sonin.mn
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлал болж байна. УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд БНХАУ-ын даргын айлчлалыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монгол Улс сүүлийн жилүүдэд хоёр хөрштэйгөө эдийн засгийн хамтын ажил­лагаагаа хөгжүүлж ирсэн ч төрийн бодлогын хүрээнд учир дутагдалтай явж ирсэн. Бид байгаа боломжуудаа ашиглаж чадахгүй, ялан­гуяа ОХУ-тай харилцах хамтын ажиллагаа нэлээд суларсан. Төрийн өндөр түвшний харилцаа ч хяз­гаарлагдмал болсон. 
 
Үүндээ бид Монгол Улсын төрийн бодлогын түвшинд дүгнэлт хийж, хоёр хөрштэйгөө бүх талын хамтын ажилагааг өргөжүүлэх, эдийн зас­гийн хөгжлийн хамтын ажил­лагааг өргөжүүлэх чиг­лэлийн бодлогыг эр­чимтэй явууллаа. 
 
Төрийн тэргүүнүүдийн айлчлалыг зохион бай­гуулахын тулд маш урт хугацаанд, өргөн цар хү­рээтэй ажлуудыг хий­дэг. БНХАУ-ын даргын айлчлалын тухайд энэ оны өмнө болон дараа нь Зас­­гийн газар хооронд бо­лон яам­дын хооронд маш шаргуу үйл ажиллагаа­нуудыг зохион байгуулсан. 
 
БНХАУ-ын дарга энэ албыг хүлээн авснаас хойш дэлхий дахинд, түүний дотор БНХАУ хөрш улс орнуудтайгаа энх тайвнаар зэрэгцэн орших, тусгаар тогтнолыг нь хүндэтгэх, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг нь хангах, дотоод асуудалд нь орохгүй байх тухай дэлхий нийтэд ач холбогдолтой мэдэгдэл хийлээ.
 
Энэ бол зөвхөн Монгол Улстай холбоотой асуудал биш. БНХАУ хил залгаа орнууд болон дэлхийн бусад улсад хандан энх тайван ч бодлого явуулах тухайгаа хэлсэн. Энэ нь тус улсын гадаад бодлогын тулгуур зарчмуудын нэг гэж ойлгож байгаа. Мэдээж энэ удаагийн айлчлалд сэтгэл хангалуун байгаа.
 
Гэхдээ бодлогыг хэрэгжүүлж ажиллана гэдэг том асуудал.  Нутаг дэвсгэр хийгээд газрын баялаг ихтэй, цөөхөн хүн амтай ард түмэн эрчимтэй хөгжихөд БНХАУ хамтаръя, Монголыг түүхий эдийн бааз мэт байдаг асуудлыг цэгцэлье гэх зэрэг асуудлуудад хариулт өгсөн учраас сэтгэл хангалуун байхаас аргагүй.
 
Мэдээж бид цаашид Монгол Улсын өөрийн төрийн хар хайрцагны бодлого, аюулгүй байдал, гадаад бодлогын томоохон асуудлууд дээрээ анхаарал хандуулан ажиллах ёстой. 
 
-Ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал болно. Үүнээс ч гэсэн монголчууд нааштай үр дүн хүлээж байгаа байх. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 
-Монгол Улсын харилцааг дэлхийн томоохон улсууд болон хоёр хөрштэйгөө улам эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр өнөөдрийн төр, засгийн удирдлагууд нэлээд амжилттай ажиллаж байна гэж бодож байгаа. Хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд маш их бэлтгэл ажил хийсэн. 
 
Тухайлбал, өнгөрсөн онд УИХ-ын парламентын бүлэг ОХУ-д айлчилж, тухайн үед ОХУ-ын Төрийн Думын дэд дарга, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга гэх мэтчилэн олон хүнтэй уулзлаа. Ер нь сүүлийн жилүүдэд болоогүй өргөн хэмжээний уулзалтыг зохион байгуулж, энэ удаагийн айлчлалын талаар ярилцсан. 
 
Европын болон Украины нөхцөл байдалтай холбогдоод ОХУ Ази руу хандах нээлттэй бодлогуудаа явуулж эхэлж байна. Энэ бол Азийн улс орнууд, тэр дундаа манай улсад маш их ач холбогдолтой. Бид нефтийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас 100 хувь хараат байдлаар хангаж байна.
 
Мөн ард иргэдийн хувьд ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь чанартай гэдэг утгаараа эрэлттэй байх жишээтэй шүү дээ. Тиймээс бид ОХУ-тай томоохон хэмжээний стратегийн түншлэлийг өрнүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг тус улсын бизнес, эдийн засгийн салбарынхантай хөгжүүлэх шаардлагатай. 
 
