sonin.mn

МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ жил мөрдөх сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг шинэчлэн тогтоожээ.

Ингэхдээ мэргэжил болон ангиар нь ялгаварлан өсгөсөн байна. Ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутан 1.4 орчим сая төгрөг, шинээр элсэгчид кредит цагаасаа хамаараад дунджаар 1.6 -2.1 сая төгрөг төлөх юм. Энэ талаар тус сургуулийн захирал А.Галтбаяраас тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд МУИС-ийн сургалтын төлбөр хэд болов?
-МУИС-ийн төлбөр инфляцийн түвшинд 13, 7 хувиар нэмэгдсэн. Энэ жилийн зорилт бол сургалтын орчин, чанарт хамгийн их анхаарал хандуулж байна. Мөн сургалтын орчинд хөрөнгө оруулалт нэмэгдсэн.  

-Тэгвэл дотуур байрны төлбөрийн хувьд ямар байгаа вэ?
-Манай сургууль дотуур байранд жилд 1500 орчим оюутан хүлээн авдаг. Өнгөрсөн жилээс нэг өрөөнд дөрвөөс илүүгүй оюутан байх ёстой гэсэн журам гаргасан. Өмнө нь олон оюутан амьдардаг  байсан. Дотуур байранд улсын хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийсэн.

Тухайлбал, цонх, дээврийг засч,оюутнуудын амьдрах  тохитой нөхцлийг бүрдүүлж өгсөн. Төлбөрийн хувьд жилийн төлбөр 350 мянга байсан бол энэ жил 400 мянган төгрөг болсон. Энэ нь бусад сургуулийн дотуур байрны төлбөртэй харьцуулбал хамгийн бага байгаа.

-МУИС сургалтын төлбөрөөс гадна бүртгэлийн хураамж 200 мянган төгрөг хураадаг. Энэ хэвээрээ юу?
-МУИС одоогоос гурван жилийн өмнө өөрийн сургалтын төлбөр гэдэг ойлголтыг  өөрчилсөн. Суурь хураамж, кредит төлбөр гэсэн хоёр хэсгээс бүрддэг.  Үүнийг Удирдах зөвлөлөөр батлаад гурван жил болж байна. Энэ хураамж өөрчлөгдөөгүй, 200 мянган төгрөг хэвээрээ байгаа.

Суурь хураамж гэдэгт номын сан, мэдээллийн технологийн үйлчилгээ зэрэг оюутны үндсэн үйлчилгээнд орж байгаа төлбөр. Кредит гэдэг бол хичээл заахад авч байгаа төлбөр.

-Өнгөрсөн хичээлийн жил дуусах үеэр  танай сургуулийн багш,  оюутнууд жагсаал хийсэн. Энэ асуудлаа цэгцэлж чадсан уу?
-Оюутнуудын хувьд шинэчлэлт өөрчлөлтөөс үл хамаарсан. Харин өмнөх жилүүд буюу 2010-2011 оны хичээлийн жилийн төлбөртэй холбоотой асуудал байсан. Тэгвэл одоогийн ажиллаж байгаа захиргаатай холбоогүй асуудал. Үүнийг Удирдах зөвлөлөөр шийдсэн. Багш нарын хувьд бүтцийн өөрчлөлт хийж байгаа.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг