sonin.mn

ВАШИНГТОН. /Voice of Russia/. Иракт явуулж буй Америкийн цэргийн ажиллагааны нэг өдрийн зардал дунджаар 7,5 сая доллар болж байна гэж Пентагон мэдэгдлээ.

“Иракт явуулж байгаа цэргийн ажиллагааны нэг өдрийн зардал яг одоогоор 7,5 сая орчим доллар байна” гэж Пентагоны хэвлэл, мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жон Кирби хэлэв.

Өнгөрсөн долдугаар сарын 26-наас хойш Иракт АНУ-ын 775 цэргийг байрлуулахыг Ерөнхийлөгч Обама зөвшөөрсөн юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн байдлаар, Багдад орчимд болон Эрбиль хот дахь хамтарсан ажиллагааны төвд АНУ-ын 768 цэрэг байжээ.

Наймдугаар сарын 8-наас хойш сөнөөгч нисэх онгоц, байлдааны нисдэг тэрэг, бөмбөгдөгч болон зэвсэглэсэн, нисгэгчгүй нисэх онгоцуудаар Иракт АНУ-ын арми наад зах нь 106 удаа агаараас цохилт өгсөн байна.

Мөн наймдугаар сарын эхээр Синжар уулын бүсэд хоргодсон иракчуудад хүнс, ус болон эм тариаг агаараас тараах хүмүүнлэгийн ажиллагааг АНУ-ын арми явуулсаар байгаа юм. АНУ-ын ачааны нисэх онгоцууд 108 баглаа тусламжийг хэдийн хаяжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг