sonin.mn
Манай сонин хугацаат цэргийн албан хаагчдыг дээд газрын зөв­шөөрөлгүйгээр барилга дээр ажил­луулж, хөдөлмөрийнх нь хөлсийг ангийн захирагч нь халаа­салдаг талаар баримтад тул­гуурласан “Цэргүүд боо­лын хөдөлмөр эрхэлсээр байх уу, сайд аа” материалыг энэ оны наймдугаар сарын 22-ны баасан гарагийн ду­гаартаа нийтэлсэн билээ. 
 
Дээрх нийтлэлийнхээ үр­гэлжлэл болгож, Төв айм­гийн Сэргэлэн суман дахь Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр хуга­цаат цэргийн албан хаагч­дыг барилга дээр ажил­луулсан тухай мэдээллийг хүргэж байна. 
 
ЗХЖШ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газ­рын орлогч дарга, хурандаа Г.Баярсайхан өнгөрсөн Улсын их баяр наадмаар ажил үүргийн хуваарийнхаа дагуу бригадын генерал Л.Онцгойбаяр захи­рагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн цэрэг, түрүүч нарыг бүртгэж үзэхэд тус ангийн 40 байлдагч ангидаа байгаагүй байсан байна. 
 
Монгол Улсын Ерөнхий­лөгчийн зарлигаар Улсын баяр наадмаар тав хоног амрах болсон эл өдрүүдэд хугацаат цэргийн албан хаагчид ангийнхаа байранд амарч байх учиртай байтал тэд ор сураггүй байжээ. Хаачив гэх асуу­дал тус ангид гэнэтийн шалгалтаар очсон ЗХЖШ-ын ХШҮГ-ын орлогч дарга, хурандаа Г.Баярсайханы анхаарлыг татсан нь дам­жиггүй. 
 
Тиймээс тухайн өдөр ангийн эргүүлийн үүрэг гүй­цэт­гэгч, хариуцлагатай албан тушаалтнаас 40 цэр­гийг нэ­хэхэд “Ангийн за­хирагчийн ту­шаалаар Улаанбаатар хотод, Наран­туул захаас холгүйхэн ба­рилга дээр ажиллаж байгаа. Хоол хүнстэйгээ явсан” гэх мэдээллийг өгсөн гэнэ.
 
Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, бригадын ге­нерал Л.Онцгойбаяр нь дээд байгууллагын зөв­шөөрөлгүйгээр хугацаат цэр­гийн албан хаагч­­дыг барилга дээр ажиллуулж, тэдний аж­лын хөлсийг хувьдаа завшдаг байсан нь ганц удаагийн тохиол­дол биш бололтой. 
 
Тус ангийн офицер, ахлагч нар нь “Ангийн захирагч, бри­гадын генерал Л.Онцгойбаяр өнгөрсөн оноос ЗХЖШ-аас зөв­шөөрөл авал­­гүйгээр барилга дээр цэрэг ажиллуулах бол­сон. Түү­нийхээ хөлсөнд авсан үйлчилгээ явуулах зөв­шөөрөл бүхий объек­тоо дэслэгч генерал Ц.Бямба­жавт найр тавьж өгсөн сураг сонсогдсон.
 
Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Саяхан БНСУ-д хүүхдээ эмчилчлүүлж байгаад ир­сэн. Жирийн офицер, ахлагч нар Солонгос явж хүүхдээ эмчлүүлэх нь бүү хэл Найрамдал зусланд амраах мөнгө нь олдохгүй юм. 
 
Энхийг сахиулах ажил­лагаанд явж ирээд л өөртөө L-470 жийп, эхнэртээ Hilander дунд гарын жийп машин худалдаж аваад, шинэ байранд нүүж орсон гэж дуулдана лээ” хэмээн Жан­жин штабынхаа эрх мэдэл бүхий албан ту­шаалтанд хов болгон сонир­хуулж ярьсан гэнэ. 
 
Ангидаа байгаагүй тэр 40 цэрэг Нүхтийн аманд баригдаж буй Хуримын ордны барилга дээр ажил­лаж байсан ЗХ-ний 013 дугаар ангийн цэргүүдийн адил аль нэг барилга дээр боолын хөдөлмөр эрхэлж байв уу.
 
Тэдний хөдөлмөр өдрийн хөлс 016 дугаар ангийн данс руу орсон эсэхийг ЗХЖШ-аас асуу­маар байна. Энэ талаар холбогдох байгууллагууд нь шалгаж үнэн мөнийг тогтоох буй за. 
 
Нөгөөтэйгүүр, Зэвсэгт хүчний жанжин штабын ирээдүйн дарга хэмээн сэрүүн зүүдэлж яваа бригадын генералын ангид цэрэг цэргээ зодон эрэмдэг болгосон маш ноцтой хэрэг гарчээ.
 
Энэ тухай тодруулах аваас нийс­лэлийн Баянзүрх дүүр­гээс хуга­цаат цэргийн албанд татагдан ирсэн байлдагч Д.Өнөболдыг хал цэрэг буюу өнгөрсөн 2013 оны намар татагдан ирсэн цэргүүд бүлэг­лэн зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан байна. Байлдагч Д.Өнөболд тархины гэмт­лийн улмаас цэр­гийн ал­баа үргэлжлүүлэн хаах чад­варгүй болсон төдийгүй үе үе ухаан алдаж унадаг болсон талаар ар гэрийнхэн нь хэлж байгаа юм.
 
“Ээжээ хүү нь цэрэгт явж хатуужил суугаад ирнэ ээ” хэмээгээд үеийн нөхдийн хамт цэрэгт явсан хүүгээ сэтгэл санааны дарамт эдлээд зогсохгүй Цэргийн төв эм­нэлгийн эмч нарын комиссын дүгнэлтээр “Гэмтлийн урхагт тархи­ны гэмтэл” гэсэн оноштойгоор цагаасаа өмнө халагдаад ирэх юм гэж мэдсэн бол юу боллоо гэж цэрэгт явуулах билээ.
 
Цэрэгт дарамт гэдэг зүйл үгүй болсон хэмээн мэдээллийн хэрэгслээр сурталчилаад бай­сан чинь худлаа юм байна гээд нулимсаа арчин суух ээж өнөөдөр бригадын ге­не­ралаас Д.Өнөболд хүү­гийнхээ эрүүл мэндийг нэхэмжилнэ гэж байна лээ. 
 
Энэ тухай мэдээллийг Зэвсэгт хүчний удирдлагууд “Манайд тийм зүйл болоогүй, худлаа мэдээлэл” гэх байх даа.
 
Ч.Ууланнуга
 
Эх сурвалж: