөр үзүүлэлт учраас төрөөс бага боловсролын системд онцгойлон анхаарч, 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ гэж БШУЯ–ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.