Ерөнхийлөгч Путиний айлчлалаас асар их зүйл хүлээж байна. Бид олон жил ярьсан ч тойроод өнгөрчихсөн хийн хоолойн асуудлыг ярих хэрэгтэй. Мөн Монголын байгалийн болон борооны ус Байгаль нуурт цутгадаг. Гэтэл Монгол Улс хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь өмнөд хөршөөс хангаж, хараат байдалтай болчихсон байна.
 
Тиймээс хүнс, хүнсний ногооны хангамжийг шийдэх асуудлыг ОХУ-тай ярилцан шийдвэрлэх ёстой. Сэлэнгэ мөрөн гэх зэрэг газруудад цахилгаан станцууд барьж, эрчим хүчээр хангах гэхчилэн олон асуудлыг харилцан ашигтай, хамтран шийдэх хэрэгтэй. 
 
-Одоо бол ямар ч айлчлалаас харилцан ашигтай, хамтран ажиллах гэдэг үгийг сонсдог болжээ? 
-Бид хуучин шиг тусламж, бэлэг авдаг ард түмэн биш. Асар их баялагтай, хөдөлмөрч, төрт ёсны 800, 2000 жилийн түүхтэй учраас гадаад бодлогын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх боломжтой. 
 
Путин ерөнхийлөгч бол хуучны Брежнев дарга шиг бэлэг өгөх гэж ирэхгүй нь ойлгомжтой. Хоёр улсын уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж ажиллах бололцоотой. Энэ чиглэлээр шат дараалсан олон арга хэмжээг авч байгаа. 
 
Сүүлийн үед ОХУ манай төр, засагтай харилцах холбоо нь нэлээд хөндий байсныг бид үгүйсгэхгүй. Дээр хэлсэнчлэн Украиныг тойрсон нөхцөл байдлуудаас шалтгаалаад ОХУ уламжлалт түнштэйгээ хуучин халуун дотно хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээ сунгана гэдэгт итгэлтэй байна. Тиймээс манай төр, засгийг төлөөлж гэрээ хэлэлцээ хийх хүмүүс нь аливаа асуудалд олон ургальч үзлээр хандах байх. 
 
Бид сая хятадаар дамжих транзит тээврийг тус улсын өөрийнх нь тарифаар хийхээр болсон шүү дээ. Тэгвэл ОХУ-ын хувьд манай төмөр замын 51 хувийг эзэмшдэг учраас үүнээс дутуугүй хөнгөлөлт, нөхцөл үзүүлэх болов уу. 
 
Хийн хоолойн асуудлыг л харахад тухайн хоёр улс ганц хоолой тавиад зогсохгүй шүү дээ. БНХАУ-ын гол үйлдвэрүүд манай хилээс 700-1000 км-ийн цаана байдаг учраас тэдгээр лүү хийн хоолой тавих ажлууд ч яригдах байх. Нэгтгээд хэлэхэд, Монгол Улс гадаад бодлогын хувьд сүүлийн жилүүдэд амжилт олсон. 
 
-“Ходоод хагарав ч тогоон дотроо” гэгчээр томоохон хэмжээний айлчлалуудын үеэр дотоодын улстөр нам гүм байна. Засгийн газрыг чичлээд л, унагачих гээд байсан нь саяхан. Гэтэл эв эеийг хичээе гээд уриалга гаргаж, нам гүмийг “оллоо”. Ёстой л шинэ халатаа өмсч, ширээнийхээ бүтээлгийг сольж тавих шив?
-Дотоод бодлогын хувьд хүндрэлтэй асуудлууд бий. Бидний цөөхөн монголчууд дотоод, гадаад аль бодлого дээрээ ойлголцож, эвтэй байх ёстой. Зоригтой хэлж, зоримог шийдвэр гаргах ёстой. Монголын улстөрийн намууд засгийн эрхийг авах, олонх болохын тулд ард олныг хиймлээр хувааж, зөрчилдүүлж байна.
 
Үнэн хэрэгтээ улстөр болон үзэл бодлын ашиг сонирхлын зөрчил огт алга. Нэг нам нь коммунизм байгуулах гээд, нөгөө нь капитализм рүү зүтгээд байгаа юм биш.  Ингэж засгийн эрхийг авахын төлөө ард иргэдийг хиймлээр зөрчилдүүлэх нь улс орныг сүйрүүлдэг, газар нутгаа алдаж, тусгаар тогтнолоо аюулд оруулдаг юм байна гэдгийг Украйны туршлага бэлхнээ харууллаа.
 
