sonin.mn

Монгол Ардын нам дотоод эв нэгдлээ бэхжүүлэх, ажлын шуурхай чанарыг хангах, намын гишүүд дэмжигчид, шат шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж эхлээд байна.

Төвийн бүсийн аймгуудын МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод боллоо. Зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн намын хороо, намын дэргэдэх НАМЭХ, НАМОХ, Ахмадын холбоо, Стратеги академийн төлөөлөл 300 гаруй хүн оролцов.

“Нэг зорилго, нэг баг” уриан дор болсон уг зөвлөгөөнөөр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдөж, шинэ санаа, ажлын арга барилаасаа бие биетэйгэй хуваалцах юм” гэдгийг бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат нээлтийнхээ үгэнд онцоллоо.

Түүнчлэн тэрээр “МАН-аас зохион байгуулсан шинэ бүсчлэлтээр Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр гэсэн төвийн долоон аймаг нэгдэн анхны зөвлөгөөнөө хийж байгаа нь энэ юм. Цаашид аймаг бүрийн онцлогыг шингээн зохион байгуулах нь зүйтэй” гэсэн саналыг хэлж байв.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын шинэчлэл, эв нэгдлийн  27 дугаар их хурлаас хойшхи есөн сарын хугацаанд хийсэн ажлаа дүгнэж хэлсэн үгэндээ “МАН гэх энэ их айл дотооддоо чиглэсэн ажлыг нэлээдгүй хийж, 27 дугаар их хурлынхаа бодлого, шийдвэр, зорилтыг биелүүлж чадлаа. Тухайлбал, 21 аймгийг хоёр удаа тойрч, сүүлийн хоёр сарын хугацаанд 120 гаруй сумын үйл ажиллагаанд оролцож, аймаг бүхэнд намын удирдах ажилтны зөвлөгөөн, өдгөө бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж байгаа”-г онцлов.

Аймгийн төлөөлүүд, орон нутгийнхаа онцлог болон тулгамдсан асуудлуудын талаар ярилцав. Тухайлбал, Сэлэнгэ аймагт ирж суурьших иргэдийн тоо жилээс жилд өсч байгаа. 2008 онд 98 мянган хүн амтай байсан Сэлэнгэ аймагт өдгөө 105 мянган хүн оршин суудаг.

Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, жимс, ногооны аж ахуйгаас гадна зөгийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн Засгийн хэрэгжүүлж буй ажлаас гадна гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлд амжилттай ажиллаж БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд Хятадын Харбин мужийн Хайт групптэй тусгайлан гэрээ байгуулж сүүний үйлдвэр байгуулах төсөл дээр ажиллаж эхэлсэн. Энэ нь МАН-аас явуулж буй бодлого үйл ажиллагаа, удирдлагуудын хамтын ажиллагааны үр дүн” гэдгийг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэллээ.

Орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт багассан энэ хүнд үед Сэлэнгэчүүд хөдөлмөр гэх ганц брэндийнхээ хүчинд оны эхнээс өнөөдрийг хүртэл улсад төвлөрүүлэх татварын орлогыг 115 хувиар давуулан биелүүлж чаджээ. Баруун бүсийн МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн ирэх сарын дундуур болно.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг