sonin.mn

Өмнө өгүүлсэн номын өөр нэг маш сонирхолтой зүйлийг (параграф) толилуулж байна. Энд Оросын ардчилагчид эдийн засгаараа яаж тоглож, улс орноо хэрхэн сөнөөсөн талаар маш ойлгомжтой өгүүлсэн юм. Манайтай яг адил үйл явдал учраас Монголтой шууд дүйцүүлэн ойлгоход нэг их эндүүрэл болохгүй гэж бодож байна. Орос орон “бүдүүлэг залуусаас” салаад удаж байгаа нэг л ялгаа байгаа байх…

Оросын анхны Ерөнхийлөгч эдийн засгийг босгох талаар хэзээ ч оролдож байгаагүй юм. Ельцин цаг ямагт хэн нэгэнтэй байлдаж байв. Эхлээд Горбачев болон түүний дагалдагсадтай. Дараа нь Хасбулатов, Руцкой хоёртой. Дараа нь коммунистууд, губернаторууд, мэрүүд, саяхны хамтран зүтгэгч нартайгаа тасралтгүй дайтав, тэр дайснуудыг тогтмол төрүүлж байв.
Гэхдээ анхны Ерөнхийлөгч архитай хамгийн хатуу “тэмцсэн” юм. Тэр архийг хязгааргүй хэмжээгээр устгаж байв. Засаглалын эхний жилүүддээ Ельцин бараг өдөр болгон ууж байв. Өглөө шууд ууж эхлээд Кремльд согтуу ирдэг байв. Орой нь хөдөлж чадахаа байсан түүнийг гэрт нь Коржаков хүргэж өгдөг байлаа.


Ингэхээр эдийн засаг хаа нь байхийм…


Ельцин хүн гайхмаар боловсрол муутай хүн байлаа. Ном ерөөсөө уншдаггүй гэж ярьдаг байсан юм. Театрт бол зөвхөн протоколын дагуу л очно. Шинжлэх ухааныг гадарлаж ч байгаагүй.
Эдийн засгийн шинэчлэлийн тухай түүний төсөөлөл шидэт савааны тухай хүүхдийн итгэлтэй төстэй байлаа. Дургүй хүргэсэн Горбачевийн дарлалаас салаад авбал амьдралын түлхүүр гэнэт онгойж, жимсэн эрэгтэй сүүн гол урсана.
Ельцин сунжирсан олон жилийн тэмцэлд бэлтгэж байтал түүнд эрх мэдэл хэтэрхий амархан олдов. Гэхдээ Горбачев тоо томшгүй алдаа, илт тэнэглэл, тасралтгүй чалчаа яриагаараа өөрөө өөрийгөө устгасан юм. Чухам үүнд л анхны ерөнхийлөгчийн гай зовлон байсан юм.
Эрх мэдэл аваад ардчилагчид зүгээр л түүгээрээ юу хийхээ мэдэхгүй байсан юм. Ельцинд зүтгүүлчих тулхтай эдийн засгийн номлол үзээд өгье гэсэн ч байхгүй байв. Түүний бүх бодлого байгаа дэглэмийг шүүмжлэхэд шүүмжлэхэд л оршиж байлаа. Гэхдээ шүүмжлэх нэг хэрэг, ажиллах бол огт өөр хэрэг байлаа.


Ельцин Борис Николаевич (1931-2007) Оросын Холбооны Улсын анхны Ерөнхийлөгч. Москвад түүний хөшөөг барихаар шийдвэл Борис Николаевичийг танкан дээр дүрслэх хэрэгтэй нь мэдээжийн хэрэг. Үүнийг Лениний хуягт тэргэн дээр байгаа муу зүйлтэй хутгах хэрэггүй. Өчигдрийн намын аппаратчин Ельцин 1991 оны 8 дугаар сард хуягт техник дээр гарахдаа хэнийг хожим санахыг сайхан харуулсан юм. Тэр зарим талаар ленинч ёсоор ажилласан юм: гарам ч мэдэхгүй ус руу орж, эргэж хөрвөж, төөрөлдөж байсан, түүний эдийн засгийн бодлого эмх замбараагүй, олон түмнийг бөөнөөр нь гуйранчлалд хүргэсэн юм.


Үүний нотолгоо олон. Жишээ нь тэр үеийн нэрт ардчилагчийн нэг, хожим Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон Сергей Филатов: “Ельцинд Оросыг хувирган өөрчлөх өөрийн гэсэн хөтөлбөр байгаагүй” гэсэн үгийг хэлсэн.
Ерөнхийлөгчийн өөр нэг хамтрагч Михаил Полторанин үүнийг залган авч:”Ельцинд хэзээ ч өөрийн гэсэн санаа байгаагүй. Бүс хоорондын Депутатуудын Бүлэг дээр түүнийг ирснийг санаж байна, анх хэлсэн үг нь намын боссын хэвшмэл үг байлаа. Тэр нь олон хүнд таалагдаагүй. Тэнд чинь Попов байлаа, эдийн засагч, толгойтой эр шүү дээ. Афанасьев, Пальм, Бочаров бүгдээрээ байлаа. Ельцин угаадаг резин шиг бүгдийг нь сорж аваад, дараа нь эдгээр санаагаар үгээ хэлдэг байлаа. Түүний хөтөлбөр бол цэвэр бидний ажил байсан юм. Юра Афанасьев түүнтэй ажиллаж байв. Гавриил Попов, бас би тусалж байв. Гэхдээ бусдын юм бол бусдын л юм шүү дээ, зохидоггүй юм. Өнөөдөр толгойд сууна, харин маргааш бол өөрийгөө явцуу болгож эхлээд, хийсээд алга болчихдог юм…” гэсэн байдаг.
Өчигдрийн “Правда” сонины хэлтсийн эрхлэгч байсан Гайдар шиг тийм хүн зөвхөн Ельциний дэргэд л бий болж чадах юм, түүнийг Ерөнхийлөгчтэй танилцуулахаар шууд банны өрөөнд дагуулж ирсэн бөгөөд ерөнхийлөгч түүний макро эдийн засгийн лекцээс тун бага зүйл ойлгосон юм, гэхдээ эелдэг бус гэж үзэгдэхээс айж зөвшөөрөн урьжээ.
Тэр үед оросын төр засагт үйлчлэх саналаа эдийн засгийн Нобелийн шагналт, орос гаралт, паспортоороо америк Василий Леонтьев бас тавьсан юм.


Леонтьев Василий Васильевич (1905-1999) нэрт эдийн засагч, салбар хоорондын анализын онолыг бүтээгч. 1931 оноос Америкт амьдарч шинэ эх орондоо идэвхитэй тусалсан. Эконометрийн нийгэмлэгийн болон Америкийн эдийн засгийн Холбооны Ерөнхийлөгч байсан, Эдийн засгийн анализын Институтыг үндэслэгч. “Зардал-гаргалт” аргыг хөгжүүлсний төлөө 1973 онд Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн. Хэд хэдэн нэр хүндтэй шагналын эзэн, түүний дотор францын хүндэт легионы одон, японы “Мандах нар” дээд одонг хүртсэн. Эдийн засгийн олон үзэгдлийг түүний нэрээр нэрлэсэн, тухайлбал, Леонтьевын загвар, Леонтьевын парадокс гэх мэт.
Леонтьев далбаат спорт сонирхдог байсан, ийм учраас шавь нартаа эдийн засаг бол далайд хөвж яваа онгоцтой адил гэж тайлбарлах дуртай байжээ. “Ажил хэрэг сайн байхын тулд салхи хэрэгтэй, энэ бол сонирхох явдал юм. Жолоо бол төрийн зохицуулалт” гэж тэр хэлсэн.


Гэтэл Ельцин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндээс өвөөгийнхөө номонд гардаг Муужавтай төстэй ном ярьсан Гайдарыг илүүд үзэв. Муужав (Плохишка) бол түүний өвөөгийн номын баатар юм. Цус нь гоожиж буй өвчтөнийг нэрд гарсан мэс заслын эмчид биш, бичиг үсэг хальт гадарлах бариачийн мэдэлд өгсөнтэй адил юм болов. (Дашрамд дурдахад Гайдар бол манай халзан Д.Ганболдын дээд сургуулийн нэг ангийн анд юм- Х.Д.Г.)
Шинэчлэгчдийн хийтэй засгийн газар Орос орноор юу хийсэн нь ухаан санаанд багтахгүй. Энэ хүүхдүүд улс орныг асар том туршилтын талбар гэж ойлгов.
Шинэ сайд нарын дийлэнхи олонхи нь нэг ч өдөр үйлдвэрлэлд ажиллаж үзээгүй, асар том гүрэн яаж амьдардгийг ойлгоогүй, мэдэхгүй, Сочигоос цааш явж үзээгүй хүмүүс байлаа. Гайдарын засгийн газрын 35 гишүүний хорь нь дээд сургуулийн багш, дунд гарын эрдэм шинжилгээний ажилтан, хэвшмэл онолчийг дуурайгчид байлаа. Эдийн засгийн бүх бүлэг нь дан лабораторийн эрхлэгч, доцентуудаар бүрдэж байв.

Тэд 1992 оны улсын төсвийг эргүүлж уншиж ч чадахгүй байв, ийм байхад юу ярих билээ !
Эдийн засгийн салбарын Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Колумбийн Их Сургуулийн профессор Жозеф Стиглец энэ багийг үнэлж:
“Тэдний эдийн засгийг үзэх үзэл бодол нь эдийн засгийн өсөлтийн хурдцыг өсгөх хамгийн явцуу зорилтыг ч шийдвэрлэж чадахааргүй их гажигтай, үзэл суртлын хувьд асар их гажсан байсан юм. Үүний оронд тэд эдийн засгийн цэвэр уналтад хүрсэн билээ. Үүнийг түүхийн ямар ч бичилтээр өөрчилж чадахгүй…Сүүлийн зуун жилийн эдийн засгийн агуу их туршилтын нэг нь сэтгэл уналт болж солигдсон билээ.” гэсэн юм.


Гайдарын эхэлсэн анхны юм нь тойрог либералчлал байв. Улс орон шинэ жилийн архинаасаа гарч ч чадаагүй байхад 1 дүгээр сарын 2-нд сул тавьсан үнэ сансарт гарав. Сарын эхэн гэхэд үнэ 352 % (дунджаар !) өсөв. Жилийн эцэст зайлшгүй хэрэгцээт барааны үнэ хэдэн арав дахин: өндөг 1900 %, саван 3100 %, тамхи 3600 %, талх 4300 %, сүү 4800 % өсөв. Гэтэл хүн амын орлого хоёр дахин буурч, хадгаламжийн дэвтэр дэх хадгаламж хөх дөл гарган шатав. Сталины үед ч гэсэн 1947 оны мөнгөний шинэчлэлийг рублийг 1:10-ын харьцаагаар хийж, Хадгаламжийн кассанд иргэдийн хадгаламжийг нэг нэгийн харьцаагаар үнэлж байсан юм. Дансандаа 3 мянга хүртэл хуучин рубльтэй байсан бүх хүмүүс мөнгөө бүрэн бүтэн авч үлдсэн билээ. Үүнээс илүү байсанд нь ялгавартай хандсан 3-аас 10 мянгын хадгаламжтай нь гуравны нэгийг, 10 мянгаас дээш нь тэн хагасыг нь олж авсан. Гэхдээ л 10 дахин биш ! Тэр үе чинь дайн дөнгөж дуусаад улс орон балгас дунд байсан үе шүү дээ…
Хэрэв үнэ бууж, 1992 оны намар гэхэд “эдийн засаг тогтворжиж, хүмүүсийн амьдрал аажмаар сайжрах” явдал болдоггүй юм бол төмөр зам дээр хэвтэх хэрэгтэй. Ельциний ам тангаргаа өгсөн амлалтыг бодоход энэ бол доромжлол байсан юм.


Хожим Ельцин “Ерөнхийлөгчийн тэмдэглэлдээ” бичихдээ шинэчлэлийн мөн чанарт онцгой оролгүй, засгийг газартаа бүрэн итгэсэн тулдаа амлачихсан юм гэж юу болоогүй юм шиг бичсэн юм. “Туршлагагүй улс төрч Гайдар ойрын үед тогтворжино гэж амлаад байсан юм. Хүссэн ч эс хүссэн ч би дагаж хэлэхэд хүрсэн билээ” гэж тэр бичсэн юм.
Тийм ээ, хомсдол болон дараалал ялсан юм. Гэхдээ түүнээс болж амьдрал сайхан болсонгүй. Баяраар элбэг дэлбэг болдог дэлгүүрээс ялгаатай нь энд тэндгүй үржсэн арилжааны мухлагаас юу ч авч болохооргүй болов. Коммунистуудын үед ч гэсэн наад зах нь хэн ч юу ч авч болохгүй ийм арчаагүй байгаагүй билээ.
Гайдар мөнгөгүй зах зээл бүтээж байгаагаа хармагцаа “өмчтөний анги” бүрдүүлэхээр бас л улайран дайрав.


Түүний бэлтгэсэн чөлөөт худалдааны тухай зарлиг гарсны дараа бүх орон пионерээсээ эхлээд тэтгэврийнхэн хүртлээ бизнес рүү хуйлрав. Одоо бол хүн болгонд хаа дуртай газраа юу дуртай юмаа худалдахыг зөвшөөрөв. Оросын хотуудын төв талбай гудамжууд тэр дороо эмх замбараагүй худалдааны газар болон хувирав. Хүмүүс дэлгүүр рүү дайрч гартаа тааралдсан болгоныг авч гудамжинд зарах болов, зарим өвгөчүүдэд энэ нь амьдрах цорын ганц арга болсон юм, яагаад гэвэл тэдний тэтгэвэр арваад талханд л хүрэх байлаа.
Либералчлал дээр нэгэн зэрэг өмч хувьчлал нэмэгдэв.
Үнэн хэрэгтээ Гайдар, Чубайс нарын “хүүхдүүдэд” бусад орнуудад олон удаа туршиж шалгасан сонгодог өмч хувьчлалтай төстэй зүйл юу ч байсангүй.

Тэдгээр орнуудад өмч хувьчлалын үйл явц хэдэн арван жил үргэлжилж, төр нь өмчөөсөө аль болох их ашиг олж байсан юм. (жишээлбэл, Англид 80 жил, Венгерт 10 жил) Харин манайд бол тэс авч байгаа юм.
Гайдар, Чубайсын өмч хувьчлал бол бараг өмчийг улсын болгосон явдал (коллективизация) байсан юм. “Манай зорилго бол Орост капитализм байгуулах явдал мөн, чингэхдээ бусад орнуудад зуун жил зарцуулсан нормыг биелүүлэхийн тулд хэдхэн гавшгай жил зарцуулах хэрэгтэй” гэж Чубайс коммунист ёсны баяр жавхлантайгаар мэдэгдэж байлаа.
Чубайс Анатолий Борисович (1955) Янз бүрийн байдлаар Оросын бүх эдийн засгийн сайд. (Төрийн өмчийн Хороо, Сангийн яам), Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, РАО “ЕЭС” буюу Оросын эрчим хүчний нэгдсэн системийн дарга, алдарт өмч хувьчлалыг санаачлагчдын нэг.
Ард түмний зүгээс үзэн ядахын хэмжээгээр түүнтэй зэрэгцэх хүн байхгүй, Зурабов ч түүнийг нулимж зүрхлэхгүй. Чубайс бага байхдаа сургуулийнхаа “Цасан хатан” жүжигт шидтэний рольд тоглож байсан гэж ярьдаг. Хүүхдүүд түүнд дургүй, байнга зоддог байсан гэдэг. Үүнээс болоод бүх юм эхэлсэн бололтой…


Юуг яаж худалдах нь гол биш, хамгийн гол нь энэ нь өөрөө үйл явц байлаа. Чубайс дасгалын төлөвлөгөө хүртэл боловсруулсан юм. Жилийн дотор 70 мянган үйлдвэрийн газрыг хувьчлах, нэг ч фабрик дутаахгүй байхыг тэр шаардав. Жишээлбэл, бүс нутгуудад районы бүхий л соёлын ордон, клубуудыг хувьчилж, оронд нь дэлгүүр, супермаркетууд бий болгохыг шаргуу “зөвлөмж” болгов. Бурхны авралаар губернаторуудын олонхи; үүнийг хийхгүй байх ухаан хүрсэн юм; ингээгүй бол өнөөдөр Орост нэг ч тосгон үлдэхгүй байхсан билээ.
Хэрэв ваучерийн бодит өртгөөр (10 мянган рубль) үнэлэх юм бол Оросын бүх эдийн засгийг шинэчлэгчид 100 миллиард доллараар үнэлсэн юм. Гэхдээ энэ цаас маш хурдан үнэгүйдсэн болохоор (эцэстээ тэр нь шил архины үнэтэй болсон) асар том орны олон мянган үйлдвэрийн газрууд 1-2-хон миллиард “ногоон” “хүрсэн” болж таарч байна. Зах зээлийг харьцуулж үзэхэд жижигхэн Мексикийн хувьцаа гэхэд л тэр үед 150 миллиард $ болж байсан юм.
Үүнийг утгагүй гэхээс өөрөөр нэрлэхийн аргагүй. Улс орны бүх юмыг шинэ, либералжуулсан үнээр зарж байлаа. Харин завод, уурхайнуудыг зөвлөлтийн үеийн үнээр зарж байв. Үүний урвуугаар байсан бол зүй зохистой (шударга !) байх байсан билээ.


Хожим нь Гайдар: “Ваучер бол нийгэм-сэтгэл зүйнхээс өөр ямар ч ач холбогдол байгаагүй”, “Суртал нэвтрүүлгийн хүчин зүйл фантастик ач холбогдолтой” гэдгийг ухамсарласан бөгөөд Чубайс ч үүнийг баталсан юм. Тэдний хамтрагч, ирээдүйн эдийн засгийн сайд Евгений Ясин нэг удаа ил хэлэхдээ нэг ваучерээр хоёр “Волга” авч болно гэсэн Чубайсын алдарт амлалт бол “цэвэр суртал нэвтрүүлгийн зорилт байсан”, яагаад гэвэл “шударга хувьчлал хэзээ ч байдаггүй” гэсэн юм.
Ийм ичгүүргүй логикоор золиосоо хувхай хоосолсон луйварчин үүнийгээ дараа нь дээд урлаг гэж ичих нүүргүй тайлбарласан бөлгөө: би халаасандаа шаариг нуулаа, тэгээд мэдэгдэлгүй ханцуйнаасаа гаргалаа…
Өмч хувьчлалын эхний жилүүдэд улсын өмчийн тэн хагасыг үнэгүй зарсан юм. Хожим нь Сангийн Газар (Счетная Палата) энэ үйл явцаар улсын 145 мянган (!) үйлдвэрийн газрыг 10 миллиард доллараар зарсан байна гэдгийг шинжилж гаргасан юм. Энэ нь 279 үйлдвэрээ зарсан Латин Америкаас яг 9 дахин бага аж.
Ямрав дээ ?! 90 миллиардаар 9 мянгыг. 10 миллиардаар 145 мянгыг.
“ЗиЛ” заводыг бүх дэд бүтэцтэй нь хамт 4 саяар хувьд өгчээ.
Челябинскийн тракторын заводыг 2,2 саяар.
Дэлхийн машин бүтээх Төв “Уралмаш”-ыг 3 сая 720 мянгаар.
Бүх Газпромыг олон мянган километр хоолойнх нь хамтаар инээд хүрмээр 250 саяар үнэлсэн байна. Өнөөдөр Москвагийн төвд байгаа олон өрөөтэй ганц (!) шинэ байр ийм үнэтэй байгаа.
Ваучер бол чөлөөт эдийн засагт орох билет мөн гэж Чубайс Ельцинтэй хамт өндөр дуугаар амлалт өгсөн хэдий ч дийлэнхи олонхи маань түүнийг шидийг үзэж чадаагүй юм.
Одоо Чубайсын амласан “Волга”-тай хамт манан дунд уусч алга болсон, зохиогч нь үл мэдэгдэх манай унаган ваучер хаа байна. Манай найз, танил, төрөл төрөгсдийн хэн нь ч түүнээс мэдэгдэм ашиг тус хүртэж чадаагүй.
Ваучер цуглуулахаар тусгайлан байгуулсан чекийн хөрөнгө оруулалтын 600 сангийн дийлэнхи олонхи нь ул мөр ч үлдээлгүй хагаран алга болсон.
Хэн энэ билетээр чинь тэр ид шидтэй орон Эльдародо, тэр чөлөөт эдийн засагт чинь очсон юм ? гэж хэн асуусан юм. Хариулт нь амархан л даа.
“Бидэнд хэдхэн саятан биш, сая сая өмчтөн хэрэгтэй” гэж 1992 онд Ельцин сайхан санаагаар дуу алдаж билээ. Үнэндээ бол өмч хувьчлал чухамхүү энэ цөөнхийн эрх ашгийн төлөө төлөө явагдсан билээ. Эсрэгээр бол эхнээсээ олон эдийн засагчдын санал болгож байснаар ваучерийг нэргүй биш, харин нэр зааж явуулах ёстой байсан юм.
Төрийн өмчийн Хорооны анхны дарга Михаил Малей жишээлбэл, төр иргэн бүртээ банкинд хувьчлалын нэрийн данс нээх ёстой, тэгвэл хүн мөнгөө хаанаас авч байгаа нь шууд тодорхой болно, хувьчлалын бүх явц ил тод болно гэж үзэж байв. 1991 онд Дээд Зөвлөлийн гаргасан хуулинд яг ингэж зааж өгсөн юм. Тэр хууль “Зөвлөлт Холбоот Орос Улс дахь өмч хувьчлалын нэрийн данс хийгээд хувийн тухай” нэртэй байлаа.
Малей ч, депутатууд ч ил тод байдал шинэчлэгчдэд огт хэрэггүй гэдэг гол зүйлийг ойлгоогүй байсан юм. Ийм болоод бууж өгдөггүй Малейг маш хурдан Чубайсаар солив. Хуулийг нулимав. Сэргэлэн наймаачид үнэгүй болсон чекийг шуудай шуудайгаар авахаар дайрцгаав. Каха Бендукидзе хожим нь “Уралмаш”-ын анхны багцыг машины хоёр багааж дүүрэн ваучерээр олж авснаа гайхуулан ярьсан байдаг юм.
Бендукидзе Каха Автандилович (1956) Оросын бизнесмен, гүржийн улс төрч. Бизнест шинжлэх ухаанаас орж ирсэн. Өмч хувьчлалын үнэ хаялцуулах худалдаанд “Уралмаш”-ын хувьцааг худалдаж авсан, хожим “Машин бүтээх нэгдсэн заводууд” нэгдэл байгуулсан. 2004 онд түүхэн эх орон Гүрждээ очсон. Эдийн засгийн хөгжлийн сайд, Шинэчлэлийг зохицуулах сайд байсан, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрыг тэргүүлж байсан.
1990-ээд оны эхээр хэн халааснаасаа хоёр гурван сая ногоон шууд гаргаад ирэх бэнчинтэй байсан нь сонирхолтой ? Үнэнч шударга хоршооллогч уу ? Үгүй дээ, тэд ийм их мөнгө нүдэндээ ч хараагүй. Академикууд уу ? Соёлын зүтгэлтнүүд үү ? Тэд халаасаа тэмтэрч байсан. Тэр үед дундаж цалин 22 “бакс” байсан.
Ийм их мөнгийг тэр үед зөвхөн хоршооллогчдыг рэкетлэж, татаж босож ирсэн, хүчээ авсан зөвхөн цехийнхэн, нууц саятнууд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд л гаргаж чадах байв. Зөвхөн тэдэнд л хувьчлал хүч хүрэх ажил байсан юм.
Бусад хүн ам бол амьдралын шинэ эзэд яаж баяжихыг, тэдний чамирхах, казинодохыг хажуунаас нь харах л үлдсэн байв. Тэдэнд үлдсэн сохор зоосыг хэт инфляци идэж байлаа. Жилийн дотор рубль долларын харьцаа 2,5 дахин унаж: 170-аас 415 рубль болов.
1992 оны зун гэхэд Орост төлбөрийн чадваргүйн хямрал болов. Үнийн хэмжээ хязгааргүй хөөрөгдлөөс болоод мянга мянган үйлдвэрүүд алдагдлаа нөхөж чадахгүй болжээ. “Батлан хамгаалах” ч бас зогсов: тэд ахин улсын захиалга авахаа больж, пуужингийн оронд хоолны сав, данх зэргийг хийж, энэ нь ч тэр болгонд олдохгүй болов. Бүх улс орон даяар хүмүүст цалин өгөхөө болив. Сибирь, Алс Дорнод хамгийн их хэцүүдэв. Бүхэл бүтэн хотууд дулаан, цахилгаангүй болов.
Өмнө нь улсын сан татвар, өөрийн үйлдвэрлэл, экспортоос бүрддэг байлаа. Одоо бол хэн ч татвар төлөхгүй болж, ДНБ 19% унаж, нефть, хий, металл, нүүрсийг хилийн чанадад хөгийн үнээр зардаг болов.
Гайдар гадаад худалдааны монополийг халахдаа яагаад ч юм экспортын хяналт тогтоох, гаалийн татвар оруулахаа мартсан байлаа. Наймаачид үүнийг баяртайгаар ашигласан нь мэдээж юм. Одоо бол валютын багтаамж ихтэй бүтээгдэхүүнүүд энд тэндгүй өмнөхөөсөө 3-4 дахин хямд үнээр Баруун руу гарах болов. Жишээлбэл, Магнитка гэхэд гангаа тонныг нь өчигдөрхөн 100 доллараар зарж байснаа одоо бол 20-30 доллараар зарах болов.
Лангууг зүгээр л нээдэг болов: ган (нефть, мазут, нүүрсийг) шууд худалдан авагчид биш, харин энэхүү худалдагчдын гадаадад байгуулсан зальтай дамжуулагч фирмүүдээр дамжин очих болов. Учир нь үнийн ялгаа хилийн чанадад, голдуу татвар төлдөггүй оффшор бүсэд үүсэх болжээ.
Нефтийн бүх экспорт бүгдээрээ зөвхөн оффшороор дамжих болов. Энэ лангууг зөвхөн Путины үед л хаасан юм.
Засгийн Газар ахиад л эдийн засгийг нэг бус удаа хөнөөсөн авралт сүрлээ шүүрэх гэж зөвлөлтийн үеийн хэвлэлийн машиныг залгав.
Төсөвт мөнгө хүрэлцэхгүй байна уу ? Зүгээр ээ, хэвлээд байя…
1992 оны дунд гэхэд мөнгөн масс 7 дахин ихсэв. Гэхдээ үнэ өссөөр л байлаа. Оросын рубль анхны ерөнхийлөгчийн том амнаас өөр юугаар ч баталгаажаагүй, түүнд итгэх хүн олдохгүй байлаа.
Гайдарын шинэчлэлийн эхний жилд л Оросоос 17 миллиард долларын түүхий эд, материал, банкны шилжүүлэг гээд зөөн гаргажээ. Либерал гурван жилийн эдийн засгийн алдагдал 3,5 триллион доллар болов.
Гайдарын засгийн газрын Гадаад эдийн засгийн сайд Сергей Глазьев: “Шинэчлэлийн жилүүдэд улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн түвшингөөрөө хэдэн арван жил хойш хаягдсан, зарим үзүүлэлтээр хувьсгалаас өмнөх үед хүрсэн нь баримт юм. Харж болох үед, тэр ч байтугай гитлерийн түрэмгийллийн сүйрлийн дараа ч гэсэн эх орны эдийн засгийн бараг бүх салбарт үйлдвэрлэлийн түвшинд ийм үргэлжилсэн, удаан уналт гарч байгаагүй” гэж тэмдэглэсэн байдаг.
Энэ бүхний үр дагавар удаан хүлээлгээгүй юм.
Дайны дараа анх удаа Оросын хүн ам 700 мянган хүнээр буурав. Дараа нь 1993 онд улс оронд нэг сая хүн дутав. Эрэгтэйчүүдийн үхлийн түвшин 53%, эмэгтэйчүүдийнх 27% нэмэгдэв. Энэ бол жам ёсных нь. Одоо бол жил тутам гэмт хэргийн улмаас 30 мянган хүн үхэж, нэмээд 40 мянган хүн ор сураггүй алга болох болов. Зөвхөн Москвад гэхэд л аллага 8 дахин өсөв.
Өнөөдөр ажиллаж буй засаг төрийг шүүмжилж буй хүмүүс энэ бурангуй цагийг үе үе санаж байвал муугүй л байхсан…
Ельцин Гайдарын засгийн газрыг арга буюу огцруулснаар энэ бүхэн дуусахчаа болсон. Хоёр жилийн дараа энэ гамшгийн кабинет өөрөө өөрийгөө “бүдүүлэг залуучууд” гэж нэрлэсэн юм.
Дашрамд хэлэхэд өгүүлэгдэхүүний байрыг сольчихсон юм…


Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг


Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?