Тиймээс бид үүнд дүгнэлт хиймээр байна. Улстөрийн намууд авлига, хээл хахууль, эрх мэдэл, албан тушаалд эзэн суух гэсэн бохир явдлын цөм болчихсон шүү дээ. Монгол хүн л юм бол үүнийг бодитоор хэлэх ёстой. Түүнээс биш хэн нэгэнд саймширч, нөгөөтэй нь хамтарч засаг барьж байгаадаа бөөрөнхийлөөд суугаад байж болохгүй.
 
Өөрөөр хэлбэл, улстөржилтийг багасгах хэрэгтэй. Үүний тулд Үндсэн хууль, Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах нь чухал. 
 
Ингэснээр улстөрийн амуудыг гишүүнчлэлээс салгах нь зөв. Өөр арга ч байхгүй. Монголчуудыг талцуулчихаад олигархи бүлэглэл мөнхөд засгийн эрхэнд сууж байж таарахгүй. Бүх асуудалд улстөржсөн байдлаар хандахаа болих ёстой. 
 
-Бүх асуудал гэдэгт үндсэндээ шинээр санаачилсан хуулийн төслүүд ч багтаж байгаа. Тухайлбал, Өршөөлийн тухай хуулийн төсөл. Гишүүдийн санаачилсан болон Засгийн газраас өргөн барьсан гээд хоёр ч төсөл бий. Уг нь таны санаачилсан хуулийн төсөл өдийд хэрэгжчихсэн байх ёстой байсан байх аа?
-Би энэ талаар маш олон удаа байр сууриа илэрхийлсэн. Бидний төслөөс гадна Засгийн газар хуулийн төсөл боловсруулаад оруулаад ирсэн. Гэтэл нөгөө төслийн маань ганц, хоёрхон үгийг өөрчлөөд, хуулчихсан байна лээ. Намрын чуулганаар хэлэлцэж таарах байх.
 
Гэхдээ Өршөөлийн хуулийг намрын чуулганаар хэрэгжүүлнэ гэдэг маш хүнд. Хуулийн дагуу 3000 хоригдол чөлөөлөгдөхөд тэдний ажил алба, нийгмийн асуудал зэргээс эхлээд бэрхшээл их бий. 
 
Урин дулаан цагт тэднийг чөлөөлчихсөн бол хэд хэдэн хорих байгууллага хоосорч, цахилгаан, дулаанаас эхлээд эдийн засгийн хэмнэлт гарах л байсан. Гэтэл өнөөдөр тэдгээр байгууллага өвлийн бэлтгэлээ хангаад эхэлчихсэн. Үл ойлголцлоос шалтгаалж энэ мэт асуудал урган гарсаар байгаа. Аливаа асуудлаас улстөрийн ашиг хонжоо хайхаа зогсоох хэрэгтэй. 
 
-Улстөржилтөөс болж таны санаачилсан хуулийг гацаасан гэж та хэлэх гээд байна уу. Өршөөлийн хуулийн сураг эхнээсээ л Н.Энхбаяртай холбоотой гэх хардлагыг дагуулсан шүү дээ?
-Ядарсан улстөр байнга л байдаг. Энэ хуулийн төсөл Энхбаяртай ямар ч холбоогүй. Хельсинкийн гэрээ, Европын хамтын ажиллагааны гэрээний дараа социалист орнуудын иргэдийн аманд хүний эрх гэдэг үг орж ирсэн. 
 
Коммунист орос оронд хүний эрхийг хамгаалах Москва-Хельсинкийн групп гэж байгуулагдсан. Би тэнд оюутан байсан бөгөөд Улаанбаатарт ирчихээд тийм групп байгуулахыг мөрөөдөж байлаа. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг би 30 жилийн өмнөөс судалсан, ийм болгохсон гэж хүсч, мөрөөдөж ирсэн юм.
 
Аливаа нийгэмд тухайн хүн гудамжинд амьдардаг байсан ч эрхээ эдлэх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр эрхээ хасуулж, төрийн хамгаалалтад хоригдож байгаа хүмүүс яагаад амиа алдаад байгаа хэрэг вэ. Эдгээрээс үүдэн би Х.Тэмүүжин сайдад асуулга тавихаар бэлдэж байна. 
 
-Хоёр төслийн ялгаа нь юу байна. Та судалж харсан биз дээ?
-Захиргааны зөрчлийн асуудал оруулсан байна. Хохирол төлүүлэх тухай асуудлыг хассан байсан. 99.9 хувь нь бидний оюуны өмч шүү дээ, уг нь. 
 
Ж.Нарангэрэл
 
Эх сурвалж: