sonin.mn

Монгол- ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр  ҮХААЯ-нд боллоо.

Анхдугаар хуралдаанаар хил дамнасан мал амьтаны халдварт өвчин бууруулах зорилгоор мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОХУ-д мах нийлүүлэх, тус улсаас сайн чанарын үр авч газар тариаланд ашиглах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болжээ.

Энэ үеэр ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга В.А.Николайвич, “Хөдөө аж ахуйн салбар дахь ОХУ болон Монгол Улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай улс өндөр ач холбогдол өгч байгаа. Бидний харилцаа олон жилийн түүхтэй. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлууд болон цаашид хамтран ажиллах олон салбарт найрсаг харилцаагаа төгөлдөржүүлэх явдал юм.

Манай яамны зүгээс Монгол Улсын ҮХААЯ-нд Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2014 оны үзэсгэлэн яармагт оролцох урилга өгсөн. Ажлын хэсгийн хэлэлцсэн асуудлуудын үр дүн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх айлчлалд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Европын холбооны эсрэг авсан эдийн засгийн хоригийн улмаас манай хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжинө гэж бодож байна” гэлээ.

Анхдугаар хурлын үеэр ҮХААЯ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Ишээс зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр хөдөө аж ахуй (ХАА) салбарт хамтран ажиллах санамж бичиг, гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн үү?
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ХАА-н салбарт худалдаа чөлөөтэй болгох, боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг ОХУ-д нийлүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн протокольд гарын үсэг зурна.

-ОХУ руу бүтээгдэхүүн экспортолход  ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-ОХУ бүтээгдэхүүн имортоор оруулж ирж байгаа аж ахуйн нэгжүүдэд квот олгодог. Зөвхөн манай улстай гэлтгүй бусад орноос бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүд нь энэхүү квотыг авахад их хүндрэлтэй байдаг юм билээ.

Манай улстай хил залгаа байгаа аж ахуйн нэгжүүдэд квот олгох бололцоо нээх зорилго тавин ажиллаж байна. Мөн манай улсын аж ахуйн нэгжүүд ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлохын тулд сертификат авах ёстой. Тухайлбал, манай мах боловсруулах 11 үйлдвэр сертификат авахаар ажиллаж байгаа.

-ОХУ-ын импортын бүтээгдэхүүний гаалийн татвар өндөр учраас  улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг гэдгийг үйлдвэрлэгчид хэлдэг. Гаалийн татварыг бууруулах чиглэлээр хэлэлцэх үү?
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус улсад нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнийг татваргүй болгох талаар ярилцана.

-ОХУ-аас мах авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд махны хэрэгцээг нь хангах боломж манай улсад бий юу?
-Мах, махан бүтээгдэхүүн стратегийн хүнс учраас нэн тэргүүнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасны дараа гадаад улсад нийлүүлэх талаар ярих ёстой. Тиймээс махны экспортын асуудлыг Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын зөвлөл (ХАБЗ) шийддэг.

Малын тоо толгой өсч, дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой учраас бид аж ахуйн нэгжүүдээс мах экспортлох хүсэлтийг нь авч байгаа. Энэхүү хүсэлтүүдийг ХАБЗ-д хүргүүлнэ.

-Энэ хавар манай улсад мал амьтны гоц халдварч шүлхий, боом өвчин гарсны улмаас мах экспортонд гаргах боломж хязгаарлагдсан. Энэ талаар?
-Зөвхөн ОХУ гэхгүйгээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага анхаарал хандуулан ажилладаг. Монгол Улс мал амьтны өвчин гарсан тохиолдолд тус байгууллагад яаралтай мэдэгддэг. Мал, амьтны өвчин гарсан тохиолдолд эрүүл мэндийн чиглэлээр авах арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлснээр мах, махан бүтээгдэхүүн импортолх эрхтэй болно.

Энэ жил гарсан мал, амьтны гоц халдварт өвчин зогсонги байдалд орсон. Сүхбаатар аймгийн нэг суманд шүлхий өвчин гарахад Монгол Улс гадагшаа мах гаргах ямар ч боломжгүй болдог байсан. Үүнээс гарах шаардлагатай. Баруун бүсэд шүлхий өвчний тохиолдол гардаггүй.

Тиймээс энэ бүсийг эрүүл, вакцингүй бүс болгохоор зорин ажиллаж байна. Эрүүл бүс болгосноор зүүн бүсэд мал амьтны өвчин гарахад Монгол улс бүхэлдээ хорионд орохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрүүл бүс буюу  баруун бүсээс мах экспортлох боломжтой болно гэсэн үг.

-ОХУ-д мах, махан бүтээгдэхүүнээс өөр ямар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ?
-Өнгөрсөн жил ОХУ үерийн улмаас тариалангаа алдсан. Үүнтэй холбоотой Дархан, Сэлэнгэ болон Төв аймгаас төмс нийлүүлсэн. Цаашид ОХУ-аас сайн чанарын үр авч газар тариаланд ашигласнаар улаанбуудай экспортлох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хангасны эцэст улаанбуудай экспортлох талаар ярина.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн Европын холбооны эсрэг эдийн засгийн хориг тавьснаас болж Европын холбооноос Монгол Улс руу нийлүүлдэг зарим бүтээгдэхүүн ОХУ-аар дамжин өнгөрөх боломжгүй болсон гэсэн?
-Латви улсын гахайн фермүүдээс Монгол Улсад нийлүүлэх гэж байсан гахайн өөх ОХУ-ын хил дээр гацсан байна. Тиймээс өнөөдрийн хурал дээр ОХУ-аар дамжин өнгөрөх асуудлыг ярилцсан. ОХУ-ын зүгээс тус улсын нутаг дэвсгэрт буулгахгүйгээр Европоос Монголд нийлүүлнэ гэдгээ нотлох хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Бид энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд хичээн ажиллаж байна.

-Мал эмнэлгийн салбарт хэрхэн хамтран ажиллах вэ?
Мал эмнэлгийн салбарт бид олон жил хамтран ажилласан туршлагатай. Тухайлбал 2011 онд ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжаар “Малыг эрүүлжүүлэх арга хэмжээ” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ арга хэмжээнд ОХУ-аас  375 сая рублийн тусламж үзүүлсэн.

Энэ хөрөнгөөр 10 сая малыг 2 жилийн хугацаанд жилд 2 удаа тарих вакцин нийлүүлсэн. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Шүлхий, боом өвчинтэй тэмцэж, Монголын малыг эрүүлжүүлснээр ОХУ мал худалдан авах боломж бүрдэнэ.

Ч.Ариунболд | Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг