sonin.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг нар Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Режеп Тайип Эрдоанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлэх ёслолд оролцов.

Туркийн Ерөнхийлөгчийн Чанкаяа ордонд болсон уг ёслол дээр халаагаа өгч буй Ерөнхийлөгч А.Гүл, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар ард түмэндээ болон зочид, төлөөлөгчдөд хандаж үг хэллээ.

Ёслолын дараах хүлээн авалтын үеэр сайд Д.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзаж баяр хүргэв.

90 гаруй улсын төр, засгийн болон парламентын тэргүүн, Гадаад хэргийн сайд, төрийн сайд нар оролцсон ёслолын ажиллагааны үеэр сайд Д.Бат-Эрдэнэ Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев, Катарын Эмир Тамим Бин Хамад Ал-Тани, ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин, БН Киргиз Улсын парламентын дарга А.Жеенбеков, БН Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жэмил Чичек, БН Беларусь Улсын Ерөнхий сайд М.Мясникович, БН Тажикстан Улсын Ерөнхий сайд К.Расулзода, БН Турк Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа Гадаад хэргийн сайд А.Давутолу, БН Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ, БН Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд А.Камилов, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн сайд Мохамед Жавад Зариф, Өмнөд Суданы Гадаад хэргийн сайд Б.Бенжамин, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гүйцэтгэх захирал Гонг Жуанвей нартай мэндчилж, товч ярилцлаа.

Тэрээр мөн Туркийн Батлан хамгаалахын сайд Исмет Ылмазтай уулзаж, ирэх 9 дүгээр сард Монгол Улсад түүний хийх айлчлалын талаар ярилцав.

Түүнчлэн сайд Д.Бат-Эрдэнэ 8 дугаар сарын 28-ны өдөр БНТУ-ын Ерөнхий сайдын орлогч, Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Бүлент Арынчтай уулзаж, хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөн хөгжүүлэх талаар болон 2013 оны 3 дугаар сард Анкара хотод болсон хамтарсан хорооны 7 дугаар хуралдааны протоколын хэрэгжилтийн байдлыг дүгнэж, цаашид хийх ажлын талаар санал солилцов.

Тус улсын Засгийн газраас олгохоор шийдсэн 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийг авч ашиглах, малын арьс, шир боловсруулах салбарт Туркийн хөрөнгө оруулалт, технологийг оруулах, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг сайд Д.Бат-Эрдэнэ хэлээд тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Туркийн Ерөнхий сайдын орлогч Б.Арынч БНТУ-ын шинэ Ерөнхийлөгчид бүрэн эрх шилжүүлэх ёслолд оролцохоор ирсэн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон бие төлөөлөгчөө илгээсэн Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр хоёр улсын эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны дээр дурдсан чиглэлүүдээр хийх ажлыг эрчимжүүлэх, үүний тулд хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран ажиллах, харилцан үүрэг, хариуцлага хүлээх явдлыг дэмжих, Эдийн засгийн хөгжлийн яамдын уулзалт зохион байгуулах хэрэгтэйг цохон тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар оролцов.