sonin.mn

МОСКВА. /NHK/. Би болоод манай хүмүүс Украинаас зүүн нутгийн мужуудыг салгаж, тусгаар тогтнуулна гэдгээ тангараглаж байна гэж Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийн удирдагч хэллээ.

Донецк мужийн салан тусгаарлах үзэлтнүүдийн удирдагч Денис Пушилин Москва хотод өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ, байлдааны ажиллагаанд олон оршин суугч амь үрэгдсэн учир зүүн нутгийн мужууд Украины мэдэлд удаан байхгүй гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар Беларусийн нийслэл Минск хотноо анх удаа тусгайлан хэлэлцээ хийснээс нэг хоногийн дараа тэрбээр ингэж мэдэгдлээ. Хоёр Ерөнхийлөгч хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр зөвшилцсөн ч Украины хямралтай холбоотой санал зөрөлдөөнөө багасгаж чадаагүй юм.

Пушилиний хэлснээр, Киев дэх Украины Засгийн газар ОХУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр зөвшилцсөний дараа ч салан тусгаарлах үзэлтнүүдийг дарахаар цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Украины зүүн нутгийн мужуудад одоогоор салан тусгаарлах үзэлтнүүдийн хоёр байгууллага байгаа ажээ. Бие даасан улс байгуулахын тулд энэ хоёр байгууллага “Новороссия” буюу “Шинэ Орос” нэрийн дор нэгдэнэ гэж салан тусгаарлах үзэлтнүүд мэдэгдсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг