sonin.mn

КИЕВ. /Reuters/. Оросын хүчнийхэн манай улсад нэвтэрсэн гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдлээ. Тэрбээр Туркт хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалж байгаагаа мэдэгдэхийн сацуу аюулгүйн зөвлөлийн уулзалт хийхийг уриалсан юм.

Оросын цэргүүд зүүн нутгийн Донецк муж руу халдан довтолсонтой холбоотойгоор Амвросиевка хот болон хилийн бусад хот сууринд байдал хурцдаж байна гэж Порошенко хэлэв.

Украины аюулгүйн болон батлан хамгаалах зөвлөлийн мэдэгдсэнээр, Оросын цэргүүд болон Оросыг дэмжигч босогчдын нэгдсэн бригад Хар тэнгисийн Новоазовск хотыг хяналтдаа авчээ.

Энэ оны дөрөвдүгээр сард зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Оросын 3-4 мянган цэрэг салан тусгаарлах үзэлтнүүдтэй сайн дураараа нэгдсэн тухай Донецкийн босогчдын толгойлогч Александр Захарченко ярьсан байна.

Украины хилийг зөрчиж байна гэж байдал хурцдаж байгаатай холбоотойгоор ОХУ-ыг Украин болон Өрнөдийн улсууд шүүмжлэх нь нэмэгдэж магадгүй.

Порошенко энэ мягмар гарагт Беларусийн нийслэл Минск хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай анхны уулзалтаа хийсэн юм. Тэд гал зогсоох хэлэлцээр байгуулахын тулд хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр зөвшилцсөн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг